-ЦУСТАЙ ХОЛИЛДСОН ХҮМҮҮС ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ИРТЭЛ ГАВТАЙГАА БАЙСАН
Хэнтий аймгийн шүүх нүүдэллэн Өмнөдэлгэр сум руу эрүүгийн хэрэг шүүхээр өчигдөр өглөө явжээ. Шүүх хурлыг даргалахаар Хэнтий аймгийн ерөнхий шүүгч Мөнхтулга нарын шүүгч болон прокурор, өмгөөлөгч нар явсан байна. Мөн энэ хэргийн сэжигтнээр тооцсон долоон шүүгдэгчийг Тахарын албаны хуягласан машинаар авч явжээ. Өмнөдэлгэр суманд шүүх хурал эхлүүлсэн боловч шүүгдэгчдийг нэгнийх нь өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй хүндэтгэх шалтгаантай байсан учир хурал хойшилжээ. Иймд Өмнөдэлгэр сумаас Хэнтий аймаг орох замд шүүгдэгчдийн сууж явсан хуягласан машин осолдож, олон хүн бэртэж гэмтсэн байна.
Ослын газарт тус аймгийн цагдаагийн газрын ажлын хэсэг очиж ажилласан аж. Осолд өртсөн хүмүүсийг өчигдөр 13.00 цагийн үед Хэнтий аймгийн эмнэлэгт хүргэжээ. Энэ талаар шүүгдэгчдийн нэгнийх нь ээжтэй ярилцлаа. Тэрбээр хүүгийнх нь хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй учир ямар нэгэн байдлаар хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлж болзошгүй хэмээн нэрээ нууцлахыг хүссэн юм.
-Осол болсон гэж сонслоо. Машинд явсан хүмүүс хэр гэмтэл авсан байна?
-Тахарын албаны хуягласан машинд шүүгдэгчид сууж явсан. Тэр машин нь онхолдсон байна. Энэ үеэр шүүгдэгчид тархиндаа гэмтэл авч, гар хавирга нь хугарч, нэгнийх нь эгэм бас хугарсан байна. Зарим нь ямар гэмтэл авсныг сайн мэдэхгүй. Тархиндаа гэмтэл авсан нь оёо тавиулж байна. Осол болсны дараа яаралтай түргэн тусламж дуудсан аж. Гэтэл тэр машин нь осол болсон газрыг ололгүй төөрч цаг алдсан гэнэ.
-Машин барьж, харгалзаж явсан Тахарын албаны ажилчид яасан юм бол?
-Тэд зүгээр юм байлгүй. Эмнэлэгт үзүүлээгүй явцгаасан.
-Юунаас болж осол гарав?
-Тооромзгүй машинтай явсан байна. Өмнөдэлгэр сумаас хөдлөхдөө хурдтай, ш и р ү ү н я в с а н г э н э . Шүүгдэгчид аятайхан яваач гэхэд нь хамт явсан Тахарын албаны ажилтны нэг нь “Тооромзгүй машин” гэж хэлээд хурдаа улам нэмж хоорондоо инээлдэж байсан гэсэн. Машин хоёр гурван удаа хөрвөөсөн гэж хүү минь ярилаа. Тэгээд осол болж. Осол болоход шүүгдэгчид бүгд гавтай байсан гэнэ. Гавтай байсан болохоороо машин хөрвөөхөд тэд гэмтэл авсан байна. Тэд чинь гэмт хэрэг үйлдсэн байлаа ч хүн шүү дээ. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад яахаараа ийн гавлаж явдаг байна. Үүнд их харамсаж байна. Осол болсны дараа ч тэдний гавыг тайлаагүй гэсэн. Цустайгаа холилдсон хүмүүс эмнэлгийн тусламж иртэл гавтайгаа байсан байгаа юм.Тэд ямар хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүс биш. Энэ хуулийнхан бас ялгамжтай хандмаар юм. Хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. Хэргийг нь нэг тийш шийдвэрлэхээр Хүний эрхийн комисст хандана.
-Хэнтий аймгийн яг хаахна осол гарсан юм бол?
-Өмнөдэлгэр сум аймаг хоёрын хооронд 100 орчим км зайтай. Осол Хэнтий аймгаас 50 орчим км-т гарсан байна лээ.
-Шүүгч, прокурор нарынх нь машин осолд ороогүй юм байгаа биз дээ?
-Тэд тусдаа унаагаар явж байсан болохоор зүгээр гэж сонссон.
-Тэднийг ямар хэрэгт буруутган шалгаж байгаа юм бэ?
-Малын хулгайн хэрэгт сэжиглэн шалгаж байсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш цагдаагийнхан шалгаж байна. Машинд явсан долоон шүүгдэгч цагдаагийнханд шалгагдсан цагаасаа аймгийн төвд амьдарч байгаа. Тэднийг цагдаагийнхан дуудсан цагт ирж бай гэсэн учир зарим нь танилынхаараа нөгөө хэсэг нь айлын хашаанд хүртэл гэрээ бариад амьдарч байсан. Гэтэл шүүх хуралтай гээд өмнөх өдөр нь бүгдийг нь хорьсон юм билээ. Тэгээд өглөө нь Тахарын албаныхан хуягласан машинтай авч ирсэн. Буцахдаа ийм осол гаргасан байна.
-Шүүгдэгчид аймгийн төвд байсан юм бол яагаад Өмнөдэлгэр сум руу явж шүүх хурал хийх болсон юм бол?
-Малын хулгайн хэрэг гарсан сум нь Өмнөдэлгэр. Хохирогчид нь ч тэндхийнх. Нэг өмгөөлөгч нь шүүх хуралд нэг хохирогчийг нь оруулах хүсэлт гаргасан гэсэн. Тэгээд Хэнтий аймгийн шүүхийнхэн ганцхан хүний төлөө бөөн хөрөнгө зардал гаргаад Өмнөдэлгэр сум руу шүүх хурал хийхээр ирсэн. Тэр хохирогчийг тэдний өдөр шүүх хуралтай, ир гэхэд л болоо шүү дээ. Гэтэл нэг хохирогчийг хуралд оруулахын тулд тэнд очиж байгаа юм.
-Тэгээд шүүх хурал нь болсон уу?
-Шүүх хурал нь болоогүй. Нэг шүүгдэгчийн өмгөөлөгч хойшлуулшгүй ажил гарлаа гэж Хэнтий аймгийн шүүхэд мэдэгдсэн юм билээ. Хурал болохоос өмнөх өдөр нь энэ тухайгаа мэдэгдсэн байна. Гэтэл Өмнөдэлгэр суманд ирээд шүүх хурлаа эхлүүлээд буцаж байгаа юм. Шүүхийнх нь дарга өмгөөлөгч нь ирж чадахгүй гэдгээ мэдэгдсээр байхад шүүх хурлыг хойшлохыг нь мэдсээр байж яагаад заавал сум руу явдаг юм. Үүнийг гайхаад олохгүй байна. Эсвэл нөгөө шүүхийнх нь хүнд суртал гээч нь энэ үү.
-Та энэ талаар ямар сайн мэдэж байгаа юм бэ. Шүүгдэгчийн ар гэр гэхэд их мэдээлэлтэй хүн юм?
-Надад ямар нэгэн зорилго байхгүй ээ. Би өөрөө хуульч хүн. Осол гарсныг мэдээд яав юу болов гээд асууж сураглалаа. Өмгөөлөгч болон шүүхийн ажилтнуудтай нь ч холбоо барилаа. Ийм л зүйл болсон байна. Шүүхийг төлөөлж байгаа газрынхан ийм үрэлгэн дураараа загнаж дээрээс нь шүүгдэгчтэй гэмт хэрэгтэн мэт харилцаж болох уу. Би малын хулгайн хэргийн тухай яриагүй. Энэ бол тусдаа шүүхийн асуудал. Манай шүүхийн байгууллага шинэчлэгдэж байна, өөрчлөгдөж байна гээд л байгаа. Харамсалтай нь хөдөө орон нутагт ийм завхрал гарсаар байна. Иргэн хүнийхээ хувьд энэ тухай ярьж байгаа юм. Тэгээд ч бид хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд амьдарч байна. Хүн бүр тэгш эрхтэй. Ийм байтал сэжигтэнг заавал гавлаж авч явдаг асуудлыг хөндөхгүй өнгөрч болсонгүй. Тэр машинд сууж явсан хүмүүс амиа алдсан бол яах вэ. Малын хулгайн хэрэгтэй хүмүүс гээд өнгөрөх үү. Хэрэв амиа алдчихлаа гэхэд шүүх хурлаар тэдний гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй бол яах вэ. Ар гэр үр хүүхдийг нь хэн асарч хамгаалах юм.
Г.ЯЛГУУН