Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмэгтэйчүүд хоногт 4.5 цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна DNN.mn

“Цаг ашиглалтын түүвэр судалгаа 2023” танилцуулах семинарыг Үндэсний статистикийн хороо, Жендэрийн Үндэсний хороо, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран өчигдөр зохион байгууллаа.

Манай улсад эрэгтэй хүн хоногийн 24 цагийн 343 минутыг хөлстэй хөдөлмөрт зарцуулж байгаа бол эмэгтэйчүүд 220 минутыг зарцуулдаг байна. Харин хөлсгүй хөдөлмөрт эмэгтэйчүүд өдөрт 4.5 цаг, эрчүүд 2.2 цагийг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их цагийг эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна. Энэ талаар Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг “Бид жилийн хугацаанд улсын хэмжээнд 23.394 өрхөд судалгаа хийсэн. Ингэхдээ сар бүр тухайн өрх дээр мэдээллийн ажилтан очиж, мэдээллийг нь авч байсан. Судалгаагаар хоногийн 24 цагт ямар, зүйл хийж байгааг хүн тус бүрээр нь судалсан. Нас, хүйс, ажил эрхлэлтийн онцлогоос шалтгаалан өөр үр дүн гарсан. Хүйсээр нь авч үзвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөлстэй хөдөлмөрт зарцуулж байгаа цаг ялгаатай байна. Жишээлбэл, эрэгтэй хүн хоногийн 24 цагийн 343 минутыг хөлстэй хөдөлмөрт зарцуулж байгаа бол эмэгтэйчүүд 220 минутыг зарцуулж байна. Эсэргээр нь хөлсгүй хөдөлмөрийн хувьд эмэгтэйчүүд өдөрт 4.5 цаг, эрчүүд 2.2 цагийг зарцуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг гэдэг үр дүн харагдаж байна. Мөн 12 болон түүнээс дээш насны хүмүүсийн боловсролд зарцуулах цагийг судалсан. 12-17 насны хүүхдүүд өдрийнхөө 263 минутыг боловсролд зарцуулж байна. Энэ насны хүүхдүүдийн хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй цаг  бага байгаа учир боловсролд зарцуулах цаг нь өндөр гарсан. Харин 227 минутыг чөлөөт цагтаа зарцуулж байна. 18-24 насны залуус 265 минутыг хөлстэй хөдөлмөрт зарцуудаг. Харин 185 минутыг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа бол боловсролд зарцуулах цаг нь огцом буурч 84 минут болсон байна. Ид хөдөлмөрийн насныхан буюу 25- 29 насны хүмүүсийн хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цаг нь өндөр болж боловсролд зарцуулах цаг нь буурч байна. Хүн насан туршдаа сурч боловсрох ёстой. Гэвч хөдөлмөрийн насны хүн амын боловсролд зарцуулж байгаа цаг хангалтгүй үзүүлэлттэй байна. 60-с дээш насны хүн амын хувьд чөлөөт цаг буюу хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цаг нь ихэсч, хөлстэй хөдөлмөрт зарцуулах цаг нь бага болно. Олон улс тэр дундаа манайхтай ойролцоо хөгжилтэй орнуудтай харьцуулбал хүн амынх нь хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй зөрүү өндөр байна” гэсэн юм.

Мөн бүс нутгийн хувьд алслагдах тусам хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цаг их болж байгааг тус судлагаанд дурдаж байлаа. Энэ талаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр “Цаг ашиглалтын судалгааг монгол хүний амьдралын чанарыг тодорхойлох суурь судалгаа гэж харж болно. Судалгааны үр дүнг дүгнэн харахад 12-17 наснаас эхлэн хөвгүүд охидоос  1.8 дахин их цагийг  хөлстэй хөдөлмөрт зарцуулж байна. Харин охид 1.5 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна. Эмэгтэйчүүд орлоготой байх, эдийн засгийн хувьд хараат бус байх, хүчирхийллээс ангид байх, улс төрд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа нь үүнтэй холбоотой. Тиймээс цаашид салбар бүр дунд, урт хугацааны хөгжлийн бодлогоо жендерийн мэдрэмжтэй төлөвлөх шаардлагатай. Бүс нутгийн хувьд алслагдах тусам зөрүү өндөр гарч байгаа юм. Тухайлбал, хөлсгүй хөдөлмөр эрхлэлт хотод хоёр дахин өндөр байгаа бол алслагдах тусам энэ тоо 2.3 дахин өнсөж байна” хэмээн ярилаа. Нийслэлийн иргэдийн хувьд тодорхой хүчин зүйлсүүдээс болж цаг хугацаагаа үргүй өнгөрөөх нь бий. Тухайлбал, түгжрэлийг дурдаж болно. Тэгвэл нийслэлийн иргэд ажилдаа ирж, очих цаг өмнөх жилүүдээс илүү их болжээ. Энэ талаар Нийгмийн статистикийн хэлтсийн дарга Д.Даваажаргал “Улсын хэмжээнд 27 минутыг ажилдаа ирж очиход зарцуулж байна. Байршлаар нь авч үзвэл нийслэлд ажилдаа ирж очих хугацаа дунджаар 41 минут байдаг бол аймгийн төвийн иргэд хувьд 17 минутыг зарцуулж байна. Харин сумын төвийн иргэд 24 минутыг зарцуулж байна гэсэн үр дүн гарсан. Өмнөх судалгаануудтай харьцуулбал, нийслэлийн иргэдийн хувьд ажилдаа ирж, очих хугацаа бага зэрэг өссөн. Мөн олон улсад хүйсээр нь хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа хугацааг судалж, үр дүнг гаргасан. Тухайлбал, Мексик улсад эмэгтэйчүүд нь илүү их цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байна гэх үр дүн гарсан. Монгол Улсын хувьд энэ ялгаа нь Мексиктэй харьцуулахад бага ч гэсэн 0.33 функтээр л ялгаатай гарч байна. Гүрж, Япон, Мексик зэрэг улсуудад энэ ялгаа нь өндөр харагдаж байна. Мексикт эмэг­тэйчүүд нь 24 цагийн 27.8 хувийг хөлс­­гүй хөдөлмөрт зарцуулдаг бол эрэг­­тэй­чүүд нь ердөө 11.1 хувийг л хөлс­гүй хөдөлмөрт зарцуулдаг” гэсэн юм.

Сонирхуулахад, Манай улсын эмэгтэйчүүд 19 хувь, эрэгтэйчүүд 9.2 хувийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа нь судалгааны үр дүнгээр гарчээ. Тиймээс бид эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цагийг багасгах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолж байлаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *