УИХ-ын гишүүн Х.Баттулгаас миний нэр дээр хаяглан ирүүлсэн ил захидалдаа хөндсөн асуудлуудтай холбогдуулж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Үүнд:
1. “Харилцаа холбооны салбарт ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглах” тухай шийдвэр 2009 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагууажил нь хийгдэж дууссан болно.
2. Эрхэм гишүүн таныг 2008 оноос Зам, тээврийн сайдаар 4 жил ажиллахдаа УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан төмөр замын бодлогыг манай Засгийн газар огтхон ч зөрчөөгүй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн нь шууд гадагшаа гарах зарим боомтод нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын дагуу УИХ-д өргөн мэдүүлээд байна.
3. “Банк оф Чайна”-гийн салбарыг Монголд байгуулах асуудал Засгийн газрын түвшинд огт яригдаагүй болно.
4. “Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан “Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлэх зохион байгуулалттай аян эхэлсэн тул энэхуулийн төслийг эргүүлэн татсан.
Шинэчлэлийн Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хор хохирол учруулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд ийм шийдвэр хэзээ ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг