“Freedom House” байгууллага “Дэлхийн нийтийн эрх чөлөө” тайлангаа олон улсад танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлжээ. Тус байгууллагын ажилчид уг тайланд дэлхийн 195 орныг хамруулсан байна. Хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төр, сонгууль, хууль эрх зүйн зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэж дэлхийн хамгийн эрх чөлөөтэй улсыг тодруулдаг билээ. Эрх чөлөөний индексийг 0-100 оноогоор дүгнэдэг юм. Тэгвэл Монгол Улс 86 оноо авч, Ази-Номхон далайн бүс нутагтаа гуравдугаар байрт бичигдсэн талаар “www.freedomhouse.org” сайтад дурджээ.
Уг тайланд дурдсанаар “Монгол Улс сүүлийн таван жил тогтмол байр урагшилж, Азийн хамгийн нээлттэй, ардчилсан улсын нэг болсон” гэв. Ази-Номхон далайн бүс нутаг дахь хамгийн нээлттэй эрх чөлөөтэй улсаар 93 оноогоор Япон улс тэргүүлж, 87 оноогоор Тайвань удаалжээ. Уг бүс нутаг дахь хамгийн хаалттай улсаар Узбекстан, Хойд Солонгос жагссан байна. Эдгээр улс гурван оноо авчээ. Азийн хамгийн хүчирхэг гүрнүүд болох БНХАУ 16 оноо авсан бол Өмнөд Солонгос 83 оноо авсан байна.