Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Энэрэл” эмнэлгийн гадаа амиа алдсан талийгаачийн ах Д.Ганжууржав: Манай гэр бүлд Монголын эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар үзүүлж болох бүх доромжлолыг үзүүллээ

-ХҮМҮҮНЛЭГ, ИРГЭНИЙ, АРДЧИЛСАН НИЙГМИЙН БОДИТ НҮҮР ЦАРАЙ ЖИРИЙН НЭГ ИРГЭН ЗОЛБИН НОХОЙ МЭТ ХАШИЛГА ТҮШЭЭД ЭНЭ ХОРВООГ ОРХИЖ БАЙГААГААС ХАРАГДАЖ БАЙНА-


Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энэрэл эмнэлгийн гадна өнгөрөгч долдугаар сарын 3-ны өдөр коронавирусийн халдвар авсан иргэн Р эмнэлгийн тусламж авч чадалгүй хугацаа алдсанаас харамсалтайгаар амь насаа алдсан юм. Талийгаачийн ах Д.Ганжууржавтай ярилцлаа.


-Юуны өмнө нийт уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаачийн буяны ажил болоод өнгөрчихсөн үү?

-Талийгаачийн ажил явдал өчигдөр болсон. Гэнэтийн зүйл болсон болохоор бид одоо ч итгэж өгөхгүй л байна. Талийгаач коронавирусийн халдвартай байсан учир чандарласан. Талийгаачийн эхнэр охин хөдөө орон нутагт амьдардаг болохоор тэндээ буян номоо хийсэн. Цаг үеийн байдал улс орон даяар хэцүү байгаа болохоор хэн хэнд маань амаргүй л байлаа. Гэсэн ч бид эмнэлгийн үүдэнд харамсалтайгаар амиа алдсан дүүгийнхээ буян номын ажлыг дуусгачихаад юу болоод өнгөрснийг жаахан ч болов эргэцүүлэх санаатай л сууж байна.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ. Талийгаач хэд дэх хүүхэд нь вэ?

– Бид эцэг эхээс гурвуулаа байсан. Тайлийгаач миний дунд дүү. Түүний доор нэг дүү минь бий.

-Аав, ээж нь өндөр настай хүмүүс үү?

-Аав ээж минь бас тэнгэрийн оронд байгаа. Тэр хоёртойгоо уулзсан болов уу гэж бодож байна. (Уйлав)

-Том ахын хувьд таалийгаачийн эхнэр хүүхдийг харж хандах үүрэг хүлээж байна шүү дээ?

-Миний дүү гэр бүлдээ хайртай хүн байсан. Ямар сайндаа л өөрөө коронавирусийн халдвар авснаа мэдээд өөрийгөө тусгаарлаж, эмчлүүлэхээр явж байхав дээ. Тиймээс дүүгийнхээ эхнэр, охиныг харж хандах үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээх болно. Хэдийгээр аавынх нь хайрыг орлож чадахгүй ч мах цусныхаа тасархайг хайраар дутаахгүйг хичээх болно.Үнэндээ яаж нүүрийг нь харахаа ч мэдэхгүй байна. Уулзаад юу гэж хэлэх учраа ч олохгүй байна.

-Талийгаач архаг, суурь өвчтэй байсан уу?

-Эрүүл саруул залуу байсан. Цэл залуухан 35 настай хүн байсан шүү дээ. Вакциндаа хамрагдсан байсан. Ар гэрийнхэн нь маш их гомдолтой байна. Хэдхэн хоногийн өмнө л ажлаа хийгээд, эрүүл саруул байж байсан шүү дээ. Ядаж эмнэлгийн анхан шатны тусламж авсан бол амьд байж байх байлаа. Тэр хүн гэртээ биш, эмнэлгийн гадаа нас барсан шүү дээ. Үнэхээр их гомдолтой байна.

-Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдэгдлийн талаар та ямар байр суурьтай байна вэ. Талийгаачийг олон хоног архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж мэдэгдсэн шүү дээ?

– Талийгаач арав хоногийн турш нэвширтлээ архи уудаг хүн биш. Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор ядарсан ардын хүүхдүүдийг яаж ч доромжилж болно гэж зарим нэг хүн бодоод байх шиг байна. Гэсэн хэдий ч харамсалтайгаар амиа алдсан дүүгийнхээ нэр төрийг сэргээлгэхийн тулд хэлээ хүрэх, хөлөө хүрэх газар хүртэл бид явах болно. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Талийгаач алтны дархан хийнгээ тус байрны зоорийн давхарт амьдардаг. Сүүлийн арван хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэсэн” гэх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсаныг талийгаачийн нэр хүндэд санаатайгаар халдсан үйлдэл гэж бид үзэж байгаа. Энэ мэт мэдээлэл өгсөн хүмүүст хуулийн дагуу хариуцага тооцуулна.

-Талийгаачийг алт мөнгөний дархан байсан гэх олйголт олон нийтийн дунд байсан. Гэтэл зүгээр нэг дархан ч биш бурхан урладаг хүн байсан юм байна?

-Тийм шүү. Миний дүү бурхан урлаач, сийлбэрч уран гартай хүн байсан. Хийсэн бүтээлүүд нь энэ тэнд олон бий. Бурхан урлан гэдэг бол хэн хүний хийдэг ажил биш. Бүх зүйлийг нарийн тооцож, бясалгаж хийдэг. Миний дүүг арчаагаа алдсан архичин байсан мэтээр гүтгэж болохгүй. Хүний амьдралд хааяа нэг ууж, идэх зүйл гарч болно шүү дээ. Эцсийн эцэст тухайн хүн архи уусан уугаагүй, баян, ядуу ямар ч байсан эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж авах эрхтэй биз дээ. Миний хувьд яагаад эмнэлгийн байгууллга тусламж үзүүлээгүй юм бэ гэдгийг асууж байгаа.

-Талийгаач манай улсын эрүүл мэндийн салбарын ялзарсан тогтолцоог хэн бүхэнд ил тодоор харууллаа. Цаашлаад манай улсын төрийн байгууллагыг удирдаж байгаа, тэнд ажиллаж байгаа зарим хүмүүсийн багийг хууллаа гэж бодож байна?

-Манай гэр бүлд Монгол Улсын эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар үзүүлж болох бүх доромжлолыг үзүүллээ. Бидний тэвчээрийг барсан асуудал боллоо. Монгол Улс нэг иргэн, айл өрхийг ямар хэмжээнд яаж авч үзэж байгааг та бүхэн харлаа. Эмнэлгийн байгууллага нь иргэддээ яаж хандаж, хэрхэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ. Ийм ялзарсан тогтолцоотой байж болох уу. Үнэнийг хэлэхэд гайгүйхэн айлын тэжээвэр амьтанд үзүүлдэг эмнэлгийн үйлчилгээ ямар байгаа билээ. Гэтэл Монгол Улсын жирийн нэг иргэн зүгээр л золбин нохой мэт хашилга түшээд энэ хорвоог орхиж байгаа нь ариун явдал мөн үү. Энэ нөгөө улс төрчдийн яриад байдаг, Монгол Улсын Үндсэн хуулиндаа тунхагласан хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн бодит нүүр царай мөн үү. Үнэхээр ийм өрөвдөлтэй байдлаар хорвоогоос буцсан дүүгээ бодохоор байж, суух ч газар олдохгүй байна. Ямар их горьдлого тээж эмнэлгийн байгууллагуудаас тусламж эрсэн бол доо. Ямар ч үед хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ хэмээн тангараг өргөсөн цагаан нөмрөгт баатар хэмээн хүндэтгэж байсан эмнэлгийн байгууллагын эмч ажилчдад үнэхээр их гомдож байна. Миний дүүгийн амь нас хохирсонтой холбоотойгоор гурван хүнийг ажлаас нь чөлөөлсөн юм байна гэж ойлгосон. Ингээд асуудал шийдэгдэхгүй ээ. Даргаас нь авахуулаад цэвэрлэгч, сувилагч, харуул хэн байдаг юм тэр өдөр ажиллаж байсан бүх хүн хариуцлага хүлээх ёстой. Их багыг нь мэдэхгүй байгаа ч хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдэгт итгэлтэй байна

-Та бүхэн энэ асуудлаар холбогдох газруудад өргөдөл гомдол өгсөн үү?

– Бид одоогийн байдлаар ярилцаж байна. Бид энэ асуудлыг зүгээр орхихгүй. Яагаад Монгол Улсын жирийн нэг иргэн өнөөдөр амьд байх боломжтой байхад ийм харамсалтай байдлаар хорвоогоос явах ёстой юм бэ. Энэ бол ганцхан манай гэр бүлд тохиолдсон ч зүйл биш. Бидний ярилцлагыг уншиж байгаа таны гэр бүлд ч ийм харамсалтай, харуусалтай явдал тохиолдоход бэлэн байна гэсэн үг. Тиймээс бид дахин хэний ч гэр бүлд ийм харамсалтай, харуусмаар уй гашуу бүү тохиолдоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Нэгдүгээрт гэнэтийн тохиолдсон, хоёрдугаарт, ид хийж бүтээх насан дээрээ байсан хүний сайхан хань, үрийн сайхан аав, ах, дүү нарынхаа түшиг тулгуур, нөмөр нөөлөг болсон дүүгээ алдчихаар үлдсэн хүмүүст нь үнэхээр хүнд байдаг юм байна. (Уйлав) Монгол Улсад дахин ийм дүр зураг хармааргүй байна. Ялзарсан нийгмийн тогтолцооноос болж бидэнд тохиосон энэ их уй гашууг дахин хэн нэг аав, ээж, ахан дүүс битгий амсаасай. Энэ бол хүний алтан амьтай холбоотой асуудал учраас шат шатны байгууллагуудад өргөдөл гомдол гаргана. Монгол Улсын хууль иргэн бүрт ижил тэгш, шударга үйлчилдэг л юм бол энэ асуудал шийдэгдэх байх. Миний энэ тэмцэл цаашлаад олон олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаална гэдэгт итгэлтэй байна.

-Тухайн эмнэлгийн байгууллагын удирдлагууд болон Эрүүл мэндийн яамны дарга нараас танай гэр бүлтэй холбогдож эмгэнэл илэрхийлсэн, уучлалт гуйсан зүйл байна уу?

-Одоогоор тийм зүйл алга.

-Хэрэв та санаж байгаа бол өнгөрсөн өвөл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өвлийн хүйтэнд амаржаад удаагүй эхийг ХӨСҮТ-рүү тээвэрлэхдээ таавчигтай нь авч явсанд уучлалт гуйж, Засгийн газраа огцруулж байсан шүү дээ. Энэ цагаас хариуцлага, ёсзүйг төрийн байгууллагуудад тогтооно гэж байсан. Гэтэл хүний алтан амь эрсдчихээд байхад чимээгүй байгаа үйлдлийг та юу гэж харж байна?

-Хэрвээ тэд нар хүн мөн л юм бол манай гэр бүлээс албан ёсоор уучлалт гуйх ёстой гэж бодож байгаа. Үнэхээр л өвлийн хүйтэнд дан өмд, нимгэн таавчигтай алхуулсан ээжийн эрүүл мэндэд санаа тавьж, уучлал гуйж, хариуцлагаа ухамсарлаж, суудлаасаа огцорсон нь шоу биш л байсан юм бол манай улсын төр засгийн ухаантай удирдлагууд хүний амь нас эрсдсэн энэ асуудалд буруугаа хүлээж, огцрох шийдвэр гаргах байх гэж бодож байна. Бид хараад байж байна.

-Хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх бол дараагийн асуудал гэж би бодож байна л даа. Хэний буруу, хэний зөв байсныг хэсэг хугацааны дараа тогтоож болно. Гэхдээ яах ч аргагүй эрүүл мэндийн байгууллагын буруутай үйлдлээс болж хүний амь эрсдсэн нь тодорхой байхад хүн ёсоор уучлал гуйх нь хамгийн эхний алхам байх ёстой болов уу?

-Тийм л дээ. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шүү дээ. Таны хэлсэнчилэн хэн хариуцлага хүлээх нь дараагийн асуудал. Харин түрүүлээд уучлал гуйх нь нэн тэргүүний асуудал шүү дээ. Гэтэл манай дарга нар уучлал гуйх тухай бодох нь байтугай бүгд арьсаа хамгаалж, яаж уснаас хуурай гарах вэ хэмээн бодож суугаа болов уу даа.

-Талийгаачийн цогцсонд задлан шинжилгээ хийсэн гэсэн үү?

-Дүүгийн маань цогцост задлан хийсэн. Ажлын 14 хоногт дүгнэлт нь гарна гэж байсан. Тухайн дүгнэлтийг юу гэж ч гаргах юм. Коронавирустэй хүнд шүүхийн задлан шинжилгээ хийхгүй гэсэн журам байдаг. Гэтэл бидний зөвшөөрөлгүй дүүгийн цогцост задлан шинжилгээ хийсэн байсан. Энэ нь зөв ч юм уу, буруу ч юм уу бид сайн мэдэхгүй байна. Яагаад энэ хүнээс өө хайгаад задлах дээрээ хүртэл тулна вэ.

-Тэгэхээр задлан хийх зөвшөөрлийг та бүхнээс асуугаагүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Миний хувьд задлан хийлгэхээс татгалзсан юм. Задлан хийдэг эмч нь ч мөн биднээс “Та нар задлан хийлгэхгүй гээд хэлээд өгөөч. Би гэр бүл, үр хүүхэдтэй хүн. Задлан хиймээргүй байна” гэж гуйсан. Гэтэл задалсны дараа “Дээрээс задал гэсэн тушаал ирээд байна” гэж хэлсэн юм билээ.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *