Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрэлхэг цэрэг Швэйк

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Олимп болж байна, хокэй сонирхолтой болж байна. Өгүүллээ хокэйноос эхэлье. 1969 оны эхээр нам засгийн “Үнэн” сонинд хокэйны тухай нүүр дүүрэн нийтлэл гарав аа. Стокхолм хотод хокэйн дэлхийн аварга болж байсан юм. Тэр үед Орбит хэмээх зөвлөлтийн нэвтрүүлэг гардаггүй байсан учир энэ спортын тухай монголчуудын ойлголт сул байлаа. Сонин хэвлэл ч бичдэггүй. Гэтэл нүүр дүүрэн хокэй. Одоо санахад Зөвлөлт-Чехословакын тоглолтын тухай боловч хэн нь хожсон, хаана болсон, хэн түрүүлэв зэрэг мэдээ алга. Чехууд их бүдүүлэг тоглосон тухай л байв. Санахаас зодоон хийсэн, хаалга эвдсэн гэж байлаа. Ингэж би хокэй сонирхох болсон. Жинхэнээсээ юу болсон тухай хожим нь олж мэдсэн, бичлэг киног нь ч хөөцөлдөж байж үзсэн. Дэлхийн аваргын тэр тэмцээнд чехословакчууд оросуудтай хоёр удаа тоглож 2-0, 4-3 аар хожижээ. Энэ бол хокэйн бүх түүхэнд хамгийн домогт, шуугиант, дурсгалт тоглолт болсон юм байна. Тухайн үед дэлхийд нэгдүгээрт бичигдэж байсан Зөвлөлтийн шигшээд ид мандаж байсан багийн бүрэлдэхүүнд домогт Харламов, Петров, Мальцов ч байсан. Чехийн багийн ахлагч Юзэф Голонки “бид мөсөн дээрээ үхдэг ч байсан, тэднийг заавал хожих ёстой” гэж тушаажээ.

Ялалтын дараа Прагийн гудамжинд 500 мянган хүн гарч баярлаж хөөрчээ. Энэ үед Праг хөл хориотой, байлдааны бэлэн байдалд буй Зөвлөлтийн танкууд хотыг бүрэн хянаж байв. Тэд энд хэдхэн сарын өмнө орж ирсэн юм. Чехословакийн коммунистууд социализмыг ардчилахыг хүсчээ. Тэд социализмаас татгалзах гээгүй, зүгээр л илүү эрх чөлөөтэй, хэвлэл мэдээлэл нээлттэй, олон ургалч үзлийг зөвшөөрсөн, эсрэг үзэлтнээ алж хяддаггүй, үг хэлэх эрх чөлөөт социалист нийгэм хүссэн хэрэг. Үүнийгээ “хүний нүүртэй социализм” гэж нэрлэж байв. Үйл явдал тавдугаар сард эхэлсэн учир түүхэнд “Прагийн хавар” гэж нэрлэдэг.

Коммунист нийгэмд хэрвээ хүмүүс эрх чөлөөтэй болох юм бол энэ систем өөрөө тогтох бололцоогүй гэдгийг зөвлөлтүүд сайн мэдэж байв. Хожим эрх чөлөөт социализм байгуулах гэсэн Горбачёвын оролдлого тогтолцоог тэр чигээр нь нураасан шүү дээ. Ингээд Чехословакийн коммунист намын Улстөрийн товчооны гишүүдийг комоор нь баривчлан Кремльд аваачаад үзэл бодлоосоо татгалзахыг тушаасан аж. Зөрөөд нутаг руу нь долоон мянган танктай 300 мянган цэрэг орж эзлэв. Нуга дарсан даа, май тэр эрх чөлөөгөө ингээд ав! Удирдлагыг тэр чигээр нь сольж өөрсдийн хүмүүсээ тавьсан. Прагийн хавар нь коммунист системийн төгсгөлийн эх байсан юм. 1956 оны ЗХУКН-ын их хурал дээр Хрущёв сталинизмын хядлагын талаар илтгэл тавьснаар коммунист үзэлд итгэж явсан сая сая хүмүүсийн урам хугарсан. Яруу алдрын цаана ийм хүчирхийлэл яргалал, хядлага нуугдаж байсныг мэдсэнээр шүү дээ. Харин Прагийн хаврыг танкаар дэвссэн нь олон улсын коммунист хөдөлгөөнд шууд хагарал үүсгэв. Ард түмэн өөрийн сонголтоор өөрийн зам мөрөө тодорхойлохыг зөвшөөрдөггүй нийгмийг үзэл санааных нь хувьд хэн дэмжих билээ. Энэ бүхэн ердийн дарангуйлал, түрэмгийлэл, бурангуйлал, улаан империализм гэдгийг дэлхийн нийт ойлгосон.

Мөнөөх дэлхийн аваргын тэмцээний хувьд чехуудын ялалт бол нэр төрийн хэрэг байлаа. Танкны өөдөөс нүцгэн духаараа мөргөлдөж цусаа урсгаж ялагдсан тэд дэлхийн хамгийн хүчирхэг спортын командыг шударга тавцан дээр дараалж хоёр удаа далаар нь тавьсан нь чехийн ард түмний хувьд бэлгэ тэмдгийн утгатай ялалт болж тэднийг зоригжуулсан юм. Дамшрамд дурдахад тэд шведүүдэд угсраагаар хожигдож гуравдугаар байр эзэлсэн ба Зөвлөлтийн баг аваргалсан. Гэхдээ түрэмгийлэгчдийг ялсан үзүүлэлт нь гол байсан юм шүү.

Чехословакт коммунист эргэлт 1948 оны хоёрдугаар сарын сүүлчээр буюу одоогоос яг 70 жилийн өмнө болжээ. Дэлхийн II дайны үр дүн буюу Ялт, Подстамын гэрээгээр ялагч Зөвлөлтийн нөлөөний бүст хамаарахаар болсон Чехословакт 1948 он хүртэл ардчилсан дэглэм тогтож байлаа. Олон намын парламенттай, хэвлэл мэдээлэл чөлөөтэй, хавчлага хядлага байхгүй, зах зээлийн тогтолцоот орон байв. Ингээд коммунистууд төрийн эргэлт хийсэн юм. Эргэлтийн үр дүнд 250 мянган хүн ажлаасаа халагдан гудамжинд гарч, хэдэн мянган хүн хядлагаас зугтан гадаад руу дүрвэжээ. Гадаад яамны сайд Ян Масарик цонхоор үсэрч үхсэн нь ихэд дуулиан тарьсан. Түүнийг амиа хорлож үхсэн гэж зарласан. Чехууд ярихдаа Масарик Гадаад яамны хамгийн дээд давхраас ардаа байгаа цонхоо хааж түгжээд үсэрчээ гэдэг. Түүнийг зугтахын тулд хажуу тагт руу үсрэхдээ хальтарч унасан гэж 1968 онд тогтсон. Харин өнөөгийн комунист хядлагыг судлан тогтоох Чехийн комиссоос Ян Масарикийг хөнөөсөн байна гэдгийг тогтоосон. Сайд Масарикийг онцлоод буйн шалтгаан нь тэрээр Чех улсын тусгаар тогтнолын эцэг, Чехословакийн анхны Ерөнхийлөгч Томаш Масарикийн хүү юм.

Австри-Унгарын эзэнт гүрний эзэмшилд байсан Чех, Словак, Морав Дэлхийн I дайны үр дүнд Вэрсалийн гэрээгээр тусгаар улс болжээ. Зүгээр л хурал хийгээд тусгааралсан юм биш, Австри-Унгарын эзэнт гүрний эсрэг Антантын гүрнүүдтэй нийлж тэднийг ятган Европыг ноёлж байсан энэ империалист гүрнийг задлахад чехүүд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хожмын Ерөнхийлөгч Томаш Масарик, Эдвард Бэнэш нар гадаадад гарч улсаа тусгаар тогтнуулахын төлөө тэмцжээ. Тэд дэлхийн анхны НҮБ гэж нэрлэж болохуйц Лиги Нацийг байгуулахад их үүрэг гүйцэтгэсэн. Ингэхээр энэ жил бол Чехословак, Чех, Словак улсууд тусгаар тогтносны 100 жилийн ой тохиож байгаа юм.

Энэ оронд найм гэж төгссөн онууд их онцлогтой нь хачин. 1938 онд Мюнхэний хэлэлцээрээр Чехословакийн Сүдэтийг Гитлер булаан авав. Тэнд олон герман үндэстэн суудаг гэдэг шалтгаанаар шүү дээ. Дараа нь Чехословакийг эзэлж Словакийг тусгаар улс гэж зарлаад, Чех Моравыг Германы портектрат гэх нэртэй болгосон юм. Германы түрэмгийллийн эсрэг чехууд ганц буун дуу гаргаагүй. Үнэндээ тэр үед Чехословак нь Европын хүчирхэг орны нэг байсан юм шүү. Айсан хулчийсан гэхээсээ бодит байдалтай түр эвлэрсэн нь илүү ухаалаг болсон ч байж магадгүй. Тэгээд ч гол холбоотон болох Британи, Франц улсууд Мюнхэнд тэднийг Гитлерээс өмөөрөхийн оронд худалдаж орхисон. Дэлхийн дайнд эвдрэл сүйтгэлгүй гарсан. Харьцуулахад Варшав, Берлин тэргүүтэй түүхэн том хотууд газрын хөрстэй тэгшлэгдсэн. Масарик, Бэнэш нар мөн л Холбоотны талд очиж дүрвэгсдийн Засгийн газар байгуулан фашизмын эсрэг тэмцэж байлаа. Бэнэш мөнөөх 1948 оны төрийн эргэлтээр хусагдаад тэр ондоо үхсэн, зайлуул.

1989 онд Чехословакт дахин ардчилал яллаа. Хэддэх удаагаа ч юм бэ дээ? Хүний нүүртэй социализм байгуулах гэсэн хэрэгт орж гэрийн хорионд 20 жил болсон Чехословакийн коммунист намын дарга Александр Дүбчик, 1968 оны эсэргүүцлийн хөдөлгөөний удидагчдын нэг нэрт зохиолч Вацлав Хавэл нар шинэ орныг удирдах болжээ. Сонирхолтой нь тун удалгүй Чехословак улс хоёр хуваагдан салсан юм. Коммунизм дуусгавар болж, хүйтэн дайн зогсмогц олон үндэстнүүдтэй улс орнууд салж, нийлэх гэж бөөн драм болсон. Югослав зургаан улс болж салахын тулд иргэний дайнд идэгдэн хэдэн зуун мянган хүний амийг авч одсон. ЗХУ 15 улс болж салах явц болон түүний хонзон, нэхэл дагал одоо болтол үргэлжилсээр. Гэтэл Чехословак нь тусгаар өөр үндэстнээ даган Чех ба Словак улс болон салахдаа ердөө л гэрээ хэлэлцээр хийгээд боловсноор тус тусын улсаа байгуулжээ. Ердөө л гэр бүл салалт. Үүнийг эвтэйхэн бүтээж үндэсний эвлэрэлд хүргэсэн хүнийг Ерөнхий сайд Клаус гэх юм билээ.

Манийг дунд сургуульд байхад түүхийн хичээлд Ян Хүүс, Ян Жижка гээд шашинтай байлдаад явдаг эх оронч коммунист маягийн хүмүүсийн тухай түүхийн хичээлд заадагсан. Хожим мэдэхнээ хүний түүхийг өөрчилсөн аугаа реформацийг үндэслэгч Мартин Лютэрээс бүхэл зууны өмнө шашны реформ хийж эхэлсэн чех номлогч юм билээ. Католик шашны бурангуйллын эсрэг зогсож сүсэг бишрэлийг “хувьчлах” гэж оролдож. Өнөөгийн чехууд албан ёсоор католик орон боловч үнэн хэрэгтээ шашнаас хамгийн хөндий ард түмэн гэх юм билээ.

Чех бол жижиг үндэстэн. Хүний түүхэнд тэгтлээ цоройж цодойсон түүх үгүй. Генетикийн шинжлэх ухааныг нээсэн Мээндэлийг Чехийн нэрт эрдэмтэн гэдэг байлаа. Генетик хориотой байх үед Австрийн хар лам гэдэг байсан. Прагт төрсөн Кафкаг бас л чех зохиолч гэх. Үнэндээ аль аль нь германчууд. Хашэк, Чапэк, Дворжак гээд дэлхийд нэрд гарсан чех үндэстэн бий л дээ. Асуудал хичнээн суутан төрүүлэв гэдэгтээ биш жижиг үндэстэн хэр хэмжээндээ ямар ч аюул заналыг ухаалгаар зохицон давж чаддаг, бололцоо бүрийг зөв ашиглаж чаддаг чадвар энэхүү зөрчилдөөнт ертөнцөд тэсэн гарах шийдэл юм. Чех үндэстэн мэдээж аль ч ард түмний нэгэн адил эх орончид. Гэхдээ үүнийгээ ухаалаг зохицуулалт гэж үздэг болохоос хавьтсан ойртсоноо харааж зүхэх, хүч дутуугаа мэдэхгүй юу юугүй зэвсэг агсах, чадлаа мэдэхгүй өөрсдийгөө дөвийлгөн хүний тусгай төрөл зүйл мэтээр аашилдаггүй. Үүнийг хөрш зэргэлдээ зарим үндэстнүүдтэй нь харьцуулж хэлж байна. Тэд эрх чөлөөнд үнэнхүү хайртай ард түмэн. Чухам үүнээсээ болж олон удаа хохирол амссан. Хохироход нь түр зуур зохицох боловч өөрийн гэсэн дотоод эрх чөлөөгөө хадгалсаар дараагийн бололцоо гарангуут түүнийг цаг алдалгүй ашигладаг. Хүлцэх чадвартай ард түмэн л түүхийн урт удаан хугацааны шалгуурыг давж чадна.

Хэдэн жилийн өмнө би Чехийн Карлови Варид очсон юм. Номын дэлгүүрээс “Эрэлхэг цэрэг Швэйк дэлхийн дайнд хөглөсөн паян” номыг чех хэлээр сураглатал байхгүй гэнэ. Харин оросоор бол байна гээд гаргаж үзүүллээ. Үүнээ худалдагч тайлбарлахдаа Швэйк чех айл болгонд буй учир хүн авдаггүй. Харин Карлови Варид одоо ихэнх оршин суугчид нь орос баячууд гэнэ. Тухайн цагтаа Карлови коммунист ертөнцдөө хамгийн алдартай рашаан байв. Иймээс баяжсан орос олигархиуд байр савыг нь худалдаж авчээ. Үүнд чехууд “мафи” гэх мэтээр харааж зүхсэнгүй. Оросын танк дахиж орж ирнэ гэж ч сүржигнэсэнгүй. Эдийн засагт нь оруулж буй их мөнгө гэж харж. Гадаадын харьяат оросууд нэг мэдэхэд эргээд буцна. Карлови Вари тэртэй тэргүй чехийн унаган нутаг. Цагтаа австричууд, германчууд, унгарууд ч энд төвхнөж хөрөнгө оруулж л байсан. Танктай орж ирээгүй л бол аль алиндаа ашигтай бизнес хийхэд буруу юу байх вэ дээ.

Унаган чех хүн эрэлхэг цэрэг Швэйкээр төсөөлөгддөг. Залирхаг, сэргэлэн, өөрийн бодолтой, ухаалаг, шооч, найрсаг, эх оронч, үндэсний үзэлтэй. Гэвч энэ сайн чанаруудаа нөхцөл байдалд маш зөв зохицуулж чаддаг. Австрийн цэрэгт хүчээр татагдаж, ямар ч утга учиргүй дайнд өөрийн эрхгүй орсноор хүн алж, хүрээ талах албанд шахагдсан Швэйк мангар царайлахаас өөр яах юм бэ. Өөрийгөө “албан ёсны мангуу” гэж нэрлэсэн чех эр онигоогоор дамжуулж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх аргатай. “Дайн дууссаны маргааш өдрийн орой яг зургаан цагт Хонхорын гуанзанд уулзъя” гэж дэлхийн дайны ид үед Швэйк барилгын цэрэг Водичиктай болздог. Арван сая хүний амь авч дэлхийг хамарсан дайн ид болж байхад тэнд байлдаж яваа цэргүүдийн ярьж буй нь. “Дайн ямар ч байсан дуусна, Чех улс тусгаар болно, Прагт ердийн энх амьдрал үргэлжилнэ, Хонхрын гуанз үйлчлүүлэгчдээ найрсгаар угтан авна. Швэйк, Водичик хоёр тэнд алдарт чех пивоо уунгаа дараагийн болзоогоо тавина. Тэр нь ирээдүйн Чех орон.

Юм яаж ч муугаар эргэсэн ерөнхий чиглэл нь сайн тал руугаа явж байдаг. Энэ бол Швэйкийн хэлэх дуртай үг.

2018.2.25

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *