Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Эрх баригчид “Танхим”-д анхаараад, “Болор цом”-ыг тоосонгүй бололтой DNN.mn

Монгол хүн ухаан муутай, увайгүй, цаанаасаа нэг ёозгүй гэдэг нь Монголын төрийг удирдаж ирсэн үүх түүхээс маш тодорхой уншигддаг. Монгол хүн монгол эх орондоо хайртай, улс орныхоо хувь заяанд сэтгэл зүрхээ бүрэн зориулж чаддаг уу гэвэл үгүй. Хэрвээ монгол хүн төрт улсаа чин үнэнчээр бодож, чин үнэнчээр зүтгэж, үнэхээр л эх орон, ард түмний төлөө гэх үнэн сэтгэлтэй байсан бол Монгол Улс өнөөдөр шиг ийм дорой буурай байх ёсгүй.

Увайгүй, улс орноо гэх өчүүхэн ч бодолгүй хүмүүс эрх мэдлийн оройд гарахаараа, үндсэндээ эрх мэдэлтэй болоод ирэхээр жинхэнэ үнэн царай, ёс жудгаа харуулж эхэлдэг. Улс орныхоо туулж ирсэн он жилүүдийг эргээд харъя. Хэн нэгэн нөхөр эрх мэдэл, алба даяг, суудал сэнтийтэй болоод ирэнгүүтээ өөрийнхөө хошуу нутаг, ястан угсаатан, удам ургийнхаа хүмүүсээр, бүр хонхрынхоо хүмүүст эрх мэдэл өгч эхэлсэн байдаг.

Тухайлбал, Монголын автономийг устгах үед “Их шавийнхан зөвхөн өөрсдөө идэж, бүх суудал сэнтийг эзэлж байна. Шавийнханд идүүлж байснаас Хятадтай нийлчихье гээд монголчууд Хятадад дагаар орсон байдаг. Богд хааныг Хятадын ерөнхийлөгчийн зурагт мөргүүлэн, Монголыг доромжилсон байдлыг бид өөрсдөө л хийсэн.

Бодоход Их шавийнхан одоогийн төр засгийг удирдаж байгаа дарга нар шиг өөрсдийн хошууны нэг удам угсааны хүмүүсээ эрх мэдэлтэй болгож, зөвхөн хошуу нутгаараа идэж ууж, наадаж наргин, бусдынхаа зэвүүцлийг төрүүлээ биз.Ингэж нутгархах, ноёны бөх л давж байдаг эрх дархтай нэгнийхээ өмнө бусад нь хүчгүйдэн сөхөрдөг монгол хүний өөдгүй, юм үзээгүй, үхээнц, өлөн сэтгэл тусгаар тогтнолоо алдахад хүртэл нөлөөлж байсан.

Богд хаант засгийн үеэс хойш Чойбалсангийн үед Монголын төр зүүн талынхнаар дүүрч байсан. Төрийн наадамд хүртэл Дорнодын бөхчүүд дараалан түрүүлж байсан үе бий. Цэдэнбалын үед Увсынхан бүх юмыг эз дийлэн мэдэж байсан. Төв хороонд ч, төв театрт ч, төв цэнгэлдэхэд ч Увсынхан эзэрхийлж, улсыг тэд удирдаж байсан.

Ерээд оны эхэн үе, Очирбат Ерөнхийлөгчийн үед нутгархах, эрх мэдэлдээ ташууран бүгдийг эз дийлдэг энэ байдал арай намдуу болсон санагдана. Багабандийн үед Завханыхан бас л Монголын бүх юмыг дүүргэсэн. Саалийн үнээ гэгддэг Эрдэнэтийг нь удирдахаас аваад, салбар бүрийн манлайлалд Багабандийн эргэн тойрон дахь нөхдүүд байсан. Завханы гаралтай адуу хүртэл түрүүлдэг байсан биз дээ.

Дараа нь Энхбаярын эрин үе эхэлсэн. Энхбаяр гэдэг хүн тэмцэлдэн, зүтгэн явсаар байгаад бүх юмыг авч, бүгдийн толгойг өөрөө мэддэг байсан. Зөвхөн өөрөө мэдээд зогсохгүй гэр бүл нь мэддэг байсныг хэн хүнгүй ярьдаг байсан. Хэнийг дарга, хэнийг сайд, хэнийг гишүүн болгох, за тэгээд хууль хүчнийхнийг хэнээр удирдуулах гээд бүх юмыг эзэн ноён гэдэг Энхбаяр гэж хүн мэддэг, тэрний хүссэнээр болдог байсан.

Яруу найргийн наадам “Болор цом”-ыг хүртэл мэдэж, өөрийнхөө билүү, намынхаа туслах залууд түрүү шагналыг нь авч өгч байсан биз дээ. Тэгтэл сүүлийн найман жил Монголын төрийг Хэнтийнхэн удирдаж, нутгархах гэдэг энэ ужигт өвчин ёстой оргилдоо хүрч байна. Төр засгийг тэр чигт нь удирдаад зогсохгүй “нийслэл хүрээг” мөн эзэрхийлээд авсан. Шүүх, цагдаа, прокурор, Авлигатай тэмцэх газар, онцгой байдал, шүүхийн шийдвэр гээд хууль хүчний бүх удирдлагыг Хэнтийнхэн ээлж, дараалан очиж, суудлыг нь эзэгнэж байна.

“Цагдаагийн дарга томилогдож гэнээ, Хэнтийн хүн гэнэ. Шоронгийн дарга томилогдож гэнээ, Хэнтий гарлын хүн гэнэ” гэх яриа л Монголын нийгэмд бараг сүүлийн арваад жил өрнөдөг болсон. Сүүлдээ нэг том дарга, сайд томилогдоход “Өө Хэнтийн л хүн биз. Хэнтийнхний л удам угсаа, найз нөхөд, хамаарлын хүн биз” гэж өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрөхөд хүргэж байна. Ард түмнийг ийм байдалд оруулж байгаа нь харамсаар. Хэнтийнхэн ийнхүү өнөөдөр алуурчныг ч аврагч болгож чадах хүчтэй байна.

Саяхан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын даргын сонгууль боллоо. Гэтэл уг сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлж өрсөлдсөн, өмнө нь “Танхим”-д удирдах алба хашиж байсан гол өрсөлдөгчийг Авлигатай тэмцэх газраас бариулж, шууд өөрсдийнхөө хүнийг тавиулж байна. Энэ бол шуудхан хэлэхэд бяр чадлаараа гайхуулж, олон түмнийг тохуурхаж байгаа хэрэг. Энэ муусайн яах вэ дээ гэж басаж байгаа юм шиг. Их хурлын гишүүн Д.Ганбат саяхан “Энэ Засгийн газар оролцохгүй юм болгондоо оролцох юм” гэж хэлж байсан. Үнэхээр л түүний хэлсэн шиг Хэнтийнхэн Худалдаа аж үйлдвэрийн танхимаар яах вэ дээ. Ямар яам биш, хууль хүчний гол газар биш. Бизнесменүүдийн эдийн засгийн нэгдэл шүү дээ. Хүч чадалдаа эрдэж бардаж юм болгон дээр хүнээ тавина гэж боддог юм уу, хаашаа юм бэ.

Танхимын гол өрсөлдөгч залууг барьж хориод зүгээр орхилгүй өөрсдийн хамаарлын нөхдүүд, өмнөөс нь хуцаж байдаг хэвлэлийн “нохдууд”-аар есөн шидээр хэлүүлэн хэмлэж, нэр төрийг нь гутааж байна. Танхимыг өмнө нь нэр төртэй удирдалцаж явсан тэр залуу бол хууль хүчнийхний хэлээд байгаа шиг ил цагаандаа гарсан луйварчин биш.

“Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэдэг шиг тийм хүн гэдгийг ард түмэн эрх биш мэдэж байгаа байх. Харин Хэнтийнхэн “Танхим”-д анхаараад, зарим нэг нь улайрч гүйгээд, энэ удаагийн “Болор цом” наадмыг тоосонгүй бололтой. Бүгдийг эз дийлж авна гэсэн өлөн сэтгэлээр ханддаг нөхдүүд найргийн ганц наадам “Болор цом”-ыг ч тойрч өнгөрдөггүй. Түрүү жил түрүүлсэн найрагч хүү Хэнтийн гаралтай юм гээ биз дээ.

Монголчууд бид нутгархдаг, жалга довны энэ өчүүхэн хөгийн зангаа одоо болимоор байна. Нутаг хошууны л бол нохойд ч хамаагүй ноён суудал өгдөг адгийн сэтгэлгээ чинь улс орныг уруудан доройтуулж, өнөөдрийн харанхуй бүдүүлэг, гуйлгачин нийгмийг бүтээлээ. Нутгархсан, эрх мэдэлтнүүд өөрийн хүнээ томилсон, аливаа албан тушаалыг хүч дийлж авсан үйлдлийг ард түмэн нийтээрээ эсэргүүцэх хэрэгтэй.

Одоо бид хүн төрөлхтөн шиг зарчимтай амьдрах цаг нь болсон. Жалгын сэтгэлгээнээсээ салж, монгол хүн монгол хүндээ итгэдэг, монгол хүнээ дэмждэг тийм нийгмийг цогцлоох хэрэгтэй байна. Хэн авьяастай, хэн чадалтай, хэн эрдэм боловсрол өндөртэй нь тухайн салбарыг удирддаг, босгож ирдэг байх ёстой. Тэгж байж Монгол Улс хөгжинө.

Д.Батболд

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *