Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлал албан ёсоор эхэллээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт арваннэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийж байгаа юм.
Айлчлалын үеэр маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцох бөгөөд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.
Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана.