Categories
мэдээ нийгэм цаг-үе

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Орон даяар өнөөдөр Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байна. Шалгалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх юм. Бид ЭЕШ-тай холбоотой мэдээллийг өмнөх дугааруудад хүргэсэн билээ. Энэ удаа шалгалттай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс хүргэсэн зөвлөмжийг хүргэж байна. Түүнчлэн ЭЕШ-ын шалгуулагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гар утасны “EEC” аппликэйшн ашиглалтад оруулжээ. Уг аппликэйшнээр шалгуулагчид өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч бүртгэлийн хуудас, суудлын хуваариа харах боломжтой. Мөн ЭЕШ-тай холбоотой жишиг даалгавар, зөвлөгөө, теле хичээл зэрэг мэдээллийг хүлээн авах боломжтой юм байна. Дашрамд дурдахад, ялангуяа орон нутгийн эцэг, эхчүүдэд цаг агаарын мэдээллийг тухай бүрт авч үер усны аюулаас болгоомжилж хүүхдээ ЭЕШ-д саадгүй хамрагдах нөхцөлөөр хангахыг холбогдох байгууллагаас анхааруулжээ. Учир нь ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой гэх мэдээллийг Ус цаг уур орчин шинжилгээний хүрээлэнгээс өгч байгаа юм.

ЭЕШ өгөх зөвлөмжийг хүргэж байна.


1. Шалгалтад өөрийн суудлын хуваарьт заасан “Ирэх цаг”, “орох хэсэг”-ийн дагуу орно. Суудлын хуваарь шинэчлэгдсэн тул шалгалтаас өмнө заавал шинээр хэвлэж авна. Суудлын хуваарьт заасан шалгалтын байрны байршил, хаана яаж очих гэдгээ эрт мэдэж авсан байвал шалгалтын өдөр төөрч явахгүй, цагаа төлөвлөхөд хэрэгтэй байдаг.

2. Их, дээд сургуульд элсэгчдээс авах Монгол хэл бичгийн шалгалтыг энэ жил зохион байгуулахгүй

3. Шалгалтын өмнөх өдөр бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах хэрэгтэй. Бүх бичиг баримтаа нэвт харагддаг тунгалаг хавтсанд хийчихвэл амар байдаг. Шалгалтын үед гээх тохиолдол гардаг тул хянамгай байх хэрэгтэй.

4. Шалгалтын өмнө сэтгэл зүйгээ сайн бэлдэж, хангалттай нойр авах, мөн хоолондоо анхаарах хэрэгтэй. Шалгалтын цаг эхлэхээс өмнө шаардлагатай бол ариун цэврийн өрөө орох, учир нь шалгалтын дундуур гаргахгүй.

5. Шалгалтад очихдоо халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина. Амны хаалтаа зөв зүүнэ, бээлий өмсөх, гараа ариутгах, хүн хоорондын зай барина (ангийн найзуудтайгаа уулзаж бөөгнөрөл үүсгэхгүй байх хэрэгтэй, та болон таны найз хэн ч халдвар тээгч байх эрсдэлтэй).

6. Шалгалтад ашиглах харандаа баллуур, үзүүрлэгчийг цаанаас нь тараана (Бусад эд зүйлс оруулахгүй тул гар утас, ухаалаг цаг зэрэг эд зүйлсээ гэр бүлдээ үлдээх хэрэгтэй).

7. Хариултын хуудастай ажиллах заавартай сайтар танилцаад хянагч багшийн өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажиллана. (Яг зөв гэсэн хариултаа сонгоод будах хэрэгтэй. Аль болох баллуур ашиглахгүй байх. Шалгалтын хугацаа их юм шиг санагддаг ч яг тулаад ирэхээр бага санагдана. Иймд шалгалтын материалтай ажиллах цагаа зөв зохицуулаарай.

8. Анхны оноо шалгалт өгснөөс хойш 10 минутын дотор гарна. Анхны оноогоо live.eec.mn сайтаас үзнэ. Хэмжээст оноо 24 цагийн дотор гарна.

Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг БҮТ-ийн 75779498 дугаараас лавлаарай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *