Categories
мэдээ цаг-үе

Элсэлтийн шалгалт өгч буй хүүхдүүддээ хүндэтгэлтэй хандъя DNN.mn

Өнөөдөр орон даяар элсэлтийн шалгалт эхэлж байна. Ихэнх улсуудад ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид ирээдүйн мэргэжлээ сонгохын тулд манайхтай адил элсэлтийн шалгалт өгч, Их, дээд сургуульд элсэх эрхээ олж авдаг.

Бусад улс оронд элсэлтийн шалгалтын эл өдрүүдэд зам засвар болон томоохон барилгын ажлуудаа зогсоож, шалгалт авах байрны ойр хавьд дуут дохио асаахыг хориглодог юм байна. Мөн шалгалт өгч буй хүүхдүүдэд автобус, үнэгүй таксигаар үйлчилж, хотынхоо замыг чөлөөлөн цагдаа нарын хамгаалалтад олон хүмүүсийн хүндэтгэл дор шалгалтын байр руугаа явж буй хүүхдүүдийн бичлэгийг цахим ертөнцөөс харж болно.

Манай улсын хүүхдүүдийн хувьд түгжрэл гэх мэт олон шалтгааны улмаас элсэлтийн шалгалтын цагаасаа хоцрох тохиолдлууд бий. Гэр бүлийнхэн нь ажилтай гэх шалтгаанаар хүргэж өгөх боломжгүй нөхцөлд хүүхдүүд нийтийн тээвэр, таксигаар шалгалтын байр руугаа явдаг.

Өчигдөр нүүр номын нэг найз маань “Маргааш элсэлтийн шалгалт эхэлнэ. Энд тэнд яарч сандарсан хүүхэд байвал хүргээд өгчихөөрэй. Зам гарч байвал чөлөөлөөд гаргачихаарай. Амьдрал шийдэх алтан агшин руугаа тэд яарч яваа шүү. Хүүхдүүд минь амжилт. Эх орны маргаашууддаа та бүхэн минь дөрөвхөн өдөр хүндэтгэлтэй хандаарай” гэсэн нь санаанаас ер гарсангүй.

Элсэлтийн шалгалт өгч буй хариуцлагатай энэ цөөхөн хоногт нь хүүхдүүддээ урам өгч, хүндэтгэлтэй хандацгаая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *