Categories
мэдээ нийгэм

Эрүүл эсэх нь тодорхойгүй багш ажилтнууд хүүхдүүдэд үйлчилснээс халдварт өвчин тархаах эрсдэлийг үүсгэж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хүүхдийн эрх – Аюулгүй байдал” аяны хүрээнд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах урьдчилан сэргийлэх шалгалтад 252 сургууль, 90 дотуур байр, 385 цэцэрлэг, долоон их, дээд сургууль, найман Мэргэжил сургалт үйлдвэрийн төв, 30 хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг аж ахуйн нэгж зэрэг 772 газрыг хамруулсан байна.

Эрүүл мэндийн сайдын баталсан А/145 дугаар тушаалаар сургууль, цэцэрлэгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой албан хаагчид хичээл, сургууль эхлэхээс 30 хоногийн өмнө үзлэг шинжилгээнд орох ёстой. Гэтэл хичээл эхлэх үе, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдтэй зэрэгцэн шинжилгээ өгч байгаа нь Эрүүл мэндийн байгууллагын ачааллыг нэмэгдүүлэх, цаашлаад шинжилгээнд хамрагдахгүй хичээлийн эхлүүлж, эрүүл эсэх нь тодорхойгүй багш ажилтнууд хүүхдүүдэд үйлчилснээс хоолны хордлого, гэдэсний халдвар, сүрьеэ зэрэг халдварт өвчин тархаах эрсдэлийг үүсгэж байна гэж үзжээ.

Түүнчлэн шалгалтад хамрагдсан байгууллагуудаас 19 цэцэрлэг, 13 сургууль зориулалтын бус байртай, 28 цэцэрлэг орон сууцны нэг дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг, 15 цэцэрлэг, гурван сургууль есдүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж чадаагүй байна. Мөн цэцэрлэг, сургуулийн 63 багш мэргэжлийн бус, 19 номын санч, нийгмийн ажилтан, туслах багш мэргэжлийн сургалтад хамрагдаагүй зөрчил илэрчээ.

Шалгалтын хүрээнд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 1762 зөрчил илрүүлж, таван аж ахуйн нэгж, байгууллага, есөн иргэнд нийт 6.1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *