“Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-д төлөх 100 сая.ам долларын асуудал ил болов. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх үеэр 2012 оноос өнөөдрийг хүртэлх ногдол ашгаа Эрдэнэт үйлдвэр ОХУ-д төлөөгүй талаар яриа өрнөлөө. Энэ ямар учиртай юм гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү нар Төрийн өмчийн хорооны удирдлагаас асууж тодруулсан. Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж өнөөх ногдол ашгийг банкинд хадгалж байсан ч өнгөрсөн жил эдийн засаг хямралтай байх үед зарцуулаад дууссан тухай дуулгав. Тэр ч бүү хэл “Одоо ногдол ашиг төлөх мөнгө байхгүй. 100 сая ам.долларын өрөнд орчихоод байгаа” гэж хэлсэн. Яагаад дор бүр нь шилжүүлээгүй гэдэг асуудал гарахад Совет хуралдаж ашгаа хуваах шийдвэр гаргаагүй гэж хариулсан юм. Энэ нь Эрдэнэтийг 100 гаруй сая ам. долларын өрөнд оруулах нөхцөл бүрдүүлсэн юм байх. Учир мэдэх хүмүүс энэ үйлдвэрийн дөрвөн жилийн ахуйн зарцуулалт ийм хэмжээний ам.доллар болно гэж байхгүй гэж үзэж байгаа. Энэ өр яагаад үүссэн тухайд Төрийн өмчийн хорооны дарга “Төрийн албан хаагчийн цалин тэтгэмж зэргийг үйлдвэрийн ноогдол ашгаас суутгаснаас..” гэж тайлбарлаж байгаа харагдана лээ. Одоо ийм их хэмжээний өрийг төрөөс төлүүлэх дээрээ тулчихаж. Зарцуулахаа болохоор дур мэдэж зарцуулаад төлөхөө болохоор төрөөс дэмжлэг авна гэдгийг юу гэж ойлгохов. Мөн ногдол ашгийг банкинд байршуулахдаа ямар гэрээ байгуулж, хэдэн хувийн хүү авахаар тохирч, хадгалуулсан тухай мэдээллийг Төрийн өмчийн хороо өгөх боломжгүй гэж байсан. Тэгсэн мөртлөө хэний зөвшөөрлөөр ямар зүйлд захиран зарцуулсан нь тодорхойгүй.
УИХ-ын чуулганы хуралдаанаар ил яригдсан ноцтой мэдээлэлд хэвлэл мэдээллийнхэн анхаарал хандуулахгүй, анзааргагүй өнгөрнө гэж үү. Хэвлэлүүд шүүмжлэх нь шүүмжилж, илүү мэдээлэл олж олон нийтэд мэдээлэх үүргээ гүйцэтгэсэн. Дэлхийн ямар ч улсад Эрдэнэтийн дайтай үйлдвэр нь хамтарсан компанид шилжүүлэх мөнгөө банкинд хадгалж байгаад өөрсдөө дур мэдээд зарцуулсан бол олон нийтэд мэдээлнэ, шүүмжилнэ. Үүний араас мөшгинө. Харин ч ийм мэдээлэл УИХ дээр нь яригдаж байхад, өөрсдөө үгүйсгэж чадахгүй хүлээн зөвшөөрөөд сууж байхад дуугүй өнгөрвөл хэвлэл мэдээллийнхэн захиалга аваад дуугүй өнгөрлөө гэж хардуулах биш үү. Гэтэл энэ үйл явдлыг мэдээлж, шүүмжилснийх нь төлөө Эрдэнэт үйлдвэрийнхэн улс төрийн байгууллага шиг мэдэгдэл гаргаж. Мэдэгдэлдээ “Компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, хамт олны нэр хүндэд халдсан, илт гүжирдсэн, баримт нотолгоогүй зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа. Эдийн засаг хүнд байгаа үед үйлдвэр хэвийн ажиллаж, үр ашгаа нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлэх арга хэмжээ авснаар орон нутгийн төсөвт хуулийн дагуу татвараа төвлөрүүлэн, ажилчдадаа ажлын үр дүнгийн болон зэсийн үнийн урамшууллыг олгожээ. Тус үйлдвэр 2015 оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлж, 219.5 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төвлөрүүлсэн. Нэг тонн зэсийн өөрийн өртгийг тогтмол бууруулан сүүлийн хоёр жилд 140 орчим тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Эрдэнэт” үйлдвэрийг алдагдалд орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлийг бий болгож байна. Иймд баримт нотолгоогүй, захиалгат мэдээ мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хуулийн байгууллагаар шалгуулах болно” гэжээ. Компанийн хэвийн үйл ажиллагаа эрсдэлд орох зүйлийг хийж, ногдол ашгаа төлөөгүй, улсаа өрөнд унагаж байгаа тус үйлдвэрийнхэн үү, тэрийг мэдээлсэн хэвлэл мэдээллийнхэн үү. Зуун сая ам.долларыг хэвлэл мэдээллийнхэн санаанаасаа зохиогоод эсвэл өгүүлэхгүй гээд байгаа биш шүү дээ.
Шүүмжилсний төлөө шүүхэд өгнө гэдэг арай дэндсэн хэрэг. Монголд ийм буруу жишиг тогтож байна. Шүүмжилсний төлөө шүүх эрүү үүсгэдэггүй. Энэ бол цагийн гарз. Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Хэн ч юуг ч шүүмжилж болно. Үзэл бодлоо илэрхийлж болно. Ялангуяа хэвлэл мэдээллийнхэн мэдээлэх үүргээ гүйцэтгэнэ.
Улс төрийн байгууллага шиг мэдэгдэл гаргаж байгаа энэ байгууллагын удирдлагад үеийн үед эрх баригч буюу сонгуульд ялсан нам өөрийн хүнээ тавьдаг. Монголбанк, МҮОНРТ, гааль, мэргэжлийн хяналт гээд олон байгууллагад мөн л ялсан нам өөрийн хүмүүсээ шургуулж, удирдлагаар нь өөрийн хүнээ тавьдаг.
Эрдэнэт үйлдвэр гэхэд бүх юм нь нууц далд. Ямар бараа материалыг яаж худалдаж авдаг, тендер нь хэрхэн явагддаг нь ойлгомжгүй. Тэр улстөрчийнх, энэ бөхийнх, олны танил ийм хүний бизнес л гэлцдэг. Тодорхой хэсэг бүлэг хүнээс өөр бусад нь Эрдэнэтийн гэх тендерт оролцох ёсгүй юм шиг байгаа юм.
Иймэрхүү байгууллагаас ямар нэг мэдээлэл авах гэж бөөн хүнд суртал, хэдэн давхар шалгуур давна. Мэдээлэл өгөхийн тулд хэн нэг дарга сэтэртнүүд нь заавал хянаж, гар хөлийн үсэг зурна. Эсвэл мэдээлэл өгөхөөс татгалзана. Өөр газраас мэдээлэл олоод авчихвал шууд захиалгатай гэж гүтгэнэ. Хэвлэлд сайн, муу олон талын мэдээлэл гардаг. Сайн сайхан бүтэж болж байгааг мэдээлэхээр захиалгатай гэнэ, болж бүтэхгүй байгаа мэдээллийг баримттай нь тавьсан ч захиалгатай гэнэ. Ардчиллаар олж авсан хэвлэн нийтлэх эрх чөлөөг захиалгат гэдэг үгээр дорд үзэж үгүйсгэх болж. Хэрэв хэвлэлийг мэдээлэл нийтэлснийх нь төлөө захиалгат гэж байгаа бол үүнийгээ тухайн байгууллага хувь хүмүүс нотлох хэрэгтэй.
Хэзээнээс ч юм “Эрдэнэтэд шахах” гэдэг үг гарч, одоо бол жирийн хэллэг болж. Тэр шахаа гэх зүйл нь улс төрийн эрх ашигт үйлчилдэг шиг байгаа юм. Томоохон улсын үйлдвэр улс төрийн байгууллага шиг болсны гор. Эрдэнэтийн гэх ганц ил тендер зарлаж байхыг мэдэхгүй. Гэтэл Оюу толгой идэвхтэй ажиллаж байх үедээ байнга ил тендер зарлаж, ажилтан авах, бараа материал худалдан авахаа ч заавал хэвлэл мэдээллээр олон нийтэд ил зарладаг. Эрдэнэтийн тэр шахаа гэх зүйлийг ч бас тендер зарлаж өрсөлдөж байж л шийдэх зүйл байх. Гэхдээ хэн өрсөлдөөд хэн ялдаг нь олон нийтэд ил биш. Оюу толгойг хэн хүнгүй шүүмжилж л байдаг. Тэглээ гээд улс төрийн мэдэгдэл хийвэл хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид тэр байтугай дэлхий чихээ дэлдийлгэн гайхна. Гэтэл Эрдэнэт үйлдвэр улс төрийн байгууллага шиг л байдаг. Эрдэнэтийг улс төрөөс ангид байлгахын тулд төрийн өмчийн 51 хувийг задалж, үндэсний томоохон компаниудад хувьчилчихвал улс төрийн элдэв шахаанаас гарах биз. Монголын 51 хувийг 26:25 буюу төрд 26, хувийн хэвшилд 25 хувийг нь өгчих хэрэгтэй юм. Тухайлбал МАК, МСS, Гацуурт, Алтан тариа, Талх чихэр, Монполимет, Петровис, Сод Монгол, АПУ, Авзага трейд, Гандирс зэрэг үндэсний томоохон компаниудад тодорхой хувь өгчихвөл төрд эрхлээд, ялсан намд үйлчилж, улстөржөөд байх нь үгүй болно.
Ялсан нам өөрийн хүнээ даргаар тавихаа болино. Ингэхээр үйл ажиллагаанд нь ямар нэг улс төрийн хүчин, улстөрч оролцохгүй гэсэн үг. Ингэвэл энэ үйлдвэр улс төрийн байгууллага шиг биш, аж ахуйн байгууллага болно.