Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч В.Путин, Жо.Байден нар юу ярив

Ерөнхийлөгч В.Путин, Жо.Байден нарын арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн цахим уулзалт хоёр цаг үргэлжилсэн юм.Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден нар урьдчилан тохиролцсоны дагуу пүрэв гаригийн орой Москвагийн цагаар 23:30 цагт утсаар ярьж 50 минут үргэлжилсэн уулзалт энэ сард хийсэн хоёр дахь “цахим” хэлэлцээ нь болов.

“Хэлэлцээ илэн далангүй, гүнзгий агуулгатай, тодорхой болсон тул бид зарчмын хувьд сэтгэл хангалуун байна. ерөнхийдөө энэ удаагийн яриа хэлэлцээ нэлээд үр ашигтай болж өнгөрсөн гэж хэлж болно” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлэв. Түүний хэлснээр, хоёр улсын төрийн тэргүүнүүд яриа хэлэлцээнд маш сайн бэлтгэгдсэн байсан бөгөөд хэлэлцээгээ шинэ оны дараа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.

АНУ-ын ерөнхийлөгч утсаар ярих үеэрээ “өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ авах” талаар дахин дурдсан байна. ОХУ-ын ерөнхийлөгч хариу мэдэгдэхдээ, энэ нь хоёр улсын харилцааг бүрмөсөн таслахад хүргэж болзошгүй том алдаа болно хэмээн анхааруулжээ. Ийм хориг арга хэмжээ нь маш ноцтой үр дагаварт хүргэнэ гэж Оросын удирдагч нэмж хэлээд Москва ийм зүйл болохгүй гэж найдаж байна хэмээжээ.

Ерөнхийлөгч Жо.Байден АНУ-ын Делавэр мужийн Уилмингтон дахь өөрийн гэрээс Владимиром Путинтай утсаар ярьсан бөгөөд ярианы гол сэдэв Украины асуудал байв. Ерөнхийлөгч Жо.Байден “Украины хил дээр ОХУ цэрэг бөөгнүүлэх бус цэргээ татах нь асуудлыг шийдэх зөв гарц” гэсэн болохыг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки цохон тэмдэглэв. Тэрээр мөн ерөнхийлөгч В.Путины санаачилгаар энэхүү яриа болсон гэдгийг сануулав.

Энэхүү ярианы явцад хоёр тал ОХУ-ын Аюулгүй байдлын баталгааны асуудлыг тусгай төлөөлөгчид томилон хэлэлцэхээр тохиролцсон байна. АНУ, ОХУ-ын төлөөлөгчдийн уулзалт энэ сарын 9-10-нд, харин ОХУ, НАТО-гийн буюу Москва, Вашингтон, Европын гол улсуудын төлөөлөгчид оролцсон өргөн хүрээний уулзалт, хэлэлцээ 12-нд болох юм.


“Ковид-19”-ийн вакцинд хамрагдсан хүмүүсийн омикрон хувилбараар халдварлах эрсдэл дельтагаас өндөр байгаа ч вакцинууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс хамгаалсан хэвээр байна гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга, доктор Рошель Валеньский мэдэгдлээ. “Вакцинд хамрагдаагүй хүмүүсийг нэмэлт тун тариулсан хүмүүстэй харьцуулахад халдвараар хүндрэх магадлал 10 дахин, нас барах магадлал 20 дахин өндөр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл нь 17 дахин их байна” гэж Р.Валеньский Цагаан ордонд “Ковид-19”-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үеэрээ дурджээ.

l l l

Дэлхийн хамгийн том сансрын дуранг Францын “Гвиана” дахь пуужин хөөргөх төвөөс “Ариане” пуужингаар сансар руу хөөргөжээ. Пуужин хөөрснөөс хойш цаг 30 минутын дараа тойрог замд орж, Кени дэх газрын антенд дохио дамжуулж эхэлсэн байна. Дуранг “Жеймс Вэбб” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь саран дээр буусан “Аполло” хөлгийг гол зохион бүтээгчийн нэр юм. Ертөнцийн үүслийг судлах зорилгоор уг дуранг бүтээхээр сүүлийн 30 жилд олон мянган хүн ажиллаж 10 тэрбум ам.долларын өртгөөр бий болгожээ. Энэхүү дурангийн ачаар орчлон ертөнц хэрхэн, яаж үүссэнийг тогтоож чадна гэж эрдэмтэд найдаж байгаа юм.

BBC.CNN. NHK. REU­TERS. RIA Novosti.

Xinhua-ээс бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *