Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Энтони Блинкен: Манай улсаас Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт энэ жилээс эрс нэмэгдэнэ DNN.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр манай улсад хүрэлцэн ирээд буцлаа. Энэ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад найман жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм. Э.Блинкен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээр хийлээ. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Тодруулбал, Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлоод өнгөрөгч сард АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй санал солилцож, дараахь тохиролцоонд хүрэв. Мөн Монголын англи хэлний багш нарыг мэргэшил дээшлүүлж, чадавхжуулах мэргэжлийн төвийг Улаанбаатар хотноо нээхээр тохиролцов. Түүнчлэн Монгол Улс, АНУ-ын Эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцохоор болов. Мөн 2020 онд байгуулсан Монгол Улс, АНУ хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 2025 он хүртэл сунгахаар шийдвэрлэв.

Дараа нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хамтарсан мэдээлэл хийв.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: -Манай улсын хувьд хоёр гүрний дунд, далайд гарцгүй, ардчилсан тогтолцоог сонгосон улс. Бидний хувьд энэ тогтолцоонд шилжээд 30 гаруйхан жилийн туршлагатай ард түмэн. Хоёр хөрштэйгөө бид мөнхийн эв найрамдалтай байхыг эрмэлзэж явдаг. Бидний харилцааны түвшин хамгийн оргил үедээ хүрсэн.

Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийг хэрэгжүүлж байгаа. Монгол Улс гуравдагч хөршийн бодлого гэдэг нэр томьёог гаргаж ирсэн цагаас хойш яг энэ цаг үед жинхэнэ утгаар нь өндөр хөгжүүлж байгаа гэж хэлж болно. Гуравдагч хөршүүдийн тухайд бид эдийн засгийн, худалдааны хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, үргэлж харилцан ашигтай хамтын ажиллагааны төлөө явахаа ил тод ярина. Эдгээр зарчмаар гуравдагч хөршийн бодлогоо бид хэрэгжүүлж байгаа. Тэр дундаа АНУ-д ажиллаж, амьдарч, сурч байгаа Монгол Улсын иргэн маш олон байдаг. Ихэнх нь энэ улсад шинэ технологи, шинэ бизнес, шинэ хандлагад суралцаж байдаг. Энэ утгаараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ноён Э.Блинкен сайд бид хоёр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, жинхэнэ бодит хамтын ажиллагаа эхлүүлэх, АНУ-ын хөрөнгө оруулагчдыг Монголд оруулж ирэх, орчныг нь бүрдүүлэх чиглэлээр баримт бичигт гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл, АНУ-ын хөрөнгө оруулалтын богино хугацаанд олон салбарт оруулах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Монгол Улсын хувьд НҮБ-ын гишүүн бүх орнуудтай дипломат харилцаа тогтоосон. Бүх улс оронтой эв найрамдалтай зэрэгцэн орших ийм олон тулгуурт, нээлттэй, бие даасан гадаад бодлогыг явуулдаг. Цаашид Монгол, АНУ-ын хоорондын хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засаг эрчимтэй нэмэгдэж, харилцан ашигтай хамтын ажиллагаа идэвхтэй явагдана гэдэгт бид итгэлтэй байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен: -Энэ жилээс АНУ-аас Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ. Энэ нь Монгол Улсын хувьд өөрсдийнхөө гол гол салбаруудыг хөгжүүлэх, эдийн засгийн тэсвэртэй байдлыг бий болгох ач холбогдолтой. Түүнээс гадна шинэ боломж, шинэ ажлын байрыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү айлчлалын хүрээнд хатагтай Б.Батцэцэг сайд бид юу ярьсан бэ гэхээр ерөөсөө худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа илүү яаж хөгжүүлэх вэ, бодитойгоор яаж нэмэгдүүлэх үү гэдэг чиглэлээр ярилцлаа. Монгол Улсын хувьд эрчим хүчний салбар, газрын ховор элемент, ашигт малтмал зэрэг салбарт хөрөнгө оруулалт чухал байгааг ярилцлаа. Үүнээс илүүтэйгээр бид бүхний хамгийн анхаарах ёстой чиглэл бол хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах. Энэ чиглэлээр бид бас хамтарч ярилцлаа. Хөрөнгө оруулалтын хувьд манайд дандаа хувийн сектороор дамжиж явагддаг. Тиймээс энэ чигийн хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхийн тулд орчин нөхцөлөө маш сайн бүрдүүлэх, тэр дундаа хувийн хэвшлийн чиглэлд илүүтэй нөхцөлийг нь сайжруулах нь чухал. Манай улсын хувьд бусад улс орнуудын хамгийн чухал, хамгийн шаардлагатай гэсэн салбар луу хөрөнгө оруулалт хийж чаддаг. Хөрөнгө оруулалт ямар ч хэлбэрээр орж болно. Бидний хувьд тухайн улсдаа өр бий болгохоос болгоомжилдог. Хамгийн чухал нь тухайн улс орны эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлд анхаардаг. Энэхүү бодлогоор бид улс оронтой хамтарч ажилласнаараа аль аль талдаа ашигтай гэж үздэг. Өнөөг хүртэл явж ирсэн хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг дараагийн шатанд бид яаж гаргах вэ гэдгээ энэхүү айлчлалын үеэр маш сайн ярилцлаа. Цаашдаа Монгол Улсын Засгийн газартай бид энэ чиглэлээр илүү идэвхтэй ажиллах болно. Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхсан. Ингэхдээ энэ чиглэл, энэ зарчмаараа мөн үргэлжлүүлэн ярилцсан байгаа. Манай хоёр улсын хувьд нөөц бололцоо асар их байгааг бид аль аль талдаа мэдэж байгаа. Монгол Улсын иргэдийн хувьд боловсролын түвшин өндөр орон. Үүнийг улам илүү нэмэгдүүлэх, хувь хүний хөгжлийг дээшлүүлэх, чадавхыг нь нэмэгдүүлэх чиглэлд тодорхой салбаруудад хамтран ажиллахаар болсон. Тухайлбал, багш, оюутан нарын англи хэлний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр тусгай хөтөлбөр боловсруулж ажиллахаар боллоо. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд ердөө долоо хоногийн өмнө Вашигтонд айлчлах үеэрээ нэг зүйлийг онцлон хэлсэн. Тэр бол Монгол Улс англи хэлийг илүү өргөн хүрээнд хүртээмжтэй сургах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэлж байсан. Харин өнөөдөр энэхүү асуудал шийдлээ олж байна. Ердөө долоохон хоногийн дотор тодорхой сэдэв, салбарын хүрээнд саналаа солилцоод шийдлээ олж байна гэдэг бол их чухал. Цаашид бусад салбар, бусад төсөл хөтөлбөр дээр энэ мэт бодитой шуурхай шийдвэр, гарц гаргалгаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа илүү өрнөөсэй гэж хүсч байна. Англи хэлийг улам төгс, төгөлдөр эзэмшсэнээрээ бизнес болон бусад зүйлд бүтээмжтэй байх болно. Тиймээс энэ чиглэлд Монгол Улстай гар нийлэн ажиллах болсондоо баяртай байна.

Дараа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен сэтгүүлчдийн сонирхсон асуултад товч хариуллаа.

-Энэ бүс нутгийн хувьд Хятад улс дангаараа хүчирхэг оршиж байгаа. Нөгөөтэйгүүр Хятад улс бол Монгол Улсын мөнхийн найрсаг хөрш. Тэгэхээр энэ бүс нутгийн аюулгүй байдлыг Хятад улсын гадаад бодлогод нөлөөлөхгүйгээр яаж хамгаалах бодлого барьж ажиллах вэ?

-Эдийн засаг талаас нь би эхлээд хариулъя. Энэ бүс нутгийн улс, орнуудын хоорондын эдийн засаг, худалдаа маш чухал. Үүнд бидний хувьд дэмжиж оролцоно. Тэгэхээр юу гэхээр энэ зууны хамгийн чухал худалдаа бол цахим эдийн засаг байгаа. Манай улсын хувьд цахим эдийн засаг асар чухал нөлөөтэй байдаг. Эдийн засаг, худалдаагаа цахимжуулах чиглэлд бид Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны шугамаар үүнийг авч хэрэгжүүлнэ. АСЕМ-ийн улс орнуудаар айлчлах явцдаа гадаадын хөрөнгө оруулалт ямар чухал болохыг ажигласан. Дэлхийд гадаадын хөрөнгө оруулалтаараа АНУ тэргүүнд явдаг. Түүнээс гадна манай улсын хувьд өөрсдөө хөрөнгө оруулалтыг хүлээж авдаг орон. Хөрөнгө оруулалтын хувьд итгэл дээр суурилж явагддаг. Итгэл байхгүй бол хөрөнгө оруулалт явагддаггүй. Тиймээс энэ бүс нутгийн хувьд итгэл бий болгосон орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Хятадын нөлөө энэ бүс нутагт явагдаж байгаа, түүнд нөлөөлөхгүйгээр яаж аюулгүй байдал чиглэлд ажиллах вэ гэж асуулаа. Энэ бүс нутаг нээлттэй, ил тод, хараат бус байх ёстой. Бидний хувьд улс орон болгоны нөөц бололцоо ямар байна түүнийг нь нэмэгдүүлэх, өөрсдийнх нь хөгжих боломжийг дэмжиж өгөх чиглэлд гол бодлого, зорилтоо дэвшүүлэн хамтарч ажиллахаа илэрхийлж ирсэн. Энэ зарчмаараа цаашдаа явах болно. Ирээдүй ямар байх вэ гэдэг дээр нийтлэг эрх ашгийн төлөө бид ажиллана. Улс орон болгон өөрийнхөөрөө шийдвэр гаргах, өөрийнхөөрөө сонголтоо хийх эрхтэй байх ёстой. Бид энэ эрхийг нь хүндэтгэнэ. Бас хамгаална. Хятад, АНУ хоорондын харилцаа маш хариуцлагатай, маш өндөр түвшинд байх ёстой гэдгээ би айлчлал болгондоо хэлдэг. Хоёр улсын хувьд тодорхой хэмжээний өрсөлдөөн бий. Бидний хувьд өрсөлдөөнийг эрүүл үзэгдэл гэж боддог. Хамгийн чухал нь энэхүү өрсөлдөөн шударга, ил тод, нээлттэй л байх хэрэгтэй. Энэ чиглэлд л бид анхаарах ёстой юм. Дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн хувьд бид хамтын ажиллагаатай байх ёстой. Манай улсын хувьд Үнийн өсөлтийн эсрэг хууль гаргасан байгаа. Энэхүү хуулийн хэрэгжилт дэлхий даяар мэдрэгдэж, нөлөөлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *