Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Энхсаран”сувилалд тусгаарлагдсан иргэдийг татан авч, тус сувиллыг хааж байна

Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан билээ. Учир нь манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдаад байгаа юм.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн гурван иргэнээс гадна, “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан 40 гаруй иргэн коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Энхсаран сувиллаас 40 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон” гэж мэдэгдсэн.

Харин халдвар хамгааллын горим алдагдсан байж болзошгүй “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Өмнө нь тус сувиллын 3-р байранд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлж байсан бол 4,1-р байранд тусгаарлагдсан иргэдийг ийнхүү шилжүүлж байна. 4 болон 1-р байр нь 3-р байрнаас тусдаа байршилтай. 4-р байранд байсан 70 хүн, 1-р байранд байсан 11 хүнийг аюулгүй цэг рүү шилжүүлэх ажлыг нийслэлийн шуурхай штаб, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм.
Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхийн тулд УОК-ийн шуурхай штабаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд тээвэрлэлт хийхдээ өрөө бүрээр нь тусгаарлан авч явж байна. “Энх саран” сувилалд үлдэх тухайн байгууллагын ажилтнууд болон тэнд ажилласан резидент эмч, онцгой байдал, харуул хамгаалалтын байгууллагын хүмүүсийг ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу мөн тусгаарлаж ажиглалтад авсан байна.
Тус сувиллын байранд ЗӨСҮТ-өөс халдваргүйжүүлэлтийн ажил хийнэ. “Энх саран” сувиллыг тодорхой хугацаанд хатуу хяналт, харуул хамгаалалтын дор байлгана. Цаашид энэхүү сувиллыг тусгаарлалтын байрны зориулалтаар ашиглахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *