Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх хариуцлагатай үүргийг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний эхний ээлжийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зорилоо.
Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр тэдэнд хандан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Зэвсэгт хүчин нь 2012 оноос эхлэн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багаа илгээсээр байгаа бөгөөд цэнхэр дуулгат дайчид маань үүргээ нэр төртэй биелүүлж, мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлага, тэсвэр хатуужлаараа ямагт манлайлж ирсэн билээ. Та бүхэн ч энэ эрхэм чанараа улам бататгаж эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн үүргээ мадаггүй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн онцолсон юм.
Мөн тэрээр үүрэг гүйцэтгэх хугацаандаа өөрсдийгөө хөгжүүлэх боломж хэмээн ойлгож, бие биедээ цаг ямагт тусалж, нээлттэй, сахилга баттай, хамт олонч байж монгол цэргийн байгуулж ирсэн гавьяа, хичээл зүтгэлийг улам бататгаж, Монгол Улс болон Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг олон улсад өндөрт өргөөд ирэхийг захив.