Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Хүүхэд багачууд маань ирээдүйдээ амжилттай, боловсролтой нэгэн болж төлөвшихөд эрүүл цэвэр орчинд эрдэм боловсролд суралцах нь хамгаас чухал билээ. Харамсалтай нь энэ боломж сумдын сургуулиудад сурч, дотуур байранд амьдарч буй хүүхэд багачуудад маш бага байгаа. Баруун аймгуудад, тэр дундаа Говь-Алтай, Ховд аймгуудад цэвэр усан хангамжтай ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн хүрэлцээ улсын дунджаас хоёр дахин бага байдаг.
Үүнээс үүдэн хүүхдүүдэд бие засахад тухгүй, агааржуулалт болон аюулгүй байдлын орчин нөхцөл муутай нүхэн модон жорлон ашиглан хүйтэнд даарах, цэвэр усны хүрэлцээ дутмаг байдгаас бохир гараар дамжих халдварт өвчин тусах зэрэг олон эрсдэлтэй байсан юм. Тухайлбал, 2010 оны 12-р сард нийслэлийн болон зарим аймгийн хүүхдийн байгууллагад А гепатит вирус голомтлон гарсан нь нийт бүртгэгдсэн халдварт өвчний 47 хувийг эзэлсэн байна. Тэр дундаа Говь-Алтай аймгийн Тонхил сум нь тухайн үед энэ өвчлөлөөр хамгийн хүнд нэрвэгдэж байсан сумдын нэг юм.
Иймээс 2014 оны 11-р сарын 21-нээс 30-ны хооронд Ховд, Говь-Алтай аймгуудын Засаг даргын Тамга газар, Мобиком Корпораци болон Дэлхийн Зөн Монгол ОУБ нар хамтран, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Бигэр, Тонхил сумд, Ховд аймгийн Чандмань, Дөргөн, Эрдэнэбүрэн сумдын сургуульд ариун цэврийн эрүүл ахуйн байгууламжийгг барьж, 3800 хүүхдэд бие засах боловсон орчныг бүрдүүлснээ хүлээлгэн өглөө.
Ингэснээр тус сумдын сургуульд суралцдаг сурагчид тав тухтай орчинд, халуун хүйтэн устай ариун цэврийн өрөөтэй болж, тогтмол гарын ариун цэврийг хангах боломжтой боллоо.
“Алслагдсан сум сууринд халуун устай, цэвэр усны эх үүсвэртэй, хамгийн гол нь жилийн аль ч улиралд ашиглах боломжтой байгууламж алс хязгаарт байгуулагдаж байгаа нь тун сайшаалтай” хэмээн Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Гантөмөр ярилаа.
Энэ бол төр, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагууд гар нэгдэн гүйцэтгэсэн анхны төсөл биш юм. Өнгөрсөн 6-р сарын 1-нд ашиглалтад орсон Хүүхдийн тусламжийн утас 108-ыг Хүүхдийн төлөө үндэсний газар, Мобиком Корпораци болон Дэлхийн Зөн Монгол ОУБ нар хамтдаа гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх болсон нь богино хугацаанд үр дүнгээ өгч, эхний хагас жилд 80 орчим мянган дуудлага хүлээн авч чадсан байна. Уг тусламжийн утас маань өдөр бүр 24 цагийн турш Монгол Улс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүд, эцэг эхчүүд, тэдний багш нийгмийн ажилтнуудаас дуудлагыг огт үнэ төлбөргүйгээр хүлээн авч мэдээлэл, зөвлөгөө, яаралтай тусламж, холбон зуучлах чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг хүүхэд хамгааллын чиглэлээр томоохон ажил болж чадсан юм.