БНХАУ руу дизель түлш авах томоохон хэмжээний захиалга хийгээд импортлогч ААН-үүд мөнгөө төлсөн хэмээн УУХҮ-ийн сайд өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.
Энэхүү захиалсан түлшний хэмжээ болон хэзээ ирэх талаар Ашигт Малтмалын Газрын Тосны Газраас/АМГТГ/ тодруулахад “БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш авахаар захиалгаа өгсөн. Эдгээр нь 46 вагон болох бөгөөд эхний ээлжийн 2,500 орчим тонн түлш үйлдвэрээсээ хөдөлсөн, замдаа тээвэрлэгдэж яваа. Төмөр замын ачаалал үүсэхгүй бол энэ долоо хоногийн дунд үеэр Замын-Үүдэд ирнэ. Манай талаас түлшээ авах хоосон вагоноо бэлдсэн.
Хятадаас газрын тосны бүтээгдэхүүн импортлоход цариг шилжүүлж, ачихад хугацаа шаардагддаг.
Манай улс сард 90,000 гаруй тонн дизелийн түлш хэрэглэдэг, БНХАУ-аас захиалсан түлш ирснээр 10 хоногийн нөөцтэй болно.
Бензин, дизель түлш ОХУ-аас тасралтгүй импорт хийгдэж байгаа ч нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байдалтай байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Замын-Үүд боомтод захиалсан түлш ирчхээд ачаалал үүсгэсэн асуудал гараагүйг тодотгов.