Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

“Эрдэнэс Таван толгой”-д “зоос”-ны төлөөх зодоон болоод байна уу

Манайхан баялгаа байгаагаар нь, түүхийгээр нь гадагш зөөгөөд зарчихдаг. Сурчихсан. Өртөг шингээж, баяжуулдаг үйлдвэр маш цөөхөн. Барьж байгуулах талаар ярихаас хэтрэхгүй. Ажил хэрэг болгох хүсэл багатай гэхэд болно.

Ялангуяа нүүрс баяжуулах үйлдвэрийн тухайд улам хойшоо суудаг. Өнөөг хүртэл түүхий нүүрсээ вагон вагон, тэвш тэвшээр нь зөөсөөр л байгаа юм.

Ковид гарч, өмнөд хөрш нүүрсний худалдан авалтдаа үе үе чагт тавьдаг ч манай нүүрснийхэн хил дээр ачаатай нүүрстэйгээ оочерлосоор л байна.

Ийм экспорт Монгол Улсад эдийн засгийн ач холбогдлын хувьд бага байдаг. Үүнийг хаана хаанаа ойлгодог.

Харин энэ жил гялайх нэг мэдээ дуулдсан. Олон жил түүхийгээрээ урагш урссан “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нүүрс өртөг шингэсэн баялаг болж экспортлогдохоор болов. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой” ХК-иас зарласан “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй нээлттэй тендер шалгаруулалт зарласан юм.

Таван толгой ордод түшиглэсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг техник-эдийн засгийн үндэслэлийн дагуу 2021 оны III дугаар улиралд багтаан эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гэвч уг шалгаруулалт хууль бус явагдсан, ерөнхий шаардлага хангахгүй компанитай гэрээ байгуулсан гэх маргаан дэгдсэн юм.

Тендер зохион байгуулагчид 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр тендер шалгаруулалтыг нээгээд “Синостийл МИКК”, “Бээжин Хуаюу Инженеринг” ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэжээ.

Гэвч нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, FEED боловсруулсан “Чайна Металлуржикал Инженеринг” компанитай “Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп” нь нэгдмэл сонирхолтой гэсэн мэдээлэл тарсан юм.

Өөрөөр хэлбэл, дээрх хятад компанид давуу байдал олгосон. ТЭЗҮ-ийг охин компани нь хийж, харин толгой групп нь барилгын зураг төслийг гарган барьж гүйцэтгэх тендерт ялсан гэсэн дуулиан дэгдсэн.

Харин “Эрдэнэс Таван толгой” ХК-ийнхан “Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп”-ээс энэ талаар тодруулга хүсч, ““Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп” нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд “Чайна Металлуржикал Инженеринг“ ХХК-тай нэгдмэл сонирхолгүй болохыг мэдэгдье” гэсэн хариу авсан талаараа мэдээллээ.

Үүнтэй зэрэгцээд, зарим эх сурвалжийн мэдээлэл амьдралд ойр сонсогдож байна. Таван толгойн нүүрсийг баяжуулах нь өмнөд хөршийн жижиг баяжуулагчид, Таван толгойн түүхий нүүрснээс ашиг ологчдод таалагдахгүй. Тэдний “Арвин их зоосны ашиг” алга болно. Бас манай Таван толгойн нүүрсний гэрээг зуучлагч томчуудын орлого байхгүй болох юм.

Энэ хоёр ашиг сонирхол нэгдээд, баяжуулах үйлдвэрийн тендерийг “будаа” болгож буй бололтой.

Үүнээс улбаатайгаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагууд ч хоорондоо зөрчилдөөд эхэлжээ. ТУЗ-ийн нэр бүхий гишүүд, гүйцэтгэх удирдлагын хооронд үл ойлголцол үүсээд удсан байна.

Хамгийн гол нь ил, далд өрнөж эхэлсэн энэ зөрчилдөөнийг “том дарга”-ын нөөлөгт байдаг хуулийн нөхдүүд, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн зарим гишүүн “Хятад зоос”-ны тусламжтайгаар өрдөж байгаа гэсэн баттай мэдээлэл байна.

Хамгийн гол нь энэ бүхний эцэст монголчууд баяжуулах үйлдвэргүй үлдэж, нөгөө л дундын зуучтайгаар түүхий нүүрсээ зөөдөг систем хэвээр үлдэх вий гэсэн эмзэглэл төрөөд байгаа юм.

Б.ТУЛГАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *