Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын үндэсний олимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авсан Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт баяр хүргэж, тамирчны зовлонг ойлгодог, салбараа мэддэг хүн томилогдсонд олзуурхаж байгаагаа илэрхийллээ.
МҮОХ-ны удирдлагаас хорооны ажлыг сайжруулах, монгол тамирчдыг дэлхийн тавцанд гаргаж буй амжилтын түвшнийг ахиулах чиглэлд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаасаа танилцуулж, төр засгаас спортыг бодлогын түвшинд дэмжих нь чухал байгаа талаар ярилаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр монголчууд спортлог ард түмэн учраас монгол тамирчдын авьяас чадварт итгэдэг гэдгээ онцолсон юм. Гэвч Монгол Улсын шигшээ баг анх оролцож байсан 1964 оны Токиогийн олимп, 1968 оны Мехикогийн олимпоос хойш сүүлийн олимп хүртэлх хугацаанд монголын шигшээ багийн оролцсон төрлүүд, гаргасан амжилтыг дүгнэхэд МҮОХ-ны ажил чамлалттай санагддаг хэмээв.
Иймээс МҮОХ-ны ажлыг эрс шинэчлэх, МҮОХ-ны гадаад харилцааг идэвхжүүлэх, гаднын орны багш, дасгалжуулагч авчирч, туршлага хуваалцаж ажиллахад онцгой анхаарал хандуулах ёстойг тодотгов. Ингэснээр монгол тамирчдын амжилтын түвшинг дээшлүүлж, олимпын наадмаас хүртсэн хоёр алтан медалийн тоог нэмэх боломжтой гэдгийг цохон тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсад жилийн зургаан сард нь хүйтэн уур амьсгалтай учраас өвлийн спортын төрлийг эх орондоо хөгжүүлж, монголын баг тамирчид өвлийн олимпод амжилттай өрсөлдөх боломжтойг дурдав.
Уулзалтад, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцлоо.
Б.ОЮУНДАРЬ