Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өглөө 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 14-ний орой 18:00 цагт дууссан билээ. ЭЕШ-д бүртгүүлсэн нийт шалгуулагчдын ихэнх нь математикийн хичээлийг сонгожээ. Мөн хүйсээр нь авч үзвэл шалгуулагчдын 18435 нь эрэгтэй, 21953 нь эмэгтэй байна. Тэдний 17499 нь Улаанбаатар хотод бүртгүүлсэн бол 22889 шалгуулагч хөдөө орон нутгаас бүртгүүлсэн байгаа ажээ. Энэ онд нийт 40388 төгсөгч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид ажээ. Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш БҮТ-ийн албан ёсны цахим хуудсаас мэдэх боломжтой ажээ.
ЭЕШ ирэх зургадугаар сарын 14-нд монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж, 19-нийг дуустал үргэлжлэх юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлийн даалгаврын агуулга ийнхүү гарчээ.
Тухайлбал, математикийн шалгалт 100 минут үргэлжлэх бөгөөд сонгох хэлбэрийн 36 тесттэйгээс бүтээлч хэлбэрийн дөрвөн задгай даалгавар байх юм байна. Мөн тоо тооллын 10 даалгавар нь 25 хувь, алгебрын 18 даалгавар нь 45 хувийн оноотой, геометрийн долоон даалгавар 17.5 хувь, магадлал статистикийн таван даалгавар 12.5 хувь байх аж. Харин монгол хэлний шалгалт нийт 80 минут үргэлжлэх бөгөөд шалгалтын гурван хэсэгтэй аж. Нэгдүгээр хэсэг нь 70 оноотой ялгах, онцлох чадвар сорьсон 35 даалгавартай байх ажээ. Хоёрдугаар хэсэг нь харгалзуулах чадвар сорьсон 20 оноотой дөрвөн даалгавартай. Гуравдугаар хэсэгт сонсох чадвар сорьсон 10 оноотой таван даалгавартай. Тухайлбал, эх дөрөв, өгүүлбэр, үг, бүтээвэр тус тус зургаан даалгавартай бөгөөд тус бүр 13.6 хувийн оноотой юм байна. Харин уран зохиол гурван даалгавартай, 6.8 хувийн оноотой байна. Монгол бичиг 10 даалгавартай, 22.7 хувьтай байх аж. Харин монгол хэлнйи шалгалтын хоёрдугаар хэсэг нь өгүүлбэр, даалгавар, бүтээвэр, уран зохиол монгол бичиг тус бүр нэг даалгавартай бөгөөд 2.3 хувийн оноотой байх ажээ.
Нийгмийн тухай мэдлэгийн хичээлийн шалгалт нийт 80 минут үргэлжилж нэгдүгээр хэсэгт сонгох хариулттай 80 оноотой 56 даалгавартай. Хоёрдугаар хэсэгт харгалзуулах хариулттай 20 оноотой дөрвөн даалгавартай байх аж. Энэ нь соёл ёс зүй, эдийн засаг, улс төр ардчилал, эрхзүй, олон улсын харилцаа гэсэн сэдвүүдээр тус бүр 16.5-27 оноотой байх нь.
Англи хэл мөн 80 минут үргэлжилж, 40 сонсох хариулттай, 70 оноотой байх бол хоёрдугаар хэсэг нь дөрвөн хэлбэрийн 20 онооны даалгавартай байх юм байна. Гуравдугаар хэсэгт сонсох чадвар шалгасан 20 оноотой зургаан даалгавартай байна. Ингэхдээ хэлзүй, үгийн сан, харилцан яриа, унших сонсох зэрэг тус бүр 2-24 онооны даалгавартай байх ажээ.
Орос хэлний шалгалт 80 минут үргэлжилж сонгох хэлбэрийн 40 оноотой 40 тест байх юм. Хоёрдугаар хэсэгт нь харгалзуулах хэлбэрийн 40 оноотой, дөрвөн даалгавартай, сонсох чадвар шалгасан 20 оноотой зургаан даалгавартай байна. Үүнээс хэлзүй, үгийн сан, харилцан яриа, унших, сонсох зэрэг даалгавар тус бүр нэгээс 14 оноотой байх юм байна.
Газарзүйн шалгалт мөн 80 минут үргэлжилж сонгох хэлбэрийн 50 тесттэй, бүтээлч хэлбэрийн дөрвөн задгай даалгавартай аж. Даалгаврын агуулга нь газарзүйн зураг ба судалгаа долоон оноотой, дэлхий бидний орон гэр 19 оноотой. Дэлхий ба Монголын нийгэм эдийн засаг 16 оноотой, байгаль орчин ба нийгэм 12 оноотой байх юм байна.
Биологийн хичээл нийт 80 минут үргэлжилж нэгдүгээр хэсэгт сонсох хэлбэрийн 50 тесттэй. Хоёрдугаар хэсэг нь хэрэглэх задлан шинжлэх чадварыг шалгасан дөрвөн задгай даалгавартай байх ажээ. Үүнээс амьд бие махбод 18 оноотой, биологийн төрөл зүйл 20 оноотой, амьд бие махбод ба орчин 19 оноотой.
Физикийн хичээл мөн л 80 минут үргэлжилж механик, термодинамик тус бүр есөн оноотой. Хэлбэлзэл долгион найман оноотой. Цахилгаан ба соронзон, гэрэл тус бүр найман оноо, Атом ба цөм таван оноо, орчлон ертөнц гэсэн агуулгатай тест нь гурван оноотой байх нь.