Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлав DNN.mn

Чуулганы энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 12 дүгээр 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг тус тус явуулсан.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 19 дүгээр тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласныг онцлоод Байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэнийг онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 1, 2 дахь хэсгийг нэгтгэн “1.Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчлөн найруулж, 3 дахь хэсгийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжлээ. Мөн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалтын 1 дэх хэсгийн “хууль ёсны болох нь” гэснийг “үндэслэлгүй болох нь” гэж өөрчилж, төсөлд “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан “их хэмжээ” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэсэн агуулгатай Тайлбар нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69,8 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.

Хууль зүйн байнгын хороо энэ өдөр дахин хуралдаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан тул чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 1 санал хураалт явуулсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.1 хувь нь дэмжсэн. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг тодотгосон.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар, Б.Энхбаяр нар асуулт асууж, үг хэлсний дараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 95.7 хувь нь дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Авлигын гэмт хэргийн хор уршгийг нийт нийгэм даяараа төлдөг. Авлига нь төрд итгэх итгэлийг алдагдуулж, ардчиллыг доройтуулж байна. Өнөөдрийн баталсан энэ хууль авлигатай тэмцэхэд томоохон алхам болно гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэв.

Мөн энэ хуулиар, халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг тусгалаа. Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй байхаар болсныг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ дурдахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон үүн дээр нэмээд хамгийн их хардлага дагуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй болсон. Түүнчлэн эдгээр албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар болсныг тодотгож байлаа.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Сүүлийн жилүүдэд иргэд, олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан асуудал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээдүүд асар их хохирол учруулчихаад 40 сая төгрөг төлөөд өнгөрч байна гэх явдал байсан. Хуулийн ийм зөрчлийг шийдвэрлэснийг тодотгоод, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ялыг оногдуулахгүй байхаар зохицууллаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг зохицуулалттай болсныг онцлон тэмдэглэлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын онцлох ТАВАН заалт

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Тус хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өчигдөр өргөн мэдүүлсэн. Үүнтэй уялдуулан Хууль зүйн байнгын хороо тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийж, үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өнөөдөр /2022.12.14/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нийцүүлэн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох өөрчлөлтийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тусгажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг нийтийн албаны удирдах албан тушаалд бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт авлигын гэмт хэргийг хамааруулах нэмэлтийг тусгасан байна.

Мөн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгожээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж улсын орлого болгохоор тусгасан байна.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндсөн бөгөөд ингэхдээ энэ бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаар оруулжээ. Тухайлбал, торгох ялын нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байхаар, зарим гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг тусгасан бөгөөд хорих ялын хэмжээг нэмж байгаатай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа нэмэгдэх юм байна. “Нийтийн албан тушаалтан” гэдэгт Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан албан тушаалтнаас гадна байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг хамааруулах нэмэлтийг тусгажээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах (22.1) гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагыг адил хэмжээтэй оногдуулахаар заасан давхардал, зөрчлийг арилгаж, хүндрүүлэх бүрэлдэхүүний (22.2, 22.3) торгох ялыг хасаж, бусад ялын хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг тусгасан байна. Мөн нийтийн албан тушаалтан хахууль авах (22.4) гэмт хэргийг онц хүндрүүлэх буюу хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль (22.3) авсан, улс төрд нөлөө бүхий этгээд, зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол (22.4) ялын бодлогыг чангатгах, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг оруулсан байна.

Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах (22.6) гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагаас торгох ялыг хасаж, эрх хасах ялыг нэмэгдүүлжээ. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих (22.10) гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын бодлогыг чангатгах, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах өөрчлөлтийг тусгажээ. Түүнчлэн нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах гэмт хэргийг 22.13-т тусад нь тусган, уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ялын бодлогыг чангатгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг тусгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгадаг байх өөрчлөлтийг тусгахаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар авлигын гэмт хэргийн гаралт буурах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмын хэрэгжилт баталгаажна гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”,“Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичигт Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгохавлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял хариуцлагыг чангатгах зорилт, арга хэмжээг тусгасныг дурдав.

Мөн тэрбээр хуулийн төсөлд тусгасан зохицуулалтыг танилцууллаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэлэн тогтоож, өршөөл үзүүлэхгүй байх, бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулах нэмэлтийг тусгалаа. Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байхаар хуулийн төсөлд тусгав. Түүнчлэн халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоорхуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан гэж байлаа.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд өмчлөгч эсэхээс үл хамааранхүрээлэн байгаа орчны эсрэг ашигласан тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бараа, эд зүйлийг хураан авч улсын орлого болгохтой холбоотой өөрчлөлтийг хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгасан томоохон өөрчлөлтийн нэг нь Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндөж байгаа бөгөөд ингэхдээ энэ бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, тухайлбал, торгох ялын нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байхаар, хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар, эсхүл хорин жил хүртэл хугацаагаар хасах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг тусгасан бөгөөд хорих ялын хэмжээг нэмж байгаатай холбогдууланавлигын зарим гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч буй үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээгээр нь зөрчил, гэмт хэрэгт тооцож ирсэн буруу жишгийг өөрчилж, хулгайлах үйлдлийг хохирлын хэмжээ харгалзахгүйгээр гэмт хэрэгт тооцох, ингэхдээ гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, хохирлын хэмжээг харгалзан хулгайлах гэмт хэргийг ялган хуульчилж, ийнхүү хуульчилснаар мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг ялгамжтай тодорхойлох, Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг биелүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзсэн болно. Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэргийн гаралт, учруулсан хохирол, хор уршиг жил дараалан байнга өсөж, үйлдлийн арга нь улам нарийсч, зохион байгуулалттайгаар, цахим хэлбэрээр, олон улсын шинжтэй, улс орон дамнан үйлдэгдэх хандлагатай болж байна. Олон улсын шудрага өрсөлдөөний зарчим нь зах зээлийг хууран мэхлэх, олон нийтийг төөрөгдүүлэх, зориуд зохиомол байдал бий болгох, валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид хууль бусаар нөлөөлөхийг хориглох замаар зах зээлийн тэнцвэрт байдлыг хангадаг.Иймд хуулийн төсөлд өмчлөх эрхийн эсрэг эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тусгасан гэдгийг Х.Нямбаатар сайд танилцуулгадаа онцолсон.

Түүнчлэн хөрөнгө оруулагчдыг хамгаалах зохицуулалтыг хуульчлах, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг зарим төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг төсөлд тусгасан гэв.


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцууллаа.

Хууль санаачлагч гэмт хэргийн хохирлын хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэчлэн тогтоох, хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох, бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, тоног төхөөрөмжийг хураан авч, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх болон тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг нэмж, ногдсон татвар, хүү, алдангийг сайн дураар төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахаар уриалсан, санаачилсан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн үйлдлийг Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцох, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлага адил хэмжээтэй оногдуулахаар заасан давхардал, зөрчлийг арилгах, авлига, албан тушаалын гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулдаг байх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зарим гэмт хэрэг, соёлын өвийн эсрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих гэмт хэргүүдийн ялын бодлогыг чангатгах зэрэг зохицуулалтыг тусган хуулийн төслийг боловсруулсныг Ц.Сэргэлэн гишүүн танилцуулгадаа онцлохын зэрэгцээ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдлаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Б.Энхбаяр, Н.Наранбаатар, Ш.Адьшаа, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Ц.Даваасүрэн,О.Цогтгэрэл,Т.Энхтүвшин нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал нарын зүгээс хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч төслийн 20.18 дугаар зүйлийг дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Гишүүдийн зүгээс малчид газар нутгаа хамгаалж, тэмцэж байгаа цаад шалтгааныг сайн тунгаах шаардлагатай. Уул уурхайн хайгуулын лиценз, тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон байвал яах вэ, тэр газар нутаг нь монголчуудын соёлын үнэт өвийг хадгалсан эсвэл шүтэж тахиж ирсэн уул ус цаашлаад тухайн малчдын хэдэн үеэрээ нутаглаж ирсэн газар байвал яах вэ гэдгийг олон талаас нь бодох шаардлагатай гэж байлаа. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох асуудлаа бүрэн цэгцэлж чадаагүй байж, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх, эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа хөгжлийн төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд саад учрууллаа гээд иргэдийг яллаж болохгүй тул хэлэлцүүлгийн явцад энэ хэсгийг засаж сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Үүгээр чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *