Өнөө жилийн УИХ-ын сонгуулиар “Шинэ хоршоо чинээлэг малчин” хөтөлбөрийг эрх баригч МАН-аас Монгол орон даяар нийт малчдад гол уриалгаа болгож явуулсан. Санаачилж зохион байгуулсан хүн нь одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Малчид нэгдэж тухайлбал, есөөс дээш өрх айл нэгдэж хоршоо байгуулаад нэг малчин өрх нь жилийн зургаан хувийн хүүтэй 50 сая хүртэлх төгрөгийг 3-5 жилийн хугацаатай авсан.
“Шинэ хоршоо” хөдөлгөөнд 60 орчим мянган малчид гишүүнээр элсэж, улсын хэмжээнд 5637 хоршоо байгуулагдсан гэх тоо баримт гарсан. Үүнээс 14.381 малчны 3.467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Нэг жилд 500 тэрбум төгрөг төлөвлөсөн гэж мэдээлж байсан ч цаашид малчдад энэ жилдээ лав зээл өгөх боломжгүй гэдгийг банкны зүгээс мэдэгдсэн. 495 тэрбум төгрөгийн зээлийн 78.8 хувийг Төрийн банк, 21 хувийг Хаан банк олгожээ. Зээл зогссонд Д.Амарбаясгалан дургүйцсэн.
Тэрээр “УИХ, Засгийн газар энэ хөтөлбөрийн нийт санхүүжилтийг таван их наяд гэж баталсан. Ийм байхад төрийн байгууллагууд малчдад хүнд суртал үүсгэж зээл олгохгүй хүлээлгэж байна” гэсэн бол УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд зээл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан арилжааны банкуудын зээл олголтыг идэвхжүүлэх шаардлагыг Төв банкны удирдлагад тавьсан. Ямартаа ч 495 тэрбум төгрөг малчдын халаасанд оржээ.
Хоршооны гишүүн болж зээлд хамрагдсан малчид төрөөс энэ их мөнгийг зүгээр үнэгүй тараагаад өгч байгаа юм шиг тийм гэнэн сэтгэхүйтэй байна. Нийт малчдын ярьж буйгаар бол “Бид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий гишүүн болсон. Бидэнд зургаан хувийн хүүтэй зээл өгсөн. 30-50 сая төгрөг гар дээрээ авлаа. Эхний жилдээ зээлийн хүүгээ л төлнө. Мөн малчдын өмнөх зээлийг нэг жилээр хойшлуулсан. Төр засаг малчдаа харж үзлээ. Амарбаясгалан дарга, Ардын нам маань ивээлээ” гэх утгатай үг хэлж, хөөрцгөөж байна.
Гэвч “Шинэ хоршоо чинээлэг малчин” хөтөлбөрийг Ардын намын сонгуулийн пиар, Монголын мал аж ахуйд хамаарагддаг 300 хүний саналыг авахын тулд хийсэн ажил гэдгийг улстөрчид, эдийн засагчид хэлж байгаа. Ерөнхий сайд асан Р.Амаржаргал “Таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг сонгуулийн сэдэв болгон МАН сэвлээ. Улс төрийн асуудал болохоор хэн нэгэн субьект нь хожно. Нөгөө нэг нь хохирно. Яг нарийндаа мал аж ахуйн талаарх бодлого ямар байхдаа биш, харин уг бодлогыг тойрсон улс төр яаж өрнөх нь ярвигтай асуудал үүсгэнэ. Сонгуулийн халууралдаа хөтлөгдөөд эдийн засгийн бүхэл бүтэн салбараар ингэж тоглож болохгүй” гэдгийг айхтар анхааруулсан бол эдийн засагч Л.Оюун мөн сонгуультай холбоотойг хэлсэн.
“Хоршоотой холбоотой уг асуудлыг яалт ч үгүй сонгуулийн саналыг худалдаж авах нэг арга гэж харсан. Их яаруу сандруу, гэнэт л сонгуулийн өмнө ярьж эхэлсэн нь тийм сэтгэгдэл төрүүлсэн. Уул нь жаахан ул суурьтайгаар асуудлыг авч үзэж, малчид хоршоогоо яаж хөгжүүлэх вэ гэдгээ урьдчилан төлөвлөж, түүндээ зориулж энэ зээлийг авах ёстой байсан юм. Түүнээс зүгээр тарааж байгаа юм шиг ингэж өгнө гэдэг өөр ойлголт” хэмээн эдийн засагчид өөрсдийн байр суурийг маш тодорхой илэрхийлсээр ирсэн.
Яг одоогийн нөхцөл байдал зээл зогссон, 495 тэрбумыг малчдад өгсөн гэх мэдээлэлтэй байна. Хоршоонд элсэж зээл авсан малчидтай холбогдоход “Энэ жил зээл төлөхгүй, зөвхөн хүүгээ төлнө. Таван га газартаа бид нийлж үйлдвэрлэлээ явуулна” гэхээс өөр тоймтой хариултгүй байна. Хоршоо байгуулаад үйлдвэрлэл явуулж байгаа, ажил нь эхэлчихсэн, орлого олж байгаа газар ховор байна. Тэгэхээр энэ асуудал эдийн засагчдын, тулхтай улстөрч ард иргэд, бизнесийнхний хэлээд байгаачлан ёстой ярвигтай асуудал болж хувирах нь. 50 сая төгрөг авсан малчин хүүгээ төлөөд энэ жилийг давдаг юм аа гэхэд ирэх жилээс зээлээ төлж эхэлнэ. Зургаан хувийн хүүтэй 50 саяын зээлийг тухайн иргэн дөрвөн жилийн хугацаанд 56 сая 400 мянга төгрөг болгож төлнө. Энэ мөнгийг жилээр нь тооцвол жил бүр 14 сая гаруй төгрөг төлнө. Сараар нь тооцвол сар бүр 1 сая 200 мянга орчим төгрөг төлнө.
Сар бүр 1 сая 200 мянган төгрөг төлнө гэдэг бол энгийн нэг малчин өрхөд тийм ч амар даваа биш. Өмнө нь малчны зээлтэй байсан бол бүр ч амаргүй нөхцөл үүснэ. Малчны зээлтэй байсан малчдын 1.2 их наяд төгрөгийг Засгийн газар арилжааны банкуудтай яриад нэг жилээр хойшлуулсан. Үндсэндээ сонгуулийн жил малчид өр зээлгүй юм шиг байгаа. Ирэх жилээс өр зээлийн ямар том буулга нуруун дээр чинь ирэхийг мэдэж байгаа болов уу. Шинэ хоршоогоор малчдад зээл өгөхдөө Засгийн газрын зүгээс байж боломгүй амлалтыг өгсөн. Энэ нь 20 хүртэлх сая төгрөгийн зээлийн ямар ч барьцаагүйгээр өгнө гэдэг журам. Үндсэндээ барьцаа зээлийн хөрөнгөгүйгээр иргэд зээл авч болно гээд тавиад туучихсан.
Энэ бол маш аюултай зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Дээрээс нь малчдын зээлийн өр төлөх асуудлыг тухайн хоршооны дарга, удирдагч, өөр хэн нэгэн хариуцахгүй, зөвхөн тухайн малчин өөрөө хариуцна гэдгийг зааж өгсөн байдаг. Үүнийг маш ойлгомжтойгоор хэлэхэд, тухайн хоршоог байгуулсан дарга нэртэй нэг нөхөр, мөн уг ажлыг санаачилсан Ардын нам, Д.Амарбаясгалан үүссэн асуудлыг хариуцахгүй гэсэн үг. Мөнгөний хэрэг гараад хоршоонд элсэж хэдэн төгрөгийн зээл авчихаад дараа нь түүнийгээ төлж чадахгүй, хэдэн малаа банкны барьцаанд маш хямдаар алдах, гэр орноо битүүмжлүүлэх, бүр цаашилбал дээлээ нөмрөх асуудал гарах вий дээ. Ирэх жил ХАА-н салбарт чанаргүй зээлийн асуудал хөндөгдөж магадгүй гэж Банк санхүүгийн академийн эдийн засагч Ч.Сосорбарам мэдэгдсэн. Албаны хүний аюултай үг.
Малчид ингэж хамтарч хоршоолж байгаа нь хуучны коммуныг санагдуулж байна. Хуучин цагт хамтрал коммун нэрээр эд хөрөнгө, мал хуйгаа нийлүүлж хэн дуртай нь өдөр бүр тарган хонь хагалж идээд ёстой дур зоргоороо авирласан байдаг. Үзэл суртлын нийгэм байсан болоод ч тэр үү, үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Харин одоо бол тийм биш. Иргэн та гарын үсгээ зурж баталгаажуулаад банкнаас зээл авсан бол түүнээ заасан хугацаанд нь нэг хоног ч хэтрүүлэлгүй төлөх үүрэгтэй. Хэрвээ төлж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. “Чинээлэг малчин” нэртэй хөтөлбөр нэрэн дээрээ сайхан боловч нидэр дээрээ хатуухан буух байх шүү. Малчид, иргэд та бүхэн минь бодолтой хандаарай даа. Ер нь манай монголчууд дарга хэлсэн юм чинь гээд юуг ч хамаагүй хуйвалдаж хариуцлага, зарчим гэдгийг мэдэхгүй тэнэглэцгээдгээ одоо болих хэрэгтэй. Тухайн цагт эрх мэдэл бүхий дарга нь өөгшүүлж, түүний үгэнд ороод жигтэйхэн баатар болох гэсэн биш эцэст нь хар толгойгоо шаах цаг ирдгийг хаа хаанаа бодох ёстой.
Тэр жил Бөхийн холбоог А.Сүхбат тэргүүтэй нөхөд авна гэж улайрч дайрахад гэмгүй явсан залуу тэдний нөлөөнд, дарга дагасан хөөрөлдөө автан бөхийн өргөөний хаалгыг цөм өшиглөсөн. Үүнийхээ төлөө албан газрын эд хогшлыг санаатайгаар гэмтээсэн гэх заалтаар шоронгийн хаалга татсан. Өөгшүүлж турхирсан Сүхбат тэргүүтнүүд ямар ч гэмгүй үлдсэн. Ийм жишээ захаасаа аваад бий. Тэгэхээр аливаад хэрсүү, ухаантай хандах ёстой. Сонгуулийн халууралд автсан малчин залуус өнөөдрийн таван төгрөгийг бодож хөнгөн хөвсгөрхөн хандсаныхаа гороор байдаг хэдэн мал, хөрөнгөө банкинд тавьж туугаад, эцэстээ шоронгийн хаалга татах өдөр ирэх вий гэдгийг бодож үзээрэй. Банк санхүүгийн асуудал гэдэг бол хэн нэгэн даргын хэлсэн үгээр амар хялбар шийдэгдчихдэг юм биш. Тэгэхээр малчид нь хянуур, бодолтой байж үйлдвэрлэлээ сайн явуулж, өр зээлээ цаг тухайд нь тушаахаа хариуцлагатай санах ёстой. Энэ удаагийн “коммун”-ыг тэр жилийн коммун шиг илээд өнгөрөхгүй шүү гэж сануулаад байгаа минь ийм учиртай.