Categories
мэдээ нийгэм

Эрх баригчид хэргээ наймаалцав уу, эсвэл прокурорууд тэдэнд тал засчихав уу

Related imageХэдхэн хоногийн өмнө прокурорын байгууллага өөрсдийн албан ёсны цахим хуудастаа эрх баригчидтай холбоотой хэргүүд юу болж буй талаарх ярилцлага нийтэлсэн. Олны анхаарлын төвд буй 60 тэрбум, Ардчилсан намын үеийн төмөр зам барих ажилтай холбоотой гэхчлэн хэргүүдийн талаар мэдээлжээ. Тухайлбал, 60 тэрбумын бичлэгийг зохиомол эвлүүлэг гээд цайруулчихлаа. Гэтэл үүнд холбогдож бичлэг хийсэн хүмүүс нь хэргээ хүлээсэн, амьд гэрчтэй хэрэг. Хэргийн гол эзэн гэгдэж буй НИТХ-ын дарга Ц.Сандуй хариуцлагаа хүлээж ажлаасаа халагдах өргөдлөө ч өгсөн. Нэг ёсондоо захын цагдаагийн албан хаагч учир начрыг нь олоод үнэн зөвийг нь төвөггүй тогтоочих учиртай. Харин прокурорын байгууллага хэргийг шалгаж үзээд бичлэгийн эх хувь батлагдахгүй байна гээд хаачихлаа. Уг нь орчин үеийн цахим материалд эх хувь гэх асуудал маргаантай байдаг юм гэнэ лээ. Өөрөөр хэлбэл эх хувь гэж байхгүй, хуулбар бол хуулбар. Хувилсан, эсвэл эх хувь гэдгийг ялгах боломж хараахан байхгүй. Ийм байхад М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын яриаг эвлүүлсэн гэж үзээд хэрэгсэхгүй болголоо. Прокурорын байгууллага уг хэргийг хаасныгаа 60 тэрбумын төлөвлөгөө бодит байдал дээр хэрэгжээгүй хэмээн тайлбарласан байна. Ийн хавраас хойш олон нийтийн дунд шуугиан тариад байсан 60 тэрбумын хэрэгт хуулийнхан ямар нэгэн хариуцлага тооцолгүйгээр хүчингүй болголоо. Нэгэнт МАН-тай холбоотой гол хэргийг хаасан болохоор эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн үлгэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр холбогдсон төмөр замын хэргийг мөн л хаах шийдвэр гаргасан байна. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 онд төмөр замын суурь бүтэц барих ажлыг хууль бусаар явуулсан гээд нэр бүхий албан тушаалтнууд холбогдож байв. Тэр дундаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дээрх хэрэгт холбогдуулан шалгасан. Тэгвэл уг хэргийг мөн л хэрэгсэхгүй болгон хаалаа. Ганцхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг мөрдөн байцаах ажиллагаа дуусаагүй байгаа гэнэ. Прокурорын байгууллагынхан уг хэргийг хэрэгсэхгүй болгосон шалтгаанаа нотлох баримт хангалтгүй гэж тайлбарлана лээ. Ингэснээр нийгмийг шуугиулж байсан хэргүүд үндсэндээ хаагдаж дахин хэлэлцэх шаардлагагүй боллоо. Харин прокурорын байгууллага өөрийн албан ёсны хуудастаа хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн тухай ярилцлагыг юуны учир нийтлэх болов. 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудал ид дуулиан тарьж байгаа энэ цаг үед юунд үндэслэж, ямар зорилгоор ингэж мэдээлэх болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Анзаарвал гурван үндэслэл байна. Нэгдүгээрт, эрх баригчид хоорондоо тохирчээ гэж хардахаар харагдлаа. МАН 60 тэрбумын хэргээ хаая, АН хариуд нь Ерөнхийлөгчийнхөө нэр холбогддог хэргийг хэрэгсэхгүй болгоё гэсэн тохироо явсан байж магадгүй. Хэрэв ингэж тохирсон бол 60 тэрбумын хэрэг үнэхээр үнэд хүрчээ. Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх тухай концессын гэрээ гэдэг бол хэдэн тэрбум ам.доллароор яригдаж байсан хэрэг. Үүнийг 60 тэрбум төгрөгийн бичлэгтэй холбоотой хэргээр наймаалцсан бол МАН уг хэрэгт үнэхээр том үнэ төлсөн гэсэн үг. Хоёрдугаарт, МАН прокурортой хуйвалдаж хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хэргээ хаасан байж мэднэ. Эрх баригч намын тухайд 60 тэрбумын асуудал амин чухал зүйл болчихоод байгаа. Уг хэргийг хэрэгсэхгүй болгож нийгэмд мартуулна гэдэг тэдний хувьд юу юунаас чухал. Хэрэг хаагдана гэдэг тэдний хувьд Засгийн газрыг огцруулах үндэслэлээ байхгүй болголоо гэсэн үг. Мэдээж хэрэг дан өөрсдийн хэргээ хаачихвал сөрөг хүчин дуугүй байх учраас далимд нь Ерөнхийлөгчийн холбогдолтой хэргийг хамтрууллаа. Мэдээж хэрэг Ерөнхийлөгч холбогдож байсан хэргээ хаалгавал хэл аманд орооцолдох нь тодорхой. Тиймээс МАН-ын зүгээс өдөөж буй хар пиар ч гэж хардаж болохоор байна. Гуравдугаарт, энэ бүхэн Монголын прокурорын байгууллага, АТГ, шүүхийнхний бодож олсон тэнэг арга болов уу. Бүгдээрэнд нь адилхан сайн хандсан болохын тулд ийм шийдвэр гаргасан байж магадгүй. Эрх барьж буй намд ч тэр, Ерөнхийлөгчид ч тэр сайн ажиллаж буй нэр зүүх гэж, аль алинд нь тал алдахгүй гэж, хэнээс ч буруу шийдвэр гаргасан гэж зэмлэл хүртэхгүйн төлөөх арга ч байж мэдэх юм. Нэг ёсондоо суудлаа аварч үлдэх, гал намжаах гэсэн ядарсан арга байх даа гэж хардаж байна. Хэвлэл мэдээлэл, ард түмэн хардах эрхтэй байдаг. Тэрнээс биш 60 тэрбумын хэрэг яалт ч үгүй гэрчтэй, нотлох баримттай хэрэг мөн. Хэдийгээр прокурорынхон ийм шийдвэр гаргасан ч гэлээ цаана нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэж хүн бий. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө 60 тэрбумын хэргийг байж боломгүй хэмээн ярьж байсан. Тиймээс уг хэргийг хэрэгсэхгүй болгоод хааж байгааг дуугүй өнгөрөөхгүй байх аа. Прокурор ийм шийд гаргасан гээд буцчихгүй байлгүй. Ядах нь ээ өнөөх Г.Доржзодовыг Монгол Улсын баатар болгоно гэсэн нь хаа байна вэ. Тэр амлалтаа Ерөнхийлөгч мартаагүй яваа биз. Бас 60 тэрбумын хэргийн эцсийг үзнэ гэж найдсандаа ард түмэн түүнд саналаа өгөө байлгүй. Үүний зэрэгцээ шударга Ерөнхийлөгч өөрийнхөө холбогдож байсан хэргийг ч айхгүйгээр шалгуулж эцэслэхээр зүтгэх байх. Өөрөө бол хэрэгт холбогдолгүй гэж хэлдэг учраас айж, ичээд байх зүйлгүй шүү дээ. Тиймээс нийгмийн бухимдлыг тайлж дээрх хэргүүдийн үнэн мөнийг тогтоохыг шаардах биз ээ. Ер нь ч тэгээд ард түмэн аливаа зүйлийн учрыг олох ухаантай. Дээрх хоёр хэргийг дарагдуулаад өнгөрвөл хуйвалдаан гэдгийг дор нь ойлгоод хардахаар болтлоо хэрсүүжсэн. Улс төрд юу болоод байгааг уншаад мэддэг болчихсон, ямар учиртай, юу болж байна вэ гэдгийг ялгаж салгахтайгаа болсон шүү. Тийм болохоор саяын сонгуулиар Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон юм. Сонгохдоо шударга ёс тогтоохыг л хүссэн. Түүнээс биш даргыг дарга болгоно гэж гаргаагүй. Нийгэмд жаахан ч гэсэн шударга ёс хэрэгтэй байгаа учраас ард түмэн сонголтоо хийсэн юм. Ер нь тэгээд эцэст нь дээрх хэргүүдийг хаасан гэнэтийн мэдэгдлээс юу олж харав гэхээр манай АТГ, прокурорынхон ажлаа хийж чадахаа байжээ. Тэднийг солих шаардлагатай болж гэдгийг л харууллаа. Яаж ч харсан цагаа олоогүй, захиалгын мэдээлэл гэж дүгнэхээр юм болж байна. Засгийн газрыг огцруулах, эсэх талаар ярьж байгаа ийм цаг үед нэрээ бага ч болтугай цэвэрлэе гээд захиалгын мэдээлэл цацсан гэж хардах үндэслэл байгаа юм. Түүнийгээ далдлахын тулд ийм башир арга хэрэглэх шиг боллоо. 60 тэрбумыг дангаар нь шийдэхээсээ нэрэлхээд бүгдийг хамруулж ийм зүйл хийх шиг боллоо гэж нийгэм даяар үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Эрх баригчид хэргээ наймаалцав уу, эсвэл прокурорууд тэдэнд тал засчихав уу” нийтлэл хэвлэгдлээ

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг өчигдөр УИХ-аар хэлэлцсэн. Хаалттай хуралдаж байгаад сүүл рүүгээ нээлттэй болсон уг хуралдааны дэлгэрэнгүй сурвалжлагыг та бүхэн уншаарай. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн ярилцлага энэ дугаарт нийтлэгдлээ. Тэрээр цаг үеийн болон улс төрийн нөхцөл байдлын талаар ярьжээ.

Баримт, үзэл бодол нүүрт “Эрх баригчид хэргээ наймаалцав уу, эсвэл прокурорууд тэдэнд тал засчихав уу” нийтлэл хэвлэгдлээ.

Улсын мөрдөн байцаах албаны 71 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулж Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэнтэй манай сэтгүүлч Б.Уранчимэг ярилцсан байна. Жил бүрийн есдүгээр сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлдэг.

Энэ удаад “Хүмүүс, хувь тавилан” буланд аймшигтайгаар хэлмэгдэж амиа алдсан хошууч генерал Л.Дэндэвийн талаар нийтлэгдсэн байна.

Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн олимпийн аварга Н.Түвшинбаяр, боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, гавьяат тамирчин Д.Отгондалай нар өчигдөр эх орондоо ирсэн. Тэднийг угтах ёслолын үеэр манай сурвалжлагч Э.Мөнхтүвшин сэтгэгдлийг нь сонсч ярилцлага авчээ. Спорт сонирхогчид та бүхэн олимп, дэлхийн медальтнуудынхаа ярилцлагыг “Спорт” нүүрээс сонирхоорой.

Энэ удаагийн дугаарт “Эх орон сумаас эхэлнэ”, “Нэг ангийнхан” гэсэн тогтмол нүүр, булангууд орлоо.

“Нэг ангийнхан” буланд Сүхбаатар аймгийн Баруун-Уртын Нэгдүгээр арван жилийг 1997 онд төгссөн 10-ын “Ё” ангийнхан уригджээ.

Энэ мэтчилэнгээр улс эх орон, дэлхий нийтэд өрнөж буй үйл явдлын талаар та бүхэн “Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас уншина уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *