БНХАУ-ын Ниншя Хотонгийн өөртөө засах орон нь евро азийг холбосон шинэ гүүр ажээ. Тодотговол, төв, баруун азийн эдийн засгийн коридорын гол зангилаанд оршдог муж юм байна. Торгоны замын эдийн засгийн бүсийн стратегийн чухал тулгуур болох энэ нутагт зам тээвэр, дэд бүтэц сүрхий хөгжжээ. Ниншяг сүлжсэн гурван цагираг, дөрвөн босоо, зургаан хэвтээ чиглэлийн хурдны зам бий. Тяньжин боомттой төмөр зам болон усан замаар холбогддог байна. Тийм болохоор тус мужид үйлдвэрлэл, худалдаа наймаа, аялал жуулчлал хөгжихгүй байхын аргагүй. Тэр дундаа хөдөө аж ахуйн эко үйлдвэрлэлээрээ Няншя үнэхээр алдартай юм билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус мужид зочлоход орон нутгийн удирдлагууд нь хамгийн түрүүнд ухаалаг хүлэмжээ танилцуулав. “Кайсэн” нэртэй хөдөө аж ахуйн парк нь Ниншягийн нийслэл Иньчуаниас 50 км-ийн зайтай аж. Наран ургахтай зэрэгцэн хөдөлсөн Ерөнхийлөгчийн цуваа нэг цаг хэртэй давхиад зорьсон газартаа ирлээ. Гадна тал нь нарны панеллиудаар тоноглогдсон нүсэр том хүлэмж рүү орвол автомат төхөөрөмж дээр тасралтгүй бүтээгдэхүүн савлаж байв. Хэдэн алхмын зайтай хаалганы цаана тариалангийн талбай харагдана. Тэнгэр гэрэлтсэн цэлмэг дээвэртэй саруулхан хүлэмж дэх зэрэгцүүлэн өрсөн урт, урт ёмкс дээр улаан лооль завсар зайгүй боловсорч байв. Ойн төгөлд ороод ирсэн юм шиг мэдрэмж төрүүлэхүйц энэ хүлэмж 60-аад мянган метр квадрат талбайтай. Тэнд “Мао Тай Лан” гэдэг жимсний улаан лоолийн сортыг голлон тариалдаг юм байна. Жилд 4000 тонн ургац хураадаг аж. Анх 155 сая юанийн хөрөнгөөр боссон “Кайсэн” хүлэмжээс өдгөө жилд 100 гаруй сая юанийн орлого олдог тухай танилцуулав. Хүлэмжийн гол онцлог нь хөрсгүй тариалалт эрхэлдэг явдал. Дээрээс нь автомат усалгаатай. Бас бордоо орлуулах ухаалаг төхөөрөмж байрлуулжээ.
Паркийн гадна хананд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шинэ материалыг ашигласан нь дэвшилтэт шийдэл болж чаджээ. Эдний үйлдвэрлэсэн нарны эрчим хүч нь өдөр тутмын үйл ажиллагааг нь саадгүй явуулахад бүрэн хангадаг байна. Ер нь хүлэмжид орохоор амьсгалахад төвөгтэй, хөлс урсаад байдаг даа. Тэгвэл “Кайсэн” ухаалаг хүлэмжид тийм зовлон байхгүй. Темпратур, чийгшил гээд бүгдийг ухаалгаар шийдэж, ургацад хамгийн тохиромжтой орчныг бүрдүүлжээ. Тэнд 12 сар тасралтгүй ургац авах боломжтой дэлхийн хамгийн дэвшилтэт технологиор тариалангийн аж ахуй эрхэлж байна. “Кайсэн” хүлэмжийн загварыг Хятадын 17 мужид хөгжүүлээд эхэлжээ. Мөн энэ төрлийн аж ахуйг эрхлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд туршлагаасаа харамжгүй хуваалцаж, сургадаг байна. Хөрсгүй ухаалаг хүлэмжийн нэг метр квадрат талбайгаас 80 кг хүртэл ургац авдаг гэнэ лээ.
Ийнхүү ухаалаг хүлэмжтэй танилцсаны дараа Жүнвэй хот руу хөдлөв. Улаанбаатараас Дархан орох хэртэй замыг бид хоёр цагт туулж хүрлээ. Орон нутгийн зам гэхэд хүний урманд тор гэх энхэл донхолгүй нь сайхан юм. Замд тасралтгүй үргэлжлэх элсэн цөлийг хучсан ногоон байгууламжууд өнгө алаглан харагдана. Энэ бүгд хүний гараар бүтсэн гэхээр ямар их хүч хөдөлмөр орсон бол. Аргагүй л хүний олноор байгалийн сайхныг цогцлоож дээ гэх бодол хөвөрнө. Хятадууд бол цөлжилттэйгөө тууштай тэмцэж байгаа ард түмэн. Учир нь 1975 оноос хойш тус улсын элсэн цөл хурдацтай тэлж, олон тосгод эзгүйрч байгаа тухай бишгүй мэдээлдэг байв. Хятадын Засгийн газар зөв менежмент явуулсны үр дүнд экологийн дүрвэгчдийн хөдөлгөөн зогссон төдийгүй элсэн цөлийн ногоон хотууд сүндэрлэн боссон юм. Үүний тод зураглал нь Жүнвэй хот. Өнөөдөр Хятадын баруун бүсийн аялал жуулчлалын урсгал тэр чигтээ энэ хотод төвлөрдөг юм билээ.
Бидний очсон Жүнвэйгийн Шапотугийн байгалийн хамгаалалтын бүс бол Тэнгэр элсэн цөлийн зүүн өмнөд зах аж. Өвөрмонгол, Гальсу, Ниншя гэсэн гурван мужийн уулзварт оршдог байна. Тэнгэр элсэн цөл нь хамрах хүрээгээр улсдаа дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг. Газрын зураг дээр Монгол, Хятадын нутгийг хавсран оршдог Говийн элсэн цөлийн урд хэсэг болох нь тод харагдана. Жүнвэй хотын нийт нутаг дэвсгэр нь 17 мянган хавтгай дөрвөлжин км гэнэ. Нийт нутгийнх нь 22 хувийг элсэн цөл эзэлдэг юм байна. Түүхэнд элсэн шуурганы хамгийн ноцтой гамшгууд тохиож байсан гэдгээрээ алдартай. 1950-иад оны эхээр Тэнгэр элсэн цөл Жүнвэй хотоос ердөө дөрөв, тавхан км-ийн зайд тулж ирж байжээ. Хүчтэй салхи, элсэн шуургын улмаас энэ бүс нутгийн амьдрал үндсэндээ зогсож байсан гэхэд хилсдэхгүй. Газар тариалан, үйлдвэрлэл гээд хүнтэй юутайгаа дайжиж, Шар мөрний экологийн аюулгүй байдалд ноцтой аюул тулгарч байсан гэдэг. Шапотугийн энэ хэсэг гэхэд 100 метр хүртэлх өндөртэй хөдөлгөөнт элсэн манханаар бүрхэгдэж байжээ. Улмаар төмөр замын хөдөлгөөнд хүртэл саад учруулж байсан гэнэ. Тэр цагаас хойш Жүнвэй хотын иргэд цөлжилттэйгөө тууштай тэмцэж иржээ.
Жүнвэйчүүдийн элсний нүүдлийг барьж чадсан аргыг “Өвсний тор” гэж нэрлэдэг юм билээ. Зах бараа нь үзэгдэхгүй элсэн цөлийг шоо хэлбэрээр хээлэн сүлжсэн юм шиг зураглал Иньчуаниас Шапотуд хөтлөн авчирсан нь тэрхүү “Өвсний тор” аж. Технологийн хувьд тун энгийн. Улаан буудайн сүрлийг хөдөлж буй элсэн манхан дээр 1х1 метрийн хэмжээтэй дөрвөлжилж хэрнэ гэсэн үг. Нэг метрийн урттай сүрлийг элсэн дээр хөндлөн эгнүүлж дэвсэх юм билээ. Ингэж дэвссэн сүрлийнхээ яг гол хавьцаа дээргүүр нь том гэгч нь дугуй хэлбэртэй, пад пад гэсэн тачигнасан дуутай өнхөрдөг төхөөрөмж явуулна. Энэ үед сүрэл элс рүү 40-50 см хэртэй шигтгэж сууж өгнө. Өөрөөр хэлбэл, сүрлийн хоёр зах нь хөрсөн дээр босч ирнэ гэсэн үг. Бас зарим нь хүрзээр сүрлээ гишгэж, торлож байгаа харагдсан. Хөндлөн сүрэл дээр хүрзээ байрлуулж байгаад элсэнд далд ортол нь ганц л гишгэчих юм билээ. Сүрэл хөгцөрч, мууддаггүй онцлогтой учраас он удаан жил элсний нүүдлийг барих боломжтой. Торлож хашсан элсэн дээр гишгэхэд яг л энгийн газар шиг хав хатуу болжээ. Тэр дөрвөлжин болгонд янз янзын мод, ургамал суулгасан нь анхаарал татлаа. Бараг арав гаруй төрлийн мод ургуулсан туршлагаасаа энэ нутгийнхан ярьж байв. “Өвсний тор”-ыг элсэнд шигтгэх процесс тун энгийн. Шапотугийн байгалийн хамгаалалттай бүсэд ердөө 20-иод хүн л энэ ажлыг хийж байгаа харагдсан. Голдуу өндөр настай хүмүүс тааваараа ажиллаж байна лээ.
Элсийг сүрлээр торлож, нүүдлийг нь тогтоон барьж байгаа энэ арга нь дэлхийд шалгарсан дэвшилтэт технологи. Давхар түймрээс сэргийлэх, ойжуулалтын бүс байгуулан усжуулалтын системийг нь хүртэл цогцоор шийджээ. Иймд НҮБ-аас “Дэлхийн байгаль орчныг хамгаалах шилдэг 500” цол олгосон байна. Жүнвэйчүүдийн нөр их хөдөлмөрийн үр шимээр 100 мянган га элсэн цөл ногоон ой болжээ. Хамгийн чухал нь Тэнгэр цөл 25 км-ээр ухарсан байна. Энэ нутаг дахь байгалийн ургамлын тоо 25-45 төрөлд хүрч нэмэгдсэн зэрэг олон сайхан эерэг өөрчлөлтүүд гарчээ. Жаран жилийн тэртээ элсэн далайд живэхдээ тулж байсан Жүнвэй хот өнөөдөр хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөлийн аялал жуулчлалыг хөгжүүлж байна. “Шапатоү” байгалийн хамгаалалтын бүсийг зорих жуулчдын тоо жилд 15 саяд хүрчээ. Эндээс 10 тэрбум юанийн орлого олдог гэсэн. Тэр хэрээр цөл рүү шилжин суурьших урсгал ч нэмэгдэх болсон байна.
Сониноос энэ нутгийн элсэн манхан дундах “Цөлийн од” зочид буудал нь жуулчдын хөлд битүү дарагддаг аж. Нэг өрөө нь хоногийн монгол мөнгөөр 1.5 сая орчим төгрөг. Захиалгын дараалал нь ч дийлдэхгүй. Хэдэн сараар урт дараалал үүссэн байдаг гэсэн. Элсэн цөлийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж болдгийг утгаар нь харуулсан бүтээн байгуулалт аж.
Жүнвэйчүүд ийнхүү цөлийн эрхшээлээс ангижрахын төлөө уйгагүй зүтгэсний үр дүнд элсэн далайн баянбүрд болон хөгжиж байна.