Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв DNN.mn

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ.

Уг ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа тэргүүтэй ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлага, мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын 76 дугаар чуулганы индрээс Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог 15 хувьд хүргэх тодорхой бодлого зорилтыг дэвшүүлэн ажиллахаа илэрхийлсэн. Иймд энэ ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний 11 хувийг эмэгтэй цэргийн алба хаагч эзэлж буйг онцлоод “Та бүхэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлж, үнэн зөв ойлголттой байх нь туйлын чухал бөгөөд элдэв андуу ташаа мэдээлэл нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж ирсэн 20 жилийн түүхийг харлуулж, нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлж болохыг сайтар ухамсарлан ойлгож, үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсын төр засаг, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвартаа тулгуурлан амжилттай гүйцэтгэж, цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлж, хүний газар явахдаа бие биедээ анхаарал халамж тавьж, үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгээрэй” хэмээн захилаа.

Мөн энэ үеэр мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдаа төлөөлж ахлах ахлагч Б.Батдэмбэрэл үг хэлсэн юм. Тэрбээр, “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын төлөөлөл, ажил албандаа мэргэшсэн шилдэг эмэгтэй цэргийн алба хаагчидтайгаа мөр зэрэгцэн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаа амжилттай дуусгалаа. Миний хувьд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдаа төлөөлөн үг хэлж байгаадаа туйлын их баяртай байна.

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүний 11 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчаар бүрдүүлж байна. Тийм ч учраас бид бүхэн монгол цэргийн, тэр тусмаа эмэгтэй алба хаагчдынхаа нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ нэр төртэй биелүүлэхээ гүнээ ухамсарлаж байна” хэмээсэн юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 17-ны өдрийн морин цагт зохион байгууллаа.

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулсан энэхүү ёслолын ажиллагаанд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга,бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат болон БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн оролцсон юм.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг Зэвсэгт хүчний Жанжин тугийг залснаар энэхүү ёслол эхэлж, Цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн юм.

Үүний дараа БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Монгол Улсын Зэвсэгт хүчин анхны цэргийн ажиглагч офицерыг үүрэг гүйцэтгүүлэхээр илгээснээс хойших 19 жилийн хугацаанд дэлхийн 13 улсад явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19500 гаруй цэргийн алба хаагч, энхийг сахиулагч нар үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм. Өнөөдөр дэлхий нийтээр цар тахлын халдвар тархсан эрсдэлтэй цаг үед НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 орчим цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Та бүхэн төр, засгийн удирдлагаас хүлээлгэсэн өндөр нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, туршлагадаа тулгуурлан амжилттай гүйцэтгэж, Цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлэн, бие биедээ анхаарал тавьж, үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцоллоо.

Тэрбээр үг хэлснийхээ дараа Цэргийн багийн захирагч, хурандаа О.Заяатад Монгол Улсын Төрийн далбааг гардуулж, ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэн, “Дэлхийн цэрэг” хэмээн хүндлэгдсэн Монгол цэргийнхээ нэр хүндийг өндөрт өргөхийг ерөөлөө.

Мөн энэ үеэр БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх дайчин нөхдөдөө хандаж, цэргийн багийн захирагч, хурандаа О.Заяат үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ БНӨСУ-д явагдаж буй ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн өмнөх багуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр бий болсон ололт амжилтыг улам бүр бататгаж, энх тайван, тогтвортой байдлыг хангах ариун үйлсэд хувь нэмрээ оруулах гэж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Дэлхий дахинд болон манай оронд тархсан цар тахлын хүнд үед цэргийн багийн бие бүрэлдэхүүн “Түргэн сэтгэ, дасан зохиц, итгэлийг зүтгэлээр ялан дийл” гэсэн уриаг дэвшүүлэн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисны үндсэн дээр ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлийг өндөр түвшинд чанартай, тасралтгүй, өндөр хариуцлагатайгаар зохион байгууллаа. Энэхүү сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ЗХЖШ, Ажиллагааны удирдлагын газар, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Энхийг дэмжих сургалтын төвийн хамт олонд талархсанаа илэрхийлье гэдгийг тодотгов.

Ёслолын ажиллагааны үеэр ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ЦДУ-ын офицер, дэслэгч А.Оюунболдод албан тушаалын зэрэглэлийн ахлах дэслэгч цол, мөн 013 дугаар ангийн гэрээт цэргийн алба хаагч, түрүүч Б.Буянжаргал, Ө.Төрмөнх нарт дэд ахлагч цол олгосныг нь гардуулан өглөө.

Түүний дараа ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, СТА Н.Түвшинжаргал “Хэнгэрэг дэлхийн цэрэг” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн бол Цэргийн баг, бүрэлдэхүүний сүлд дуу болгон шинээр зохиосон дэд хурандаа Б.Мөнх-Учралын үг, ая “Зүрхний эх орон” дууг дэд ахлагч Б.Энхжаргал, М.Энхбат нар дуулсан нь энэхүү ёслолын ажиллагааны ач холбогдлыг нь улам бүр өргөсөн юм.

Энэхүү Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Цэргийн багийн бие бүрэлдэхүүний Ёслолын жагсаалаар үргэлжлэн, Жанжин тугийг байнгын байрлалд эргүүлэн залснаар өндөрлөв.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн Цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүнд улам их амжилтыг бэлгэдэн ерөөе гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *