Хүй долоо худагт уяачдын наадам болж байна. Хэдхэн хормын өмнө эрлийз дээд нас барианд орлоо. Газар газрын 52 хурдан хүлэг тоосоо өргөж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд түрүүллээ. Хөөрхөн зээрд ийнхүү улсын наадмын гурван түрүү, гурван айрагтай боллоо. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-Очирын өсгий цагаан хүрэн хурдалсан юм. Хүрэн морь өнгөрсөн жил улсын наадмын эрлийз дээд насанд түрүүлж, Төв аймгийн 90 жил айрагдсан хурдан хүлэг билээ. Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдангийн халтар, айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Монгол улсын Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн ялалт хүрэн, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъяаны халиун тус тус хурдалжээ. Д.Баяраагийн хүрэн морь өнгөрсөн жил Завханы 90 жил түрүүлсэн юм.
Categories