Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Энхийг сахиулах хүчнийг Казахстанд оруулах шийдвэр гаргалаа

Казахстан улсад энэ сарын 2-ны өдрөөс эхэлсэн бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалын улмаас Засгийн газар огцорч, Онц байдал тогтоосон ч өчигдөр нөхцөл байдал хяналтаас гараад байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч Токаев энэхүү үйл явдлыг улс оронд учирсан террорист халдлага, гаднын түрэмгийлэл гэж үзээд, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу түнш орнуудаас албан ёсоор цэргийн тусламжийг хүссэн. Энэ хүсэлтийн дагуу ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, Энхийг сахиулах хамтын хүчнийг хязгаарлагдмал хугацаагаар тус улсад оруулах шийдвэрийг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдөр гаргалаа.

Казахстаны баруун хэсэгт орших Мангистау мужийн Жанаозен хотод шингэрүүлсэн хийн үнэ шинэ оны эхнээс хоёр дахин өссөний улмаас өрнөсөн эсэргүүцлийн жагсаал даамжирч тус улсын нийт газар нутгийг хамраад байна. Хэдийгээр Ерөнхийлөгч Токаев 1 дүгээр сарын 5-ны өглөө Казахстаны Засгийн газрыг огцруулж Мангистау муж, Алматы хот, Нур-Султан нийслэлд Онц байдал зарласан ч эсэргүүцлийн жагсаал бүх мужийн төвд өчигдөр үргэлжилж түүний дотор Алматы хотын захиргаа, Ерөнхий прокурорын байшин, Алматы дахь Ерөнхийлөгчийн ордон, эрх баригч Нур-Отан намын байрыг шатааж, Алматы хотын олон улсын нисэх онгоцны буудлыг босогчид булаан авч нөхцөл байдал хяналтаас гарах магадлалд хүргэжээ.

Улмаар Ерөнхийлөгч Токаев Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг гартаа авч түүнийг тэргүүлдэг Нурсултан Назарбаевыг албан тушаалаас нь чөлөөлж улс орон даяар Онц байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байна. Тэрээр зарлиг гаргаж Назарбаевын үед томилогдсон Аскар Мамин тэргүүтэй Засгийн газрыг огцруулж, өөрийн туслах Карин Ерланыг Казахстан Улсын Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо. Мөн Ермек Сагимбаевыг Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны даргаар, Берик Кунанбаевыг Тусгай хүчний албаны даргаар, Сакен Исабековыг Төрийн аюулгүй байдлын албаны даргаар томилжээ.

Шинээр томилогдсон эрх баригчид Алматы хотод терроризмын эсрэг тусгай ажиллагаа явуулж дээрэмчдийн эзлэн авсан нисэх буудлыг одоогоор чөлөөлөөд байна. Тус ажиллагааны үеэр аюулгүй байдлын найман ажилтан амиа алдаж, 317 хүн шархаджээ.

Алматы хот үймээн самууны бай болж нийтдээ 500 хүн бэртэж, 120 машин түүний дотор түргэн тусламжийн болон гал унтраах 33 машин бүрэн шатаж дууссан байна. Мөн 120 дэлгүүр, 100 албан газар, 180 кафе, рестораныг тонон шатааж, бэлэн мөнгөний АТМ машинуудыг дээрэмдэж мөнгийг нь жагсагчдад тараасан байна.

Үймээн самууны сургаар Казахстаны арван хувийн онгоцоор үндэсний олигархиуд, түүний дотор Назарбаевын хүргэн, охин нар Европ руу зугтаж, Засгийн газрын онгоцоор үл мэдэгдэх өндөр албан тушаалтнууд Оросын нутаг руу оргон зайлсан байна.

Казахстан улс дэлхийн ураны 40 гаруй хувийг үйлдвэрлэдэг бөгөөд үймээн самуунтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр 42 ам.доллар байсан ураны үнэ нэг өдрийн дотор 8 хувиар өсч, нэг фунт нь 45,25 доллар болсны зэрэгцээ Лондонгийн хөрөнгийн бирж дээр ураны хамгийн том үйлдвэрлэгч Казатомпромын хувьцааны үнэ 11 хувиар унасан байна.

Мөн дэлхийн нийт биткойны 18 орчим хувь нь Казахстан улсад төвлөрдөг бөгөөд энэхүү үүссэн нөхцөл байдлын улмаас биткойны үнэ цэнэ буурч эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *