Төв аймгийн Аргалант сум, Атар, Жирэмийн хөндийд хаврын тариалалтын их ажлын бэлтгэл бүрэн хангагдаад дуусчээ. Тариаланчид бэлдэж, хагалсан бор хөрсөндөө үрлэгээ хийхээр гагцхүү бороо орохыг хүлээн сууна. Энэ жилийн тариалалт оройтож байгаагийн гол шалтгаан нь хөрсөнд чийг хангалттай хэмжээнд хүрэхгүй, хуурай байгааг тариаланчид онцолж байлаа. Хойшоо Сэлэнгэ, Булган, бүс нутгийн зарим хэсгээр тариалалтын ажил дөнгөж эхэлж байгаа ч баруун тийшээ Атар, Нөхөрлөл, Баянцогт, Жирэмийн хөндийн тариалалт эхлээгүй байна. Бороо хур багатай, өвөл хөрсөнд хангалттай хэмжээний чийг болчихоор цас унаагүй таг хуурай газрын тариалалт зуны эхэн сартай ийн золгоод буй юм. Тариаланчид техник, тоног төхөөрөмжөө засч сэлбэж, үр тариагаа гаргаад хэдийнэ дуусчихаж. Тэд өнгөрсөн намар хадгалсан үрийн буудайгаа энд тэндээс зөөж үтрэм дээрээ байршуулах, бордоогоо бэлтгэх гээд их ажлын өмнөх бэлтгэлээ бүрэн хангаснаа хэллээ. Хэрэв бороо орлоо л бол тариаланчид өнөө маргаашгүй үрсэлгээ хийхээр болжээ.
Ийнхүү шимт зөөлөн бор хөрсөнд үрийн буудай тарихаар зэхэж буй хаврын нэгэн өдөр Төв аймгийн Аргалант, Атар, Нөхөрлөл, Баянцогт сумыг зорьж, хаврын тариалалтын сурвалжилгаа бэлтгэлээ. Үндсэндээ баруун тийшээ 50 гаруй километр яваад Жирэмийн хөндийд байрлах уужим том тариан талбайнууд эхэлнэ. Харахад бүгд газраа хагалчихсан, тариан талбайд нэг ч машин техник харагдахгүй нам гүмхэн байв.
УЛААНБУУДАЙ ТАРИАЛСНААС ИЛҮҮ РАПС ТАРИХ НЬ ТАРИАЛАНЧИД ГУРАВ ДАХИН ИЛҮҮ АШИГТАЙ ГЭВ
Төв замтай нийлэх шахуу хашаа татсан тариан талбайн урд үзүүрт залгаа тоосгон байшин, хороо дүүрэн трактор, комбайн зэрэг Жирэмийн хөндийд байх хамгийн том тариан талбайн эзэд хаврын тариалалтынхаа ажлыг хэлэлцэн нэгнийдээ цугларсан нь энэ байж. Сонины газраас яваагаа хэлтэл нэр усаа гаргалгүй учир байдлаа хэлье гэж байна. Нэр устайгаа сонинд гарчихаар салбар яамдынхан нь буруу зөв ярилаа хэмээн шүүмжилдэг бололтой. Улмаар ажил төрөлд нь ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө учруулдаг учраа хэллээ.
Эдгээр тариаланчид хөрс хуурай, чийг огт байхгүй байгаа нь тариалалт сунжрах гол шалтгаан болж байна гэв. Төр, Засгаас тариаланчдаа дэмжих бодлого явуулж байгаа гэж ярьдаг ч газар дээрээ дорвитой дэмжлэг болж уй нь нэг ч байдаггүй аж. Тариаланчдын өмнө тулгардаг хамгийн том асуудал нь тоног төхөөрөмжийн шинэчлэлт болон шатахуун, тосны зардалд хамаг хөрөнгөө зарцуулдгаа хэллээ. Одоог болтол тариаланчдад олгох шатахууны хөнгөлөлт тодорхой болоогүй гэнэ. Шатахуунаа яг хэдэн төгрөгөөр ямар хэмжээнд өгөх нь шийдэгдээгүй байгаа аж. Шатахууны үнэ дээр хөнгөлөлт үзүүлдэггүй, урьдчилаад 50 хувийн төлбөрийг нь хийж, үлдсэнийг нь намар төлөхөөр л тохирч авдаг. Түүнээс биш үнийг нь хямдруулж хөнгөлөлттэй үнээр бидэнд өгдөг зүйл байхгүй гэв. Мөн тоног төхөөрөмжөө шинэчлэх, засварлах, худалдан авах асуудалд хөнгөлөлттэй зээл олгох бодлого хэрэгжиж эхлээгүй байгааг ярив. Холбогдох салбарын сайд, удирдлагууд нь тариаланчдаа дэмжих бодлогоо цаасан дээр л гаргаж, олон нийтэд хэрэгжүүлээгүй, эхлээгүй ажлаа эхлүүлсэн, хэрэгжүүлсэн мэтээр ярьж байгааг шүүмжлэв. Мөн төр, засгийн оролцсон, үнэ, үйл ажиллагааг нь барьсан салбар болгон нурдаг, хөгждөггүй байдлыг хэллээ. Түүний тод жишээ нь газар тариалангийн салбар аж. Тухайлбал, улаанбуудайн үнийг чөлөөлөх хэрэгтэй гэлээ. Хэдий стратегийн хүнс, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн ч гэлээ үнийг нь чөлөөлөх шаардлагатай гэнэ. Улаанбуудайд мөнгөн урамшуулал олгодог байна. Гэвч өнгөрсөн жил энэхүү урамшууллын мөнгөний ердөө тавин хувь нь оржээ. Угтаа төрөөс тонн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэж байсан боловч 40 мянган төгрөгөөр бодогдон оржээ. Улмаар үлдсэн урамшууллаа хэзээ өгөх, бараг өгөхгүй байх тухай хэлж байна. Тиймээс тариаланчид хөлс хүчээ шавхан барин улаанбуудай тариалж, хямдхан борлуулж байхаар түүнээс гурав дахин ашигтай рапс тарих болсон талаар ярив. Нөхцөл байдал бодитоор ийм байхад аль болох хөдөө, аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг захилаа.
Б.ГАНЗОРИГ: ТАРИАЛАНЧДАД ОЛГОХ ЗЭЭЛИЙН ШАЛГУУРАА БАГАСГАЖ, ШУУРХАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ЦАГ ТУЛЧИХААД БАЙНА
Бид тариаланчидтай уулзаж, нөхцөл байдлыг нь сонсоод цааш хөдөллөө. Тариаланчдын нөхцөл байдал ямар байгаа, төр, засгийн бодлого хэрхэн явагдаж буй талаар Төв аймгийн Аргалант сумын Засаг даргын орлогч, үр тариа хариуцсан эрхлэгч Б.Ганзоригоос тодрууллаа.
-Энэ жилийн тариалалт хэдийгээр эхлэхээр байна. Хэчнээн талбай, газар ямар хэмжээний тариалалт хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Тариалалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууссан байгаа. Үндсэндээ газрын хөрс чийг багатай, хуурай байгаа учраас бороо орохыг л хүлээж байна. Энэ жилийн хувьд манай суманд 15 мянган га эргэлтийн талбай бий. Найман мянга гаруй уринш байна. Үрийн нөөцийн хувьд хангалттай байгаа. Өнгөрсөн жил борлуулалт тааруу байсан учраас үрээ их сайн нөөцөлсөн.
-Энэ жилийн тухайд газар тариалан эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ. Төрөөс үүнийг хэрхэн зохицуулахаар байгаа вэ?
-Хэдхэн хоногийн өмнө Төв аймагт газар тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн болсон. Мөн манай сумын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, шийдвэрлэсэн. Хамгийн гол тулгамдаж байгаа зүйл бол гурван хувийн хөнгөлөлттэй зээлийн асуудал байна. Салбарын яамнаас энэ жил 400 гаруй тэрбум төгрөгийн зээл олгох эрхийг банкнуудад өгчихсөн байгаа. Өнгөрсөн жил 150 тэрбум төгрөгийн зээл олгогдсон. Гэхдээ банкны шалгуур өндөр, үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаарддаг гээд асуудал үүсч байлаа. Энэ нь яг хуулийн этгээддээ асар их дарамттай байгаад уг зээлийн гуравны нэг нь олгогдоод бусад нь татагдчихсан. Энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл байдал хүнд, тариаланчид өнгөрсөн жилийн борлуулалтаа алдчихсан эдийн засгийн хувьд ч амаргүй байгаа. Тиймээс зээлийн эргэн төлөлт болон шинээр зээл авах гэж байгаа аж ахуйн нэгж, хувь хүнд банкны шалгуураа багасгаад түргэн шуурхай олгочихоосой гэсэн хүсэлтийг холбогдох хүмүүст нь тавьсан байгаа. Хамгийн гол нь одоо цаг их тавчуу болоод байна. Өөрөөр хэлбэл, тариаланчдад олгох зээлийн шалгуураа багасгаж, шуурхай хэрэгжүүлэхгүй бол цаг тулчихаад байна гэсэн үг. Зээл банкнууд дээр ирлээ гэхэд судалгаа, олголт гээд цаг их зарцуулна. Тиймээс энэ асуудлаа түргэн шуурхай болгох тал дээр манай төр засгийн удирдлагууд анхаарна биз ээ.
-Шинээр техник, тоног төхөөрөмж орж ирж байгаа юу. Түлш, шатахууны нөөц, хөнгөлөлт ямар байгаа вэ?
-Хил гааль хаалттай гээд газар тариалангийн тоног төхөөрөмжүүд огт орж ирэхгүй байгаа. Сэлбэг нийлэлтийн хувьд ч энэ жил их тааруухан байна. Түлшний хөнгөлөлт үзүүлдгээрээ үзүүлнэ. Гэхдээ үнэ ханшны асуудалд хөнгөлөлт гэсэн зүйл байхгүй. Энэ нь импортын бүтээгдэхүүн учраас зээл хэлбэрээр л хөнгөлөлт үзүүлнэ гээд байгаа юм.
-Танай сумын хэмжээнд хэчнээн тариаланчид байдаг вэ?
-Манай сумын хэмжээнд зургаан том аж ахуйн нэгж бий. Хувиараа тариалан эрхэлж байгаа 100 гаруй иргэн байна.
Г.Баасансүрэн: Сайхан жил тохиовол тариаланчид жилдээ 80-100 сая төгрөгийн ашигтай ажилладаг
Бид сумын төвөөс хойш Атарын хөндийд байрлах тариаланч Гомбосүрэнгийн Баасансүрэнтэй уулзаж ярилцаа. Тэрбээр энэ жил тариаланчдын хувьд тийм ч таатай жил гарахгүй гэдгийг хэллээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Тариалалт хараахан эхлээгүй байх шиг байна. Өнгөрсөн жил өдийгөөс эрт эхэлсэн шиг санагдах юм?
-Өнгөрсөн жил их чийгтэй байсан. Тариалалт хэдийнэ эхэлчихсэн байлаа. Энэ жил хөрс хуурай, чийг байхгүй болохоор тариалалт эхлээгүй байна. Энэ сарын цаг агаарын мэдээг сонсох нь ээ хавьд бороо орохгүй, сэрүүхэн байх төлөвтэй байна шүү дээ. Уг нь бүх юмаа л бэлэн болгочихсон байдаг. Ганцхан бороо орох, дулаарахыг л хүлээж сууна. Шөнөдөө нэмэх наймаас дээш хонож байж тариа ургана. Одоо ч шөнөдөө хасах хэмтэй хоноод байна. Гэхдээ цаг уур ямар ч байсан энэ сардаа багтаагаад тариалалтаа эхэлнэ л дээ.
-Төр засгаас тариаланчдаа дэмжих бодлого явуулдаг. Энэ бодлогууд ер нь бодитой дэмжлэг болж чадаж байна уу?
-Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж бий. Хуучин удирдлагууд нь энэ санг цөлмөсөн. Одоо сангийн нэрээ арай жаахан өөрчлөөд тариаланчдыг дэмжих сан болсон юм билээ.
-Бүс бүсийн тариаланчдын онцлог гэж байна уу. Цаг уур, хөрсний шимт үзүүлэлтүүдээсээ шалтгаалаад зарим газраараа тариалалт эрт эхэлж байхад зарим газраараа оройтож эхэлдэг шүү дээ?
-Байна, байна. Хойшоо Сэлэнгэ, Дархан, Булган тийшээ эрт дулаардаг учраас тариалалт эрт эхэлдэг. Нөгөөтэйгүүр энэ аймгууд тариалалтын газар ихтэй 30, 40 мянган га газар тарьж байна. Тиймээс эрт эхлэхээс өөр аргагүй. Бидний хувьд нэгд, тариалах газар багатай. Үсрээд 1000-5000 га газар л байгаа. Тиймээс аажуу эхэлж байна. Энэ жилийн тухайд цаг агаар айхавтар байх юм билээ. Тав, зургаан саруудад бороо огт байхгүй гэнэ. Ер нь тариаланчдын хувьд хүндрэх шинжтэй байх шиг байна. Нөгөөтэйгүүр манай энэ хавийн газар өмнөх нийгмийн үеэс эхлээд л малын тэжээлийн зориулалтаар ашиглаж байсан газар.
-Хүндхэн жил болно гэлээ. Цаг уур таатай биш байх үеийн авах арга хэмжээнүүд юу байдаг юм. Төрөөс бас дэмжлэг үзүүлэх байлгүй дээ?
-Төрөөс яг таг дэмжлэг үзүүлэх юм юу байхав ээ. Бодлогоор дэмжлээ гээд бороо оруулчих биш, талбай дээгүүр ус цацчих биш. Эцсийн дүндээ тариаланчид л өөрсдөө арга туршлагаараа ажлаа хийх шаардлагатай. Юуны өмнө хүндхэн жил болохтой холбоотойгоор хаана ямар ургамал тарих уу, хэзээ тариалах уу гэдгээс л эхэлнэ шүү дээ. Энэ жилийн хувьд оройтож бороо орох учраас ихэвчлэн ногоон тэжээл л тариалах нь зөв байх. Улаанбуудайг одоо хийчихлээ гэхэд хуурай, бороо орохгүй учраас гарч ирэхгүй. Дэмий л үр суулгана гэсэн үг. Ингэж оройтож улаанбуудайг тариалахаар намар нэг хөгийн юм л гарч ирдэг. Жижигхэн, нөгөөдүүлээ худалдахаар дандаа тэнцэхгүй. Ингээд тариаланчдын шаталт эхэлнэ.
-Газар тариалан эрхэлж байгаа айлуудын хашаа болгонд уул шиг том овоолсон боолттой өвс байна. Малчдын хувьд өнгөрсөн жил өнтэй сайхан байлаа, зуд турхан болсонгүй гэлцэх. Та бүхний хувьд энэ нь эсрэгээрээ нөлөөлөөд байх шиг байна, тийм үү?
-Замбараагүй олон боолттой өвс байна. Угтаа боодлыг нь 10-15 мянгаар зардаг ч одоо нэг мянган төгрөгөөр ав гэсэн ч тоох хүн алга. Энийг чинь хадаж, хураана гэдэг тариаланч бидэнд асар их хөдөлмөр, хөрөнгө мөнгө урсаж байгаа шүү дээ. Одоо ингээд овоолсон өвс болоод дуусах юм шиг. Энэ жил бороо хур бага болохоор л илжирчихгүйхэн шиг байна. Манайд одоо 20 мянган боодол өвс байна. Ингээд бодохоор манайх 200 сая төгрөгөөр л шатчихаж байна. Ядаж одоо боодлыг нь 1000-аар өгчихвөл 20 сая төгрөг буюу боолгосон ажлын хөлсөө барих юм даа.
ГУРИЛЫН ТҮҮХИЙ ЭД БУЮУ УЛААНБУУДАЙ НЭГ КИЛОГРАММ НЬ 500 ТӨГРӨГ БАЙХАД ТАЛХНЫ ҮНЭ ИХЭДЛЭЭ ГЭХЭД 1500 ТӨГРӨГ Л БАЙХ ЁСТОЙ
-Атрын дөрөвдүгээр аян эхэллээ гэдэг. Ер нь ийм аян эхэлснээрээ тариаланчдад яг ямар ач холбогдолтой юм бэ?
-Тариаланчдын ажлын үр дүн бол техникийн үзүүлэлтүүдээс голлож хамаарна. Эдгээр аян өрнөлөө гэхэд техник шинэчлэх, хөнгөлөлттэй зээл олгох асуудал л яригддаг. Тэр талаараа л ач холбогдолтой болов уу гэж боддог. Гэхдээ энэ жилийн тухайд хойноос техник орж ирэхгүй болсон.
-Хойноос гэж Оросоос уу. Яагаад техник орж ирэхийг нь хориглосон гэж?
-Орост дайн болж байна. Дайнаас болоод техник болон улаанбуудайн үр орж ирэхийг таг хориглосон гэсэн. Тиймээс энэ жилийн тухайд тариаланчид өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаад техник, тоног төхөөрөмжүүдээ засч сэлбэж байна.
-Улаанбуудайн үр орж ирэхгүй байна гэдэг нь гурил, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан болж байна уу?
-Гурил, талхны үнэ ингэж өндөр болж байгаа нь үнэндээ тариаланч бидэнд огт хамаагүй асуудал шүү дээ. Бид улаанбуудайгаа өгдөг үнээрээ л өгч байгаа. Оросоос орж ирэхгүй байлаа гээд ч өсөх шалтгаан биш. Үнэндээ өнгөрсөн жил тариа их хэмжээгээр ургасан. Мөн тухайн үед Оросоос тариа оруулж ирсэн байдаг. Тиймээс энэ жилийн хувьд тариа ургахгүй байсан ч улсад улаанбуудайн нөөц хангалттай хэмжээнд байгаа. Нөгөөтэйгүүр нэг килограмм гурилаар дөрвөөс таван талх барьдаг. Тариаланчид гурилын үйлдвэрт нэг килограмм буудайг 500 төгрөгөөр л өгдөг. Ингээд бодохоор талх нэг ширхэг нь ихэдлээ гэхэд 1000-1500 төгрөг л байх ёстой. Гэтэл одоо талх хэдтэй байна. Хамгийн багаар бодоход л 3000 төгрөг байгаа биз дээ.
-Тариаланчдад олгодог хөнгөлөлттэй зээл гэж байна. Та зээл авсан уу, зээлийн нөхцөл шаардлага ямар байна вэ?
-Янз бүрийн дэмжих сангаас зээл олгоно л гэдэг. Хүү багатай зээл гээд л гаргадаг. Гэхдээ яг тэр хүү багатай зээл авсан тариаланчид цөөхөн байгаа шүү. Хүү багатай зээл атлаа шалгуур их өндөр тавина, тариаланчдад. Наанадаж үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаарддаг. Тариа, ногооны ажилтай бидэнд ямар юмных нь үл хөдлөх хөрөнгө байх вэ дээ.
-Танай тариан талбай бас багагүй харагдаж байна. Ер нь тариаланчид энэ газраа хувьдаа өмчилдөггүй биз дээ. Татварт хэдэн төгрөг төлдөг вэ?
-Хувийн тариан талбайтай хүн нэг ч байхгүй. Дандаа улсын өмч. Улсаас бид эзэмших эрхээр л авдаг. Нэг га газыг 1400 төгрөгөөр бодож татвараа төлдөг дөө.
-Таны хувьд энэ жил хэчнээн хэмжээний тариалалт хийж байна. Ер нь тариаланчдын орлого, зарлага ямар байдаг юм бэ?
-Энэ жил миний хувьд 100 тонн үр тарина гэж төлөвлөж байгаа. Намар үүнээсээ 800 гаруй тонн буудай авна. Үүнээс дараа жил нь тариалах үрээ авч үлдээд үлдсэнийг нь улсад өгнө. Гэхдээ дотроо чанараасаа болж хуваагддаг. Тухайлбал, хамгийн том ширхэгтэй, чанартай буудайнууд нь гурилын үйлдвэрт очдог. Дундаж нь архи, пивоны үйлдвэр лүү, муунууд нь тэжээлийн бордооны үйлдвэрт очдог. Улаанбуудайн тухайд ийм л зарчмаар борлуулагддаг. Орлого зарлагын хувьд тодорхой л доо. Ихэнх зардал нь техник тоног төхөөрөмж, түлш шатахуундаа явна. Цөөнгүй хэсэг нь ирэх жилийн тариалалтын бэлтгэл ажилдаа зарцуулагдана. Ингээд бодохоор сайн жил тохиовол тариаланчид жилдээ 80-100 сая төгрөгийн ашигтай ажиллах боломжтой. Энэ дундаж л тариаланчдын олж байгаа ашиг. Манайх тухайлбал, энэ жил сайхан байвал намар 800 тонн буудай хураачихна. Үүнийгээ нэг килограммыг нь 500 төгрөгөөр өглөө гэхэд 400 сая төгрөг. Үүнээсээ урсгал зардал, ирэх жилийн тариалалтын бэлтгэл, ажилчдын цалин хөлс гээд 300 гаруй сая нь зарцуулагдана. Ингээд үлдсэн 100 хүрэхгүй сая төгрөгөөсөө зээл, амьдрал ахуйдаа зарцуулаад л явж байна. Гэхдээ энэ бол ургац арвинтай, нар хур тэгширсэн сайхан жил тохиох хэмжүүр. Ийм жил тохиох нь сүүлийн жилүүдэд их ховор үзэгдэл болчихоод байна шүү дээ. Энэ жил л гэхэд хур бороо багатай байх нь. Энэ мэт тариаланчдын зовлон жаргал их ээ