Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Энэ сард сансар судлалын түүхэнд хоёр томоохон үйл явдал болно DNN.mn


Солиртой мөргөлдөхөөс сэргийлж сансрын станцын нислэгийн чиглэлийг өөрчилнө

Энэ сарын 26-нд НАСА буюу АНУ-ын Аэронавтик, сансар судлалын үндэсний албанаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд хөөргөсөн 500 кг жинтэй “DART” сансрын станц Аполло бүлэгт хамаарах 780 метр урттай Дидимос солирын 160 метрийн урт дагуул Диморфосыг мөргөнө. Ингэснээр, Диморфос болон Дидимосын нислэгийн чиглэлийг хазайлган өөрчлөх юм байна. “DART” (Double Asteroid Redirection Test) гэдэг нь хос солирын чиглэлийг өөрчлөх туршилт гэсэн утгатай үгсийн товчлол ажээ. Энэ нь дэлхийг солир зэрэг сансрын нисдэг биетүүдийн заналхийллээс хамгаалах технологийн анхны туршилт болж буйгаараа онцлог юм.

“DART” станцыг зохион бүтээж, үйл ажиллагааг нь чиглүүлж буй АНУ-ын БХЯ-ны харьяа Хэрэглээний физикийн лабораторийн судлаачдын баг 4.3 метрийн “LDT” ба 6.5 метрийн голчтой “Magellan” зэрэг хамгийн хүчтэй телескоп дурангуудыг ашиглан хос солир өнгөрсөн долдугаар сараас дахин дэлхий рүү ойртох болсныг тогтоосон байна. Дидимос болон түүний дагуул Диморфос есдүгээр сарын 26-нд “DART” станцтай мөргөлдөх цэгт хүрэлцэн ирэхийг ч мөн баталжээ.

“DART”-ын чухал ажиллагаа амжилттай болох эсэх нь хос солирын тойрог замыг алдаа мадаггүй нарийн тогтоосон эсэхээс шалтгаалах гэнэ. Үүнээс гадна судлаачдын баг мөргөлтийн уршгийг үнэлэх аргачлалыг боловсруулсан аж.

Тэрхүү аргачлалын дагуу ирэх аравдугаар сард Диморфосын тойрог зам хэрхэн өөрчлөгдсөнийг шинжлэх юм байна. “DART” сансрын станц Диморфостой мөргөлдөхийг Италийн “LICIACube” аппаратаас Украины бизнесмэн Макс Поляковын эзэмшдэг “Drag­onfly Aerospace” компанид үйлдвэрлэсэн “Gecko” хэмээх тусгай камерт буулгах ажээ. “LICIACube” аппарат солиртой мөргөлдөхөөс хэд хоногийн өмнө “DART”-аас салахаар программчилагджээ.

Энэхүү туршилт амжилттай болвол дэлхийг солир зэрэг задгай сансар дахь нисдэг биетүүдтэй мөргөх аюул заналхийллээс хамгаалах боломж нээгдэх билээ.

АНУ-ын “Artemis I” сансрын хөлөг сарыг зорино

Наймдугаар сарын 29-нд сарны тойрог зам руу хөөргөх гэж байсан АНУ-ын “Artemis I” сансрын хөлөг тээгч пуужингийн хөдөлгүүрт хүчилтөрөгч алдагдсаны улмаас нислэгийг хойшлуулахад хүрсэн билээ. Тэгвэл саран дээр хүн буулгах АНУ-ын “Artemis” хөтөлбөрийн удирдагч Майкл Сафарин мэдэгдэхдээ, пуужинд илэрсэн техникийн доголдлыг бүрэн зассан тул есдүгээр сарын 2-ны баасан гаригт хөөргөнө гэжээ.НАСА-гийн захирал Билл Нельсон ч “Artemis I” хөлөгт илэрсэн доголдлыг ноцтой зүйл биш гэдгийг тэмдэглээд, сарны хөтөлбөр төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.

Тус хөлөг сарны тойрог замд 42 хоног ажиллаж, НАСА-гийн саран дээр хүн буулгахаар сонгосон 13 газрыг нарийвчлан судлах юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *