Энэ сарын 3-наас 7-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн
хотноо “Нэг бүс нэг зам” стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор
Хятад, Монгол, Орос гурван улсын худалдаа эдийн засгийн форум, бараа
бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Энэхүү форум нь
“Эдийн засгийн коридорыг хамтран байгуулж, уялдаатай хөгжлийг ахиулах” нэрийн
дор зохиогдож байгаа аж. Тус үйл ажиллагаа нь гурван улсын худалдааны харилцаа,
хүмүүнлэгийн ухааны солилцоо, соёлын аялал жуулчлал, хил дамнасан эдийн засгийн
бүс нутгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөгжлийг урагшлуулах зорилготой
юм байна.
Энэ үеэр Хятад,
Монгол, Оросын албан ёсны дээд түвшний уулзалтууд зохиогдохоос гадна гурван
улсын хил дамнасан логистик, электрон худалдааны худалдааны хамтын ажиллагаа,
аялал жуулчлал, соёл боловсрол, банк санхүүгийн инновацийн хамтын ажиллагаа
чиглэлээр салбар хуралдаанууд болох аж. Түүнчлэн энэ чиглэлийн төслүүд
танилцуулагдах юм байна.
Мөн форумын үеэр
гурван улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох
бөгөөд манай улсаас 270 гаруй ААН оролцож байгаа аж. Үзэсгэлэнгийн хүрээ жил
бүр өргөжин тэлж, энэ жил Тайвань, Малайз, Хонконг, БНСУ-ын бизнес эрхлэгчид,
Шилийн гол аймгийн төлөөлөл оролцохоор бүртгүүлжээ.