Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо DNN.mn

Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийг сайдад даалгалаа.
Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна.
Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд, дулааны станцууд 526.4 мян.тн нүүрсний, 1,569 тонн мазутын нөөцтэй байна.
Баруун үйлдвэрийн дөрвөн шугам, Төвийн үйлдвэрийн хоёр шугам, Зүүн үйлдвэрийн дөрвөн шугам ажиллаж хоногт дунджаар 2,300 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, сайжруулсан шахмал түлшний нөөц 118,234 тн, мидлингийн нөөц 175,006 тн, барьцалдуулагчийн нөөц 730 тн, шуудайны нөөц 383.1 сая ширхэг байна.
2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал өвлийн горимыг мөрдөн ажиллана. 2023-2024 оны өвлийн оргил ачаалал 1567 МВт хүрэх таацтай байна.
Төвийн эрчим хүчний нэгдсэн системийн эх үүсвэрүүд бүрэн чадлаараа ажиллах бөгөөд аль нэг тоноглолд гэмтэл, саатал гарсан тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл байдал үүснэ.
‎‎            Улсын хэмжээнд 2023 оны эхний найман сарын гүйцэтгэлээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ боловсруулалтаар 7,011.6 сая кВт.цаг байгаа нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 422.9 сая кВт.цаг буюу 6.4 хувиар өссөн байна.

Товч мэдээ
·      Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгон өөрчиллөө.
·      Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханы манай улсад 2023 оны есдүгээр сард хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгав.
·       Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *