АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сард Их Британид төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа тухай телевизийн “Sky News” суваг даваа гарагт мэдээлжээ.
Тус сувгаар мэдээлснээр, Трамп айлчлалынхаа үеэр Букингемийн ордонд зочилно. АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалд бэлтгэж эхэлснийг ойрын 48 цагийн дотор албан ёсоор мэдэгдэж магадгүй гэж Би-Би-Си агентлагийн сурвалжлагч Жон Сопел “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.
Их Британийн хатан хаан II Елизавета АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг зургадугаар сард эх орондоо айлчлахыг албан ёсоор урихаар төлөвлөж байгаа тухай “The Sunday Times” сонин дөрөвдүгээр сарын эхээр мэдээлсэн билээ. Тус сонинд мэдээлснээр, Их Британийн Засгийн газрын төлөөлөгчид Цагаан ордны төлөөлөгчидтэй өнгөрсөн оны сүүлчээс эхлэн айлчлалын товын талаар нууц хэлэлцээ хийжээ.
Дональд Трамп 2018 оны долдугаар сард Их Британид гурван өдрийн ажлын айлчлал хийсэн юм. Айлчлалынхаа үеэр тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй хэлэлцээ хийж, хатан хаан II Елизаветад бараалхсан. Трампыг айлчлах үеэр АНУ-ын явуулж буй бодлогыг эсэргүүцсэн жагсаалууд болж байв.