“Эр хүмүүсийг та нар хааяа ч гэсэн хайрла, эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл” хэмээн яруу найрагч М.Билэгсайхан нэгэнтээ шүлэглэсэн байдаг. Уг шүлгийн мөрөөс эрчүүд ямар их хайраар дутагддагийг харж болно.
Эрчүүдийг хааяа нэг хайрлах биш, өдөр бүр хайраар тэтгэх хэрэгтэйг тэдэнтэй холбоотой судалгааны дүн харуулсаар байна. Өнөөдөр архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, амиа хорлолт, сэтгэл гутрал, гэмт хэрэгт өртөх байдлаараа эрчүүд эмэгтэйчүүдээс хэдэн арван хувиар хол давжээ. Бага насандаа хайраар дутагдаж, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн эрчүүд нас биед хүрсний дараа нийгэмд хүчирхийлэгчийн дүрийг бүтээх нь элбэг байна.
Харин хайраар тэтгэгдэж, урмаар услагдсан эрчүүд илүү бие даасан, шийдвэр гаргах чадвартай, өөртөө итгэлтэй, бусдыг энэрэх хайрлах сэтгэлтэй байх нь элбэг. Цаашлаад эрчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж наслалт бүхэл бүтэн 10 жилийн зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байна. Тэд эрүүл мэнддээ анхаарч жил бүр эрүүл мэндийн үзлэгт орох нь бүү хэл өвдөөд, өвчлөл нь хүндэрч, эцсийн шатандаа орсон хойноо эмнэлэг бараадаж байгаа нь яах аргагүй эмзэглэл төрүүлж байна. Эрчүүд өвдөх, уйлах эрхгүй мэт аашилж, тэднээс үргэлж чанга хатууг шаардахаа больцгооё. Тэдэнд уйлах,өвдөх эрхийг нь үлдээе. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг дээ. Эрчүүдийгээ өчигдрөөс илүү өнөөдөр, өнөөдрөөс ч илүү маргааш улам их хайрлая. Хариуг нь бид нийтээрээ, нийгмээрээ хүртэх л болно.