Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Ерөнхийлөгч Х.Баттулга Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцав

БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод хүрэлцэн очсон юм. Энэ боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг байна. Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц аж. 194 мянган га талбайг хамарсан боомт нь жилдээ 410 сая тонн ачаа, үүнээс 250 сая тонн нүүрс боомтоор гаргах хүчин чадалтай юм байна. 2017 оны байдлаар ачаа эргэлт нь 370 сая тоннд хүрсэн бөгөөд нүүрсний 25, гангийн 41, төмрийн хүдрийн 6, контейнерын 10 усан зогсоолтой ажиллаж байна. 1991 оны “Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-т 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулж БНХАУ-ын хойд болон зүүн бүсийн далайн боомтуудыг Монгол Улсад ашиглуулахаар тохиролцсоны үндсэнд дээрх боомтыг Монгол Улс ашиглах боломжтой болсон байна.

Замын-Үүд-Эрээн боомтоос Цаофэйдянь боомт хүртэл төмөр замаар шууд холбогдсон бөгөөд ингэхдээ БНХАУ-ын хамгийн их түгжрэлтэй, өндөр зардалтай төмөр замын бүс болох Бээжин хотоор дайрахгүй, хойгуур нь тойрч гардаг давуу талтай юм байна.

2014 оноос Монголын далайн захиргаа Цаофэйдянь боомт болон орон нутгийн захиргаатай боомт ашиглах, ачаа тээвэр зохион байгуулах талаар хэлэлцэж ирсэн бөгөөд 2018 оны арванхоёрдугаар сард Цаофэйдянь боомтоос Улаанбаатар руу анхны чингэлгийн галт тэрэг явсан байна.

Мөн Цаофэйдянь боомтын Логистикийн паркийн удирдах хорооноос жилд 10 сая тонн Монголын нүүрсийг тус боомтоор дамжуулан тээвэрлэхийг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байдаг.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ ҮЕЭРЭЭ СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛАВ


–Ерөнхийлөгч та Цаофэйдянь боомтыг манай улсын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах чухал боомт гэж харж байна уу?

-Айлчлалын гол сэдвүүдийн нэг нь Цаофэйдянь далайн боомт байсан. Та бүхний санаж байгаачлан бид ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн уулзалтад оролцох үеэрээ “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, боомттой холбоотой зарим асуудлыг хөндөн ярилцаж байсан. Мөн ОХУ-аар дамжин өнгөрөх ачаа эргэлтэд 25 жилийн хугацаанд тарифын хөнгөлөлт үзүүлсэн зэрэг үйл явдал болж өнгөрсөн. Харин өнөөдөр /өчигдөр/ бид урд хөршид ирсэн байна. Шинэчлэл, бүтээн байгуулалт өрнөсөн Цаофэйдянь гэх энэ боомтоор туршилтын ачаа тээврийг явуулж үзэх гэж байна. Энэ бол том алхам.

Бид өнөөдөр Тавантолгойн нүүрсийг 268 км-ын цаана буюу хил гаргах, эсвэл боомт руу гаргах гээд олон зүйлсийг судалж, газар дээр нь ажиллаж байгаа. Энд зах зээл, боломж байгаа юм байна. Мөн эрчим хүчний голдуу нүүрс байгаа тул Тавантолгойнх шиг нүүрс буюу чанартай коксжих нүүрс зах зээлд өндөр эрэлттэй байгаа гэж танилцуулж байна.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих шийдвэр гарчихсан. Энэ төмөр замаар дамжиж Цаофэйдянь боомтод хүрнэ гэж ойлгох уу?

-2010 онд УИХ-ын гишүүд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэж баталсан. Харамсалтай нь, дотоод улс төр, нүүрсний хамааралтай улстөрчид энэ ажлыг гацааж явуулахгүй байсаар есөн жил өнгөрсөн. У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэр гаргаж тавдугаар сарын 1-нээс энэ төмөр замын ажлыг эхлүүлэх, бусад зах зээлд нүүрсээ гаргах боллоо.

-Тээврийн туршилт хэзээ эхлэх вэ?

-Энэ зун туршилтын тээвэр хийгдэх байх. Ерөнхийдөө замын туршилт хийчихсэн. Цаг хугацаа хэмнэж, нүүрсний үнэ өснө.

-Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилга энэ удаад дахин яригдаж байна. Саналаа дахин илэрхийлсэн үү?

-Бүс нутагтаа бид оролцоотой байх ёстой. Тэр дундаа эрчим хүчний боломжоо ашиглан түүнийгээ экспортлох сонирхолтой байгаа. Энэ саналыг дэмжээрэй гэсэн санаагаа албан ёсны хэлэлцээ болон бусад хуралд оролцох үеэрээ мэдэгдсэн.

-БНХАУ-ын талтай тарифын хөнгөлөлтийн асуудал яригдсан уу?

-Тарифын хөнгөлөлтийг 2014 оноос ярьж эхэлсэн. Дээд хэмжээний уулзалтын үеэр энэ сэдвийг хөндөн ярьж байгаа. БНХАУ-ын тал энэ асуудлыг анхааралдаа авлаа гэж мэдэгдсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *