Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд оны шилдэг хүүхдүүдэд шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр эх орныхоо өнцөг булан бүрээс сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн шилдэг хүүхдүүдээс сонгон “Оны онцлох”-ыг тодруулдаг уламжлалтай.

Улиран одож буй 2015 онд дотоодын болон олон улс, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд амжилттай оролцон нэрээ дуурсгасан, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 15 сурагч, нэг хамтлагийг “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарууллаа. Эдгээр хүүхдүүдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баяр хүргэж, шагнал гардуулав.

Энэ жилийн оны онцлох хүүхдийн дунд оюун ухаанаараа тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Г.Амартүвшин, Олон улсын Ой тогтоолтын тэмцээний Ази тивийн аварга З.Цэцэгзул, Олон улсын математикийн олимпиадын хүрэл медальт О.Бодрол, Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн хошой аварга Э.Хүслэн, Олон улсын Соробан сампингийн тэмцээний Алтан цомын шагналт Э.Амаржаргалнарын Оюуны спортын мастерууд энэ оны шилдэг хүүхдээр шалгарчээ.

Үндэсний хэмжээний авьяастан тодруулах “Авьяаслаг монголчууд” уралдаант нэвтрүүлгийн ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагийн бяцхан авьяастнуудад мөн оны онцлох хүүхдүүдээр шалгарсныг Ерөнхий сайд хэлээд хамтлагийнханд баяр хүргэлээ.

Оны “Онцлох хүүхэд”-ээр шалгарсан хүүхдүүддээ, хүүхдээ өсгөн, зөв хүн болгон хүмүүжүүлж байгаа эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагч, хамт олонд Монгол Улсын Ерөнхий сайд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *