Хурим бол хүний амьдралын хамгийн дурсамжтай, мартагдашгүй мөчүүдийн нэг. Амьдралынхаа ханиар сонгосон хүнтэйгээ нэг гэр бүл болж, насан эцэслэтлээ хамтдаа амьдарч жаргал зовлонгоо хуваалцах боллоо гэдгээ аав ээж, хамаатан садан, найз нөхдөдөө зарлан тунхаглаж, баяртай жаргалтай мөчөө хуваалцдаг сайхан баяр юм. Аав, ээжээсээ ерөөлийн үг сонсох нь энэ ёслолын хамгийн том утга учир байдаг. Тэгвэл сүүлийн үед 23-28 насны миллениал (“Y” буюу 1981-1996 оны хооронд төрсөн залуусын үе. Мэдээлэл, технологийг эзэгнэгч хүмүүс гэж тодорхойлох нь бий) залуучуудын дунд нууцаар хуримлах мода дэлгэрээд байгаа гэнэ. “Elopement” нь “elope” буюу зугтах, оргох гэсэн үгнээс гаралтай бөгөөд олон нийтийн оролцоогүйгээр яаруу байдлаар хуримлах хэв маягийг ийнхүү нэрийддэг юм байна. Уламжлалт заншлаар бол хос хоёрын аль нэг талын эцэг, эх тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх, эсвэл сүйт бүсгүй хуримаасаа өмнө бие давхар болсон бол нууцаар хуримлах замыг сонгодог. Өөрөөр хэлбэл аргагүй байдалд орсон тохиолдолд гаргадаг шийдвэр гэсэн ойлголт байжээ. Харин орчин үед санхүүгийн асуудлаас болж хосууд ийм маягаар хурим хийх нь олширчээ.
Хуримын зардал хаа газар л өртөг өндөртэй байдаг. Америкт дундаж хурим 30-40 мянган ам.доллар байдаг гэсэн судалгаа бий.
Манайхаар бол 80-100 сая төгрөг. Энэ мөнгөөр Монголд бол гурван өрөө байр, нэг машин авчихаж болмоор харагдаж байна. Өндөр хөгжилтэй, манайхыг бодвол санхүүгийн боломж харьцангуй өндөр нийгэмтэй Америкт ч гэсэн энэ нь маш их мөнгө. Америк залуусын жилийн дундаж орлого 40 мянган ам.доллар. Тэгэхээр нэг жил юу ч идэхгүй, өмсөхгүй мөнгөө цааш хийж байж хуримын зардлаа босгоно гэсэн үг. Манайд ч хуримын өртөг өндөр болохоор залуу хосууд цалингийн зээл хүртэл авч зочдоо дайлж цайлах хэрэг гардаг шүү дээ. Орчин үеийн суурин газрын хурим наргиж цэнгэх найр наадам гэхээсээ илүү тээр дараа болдог болсон нь нууц биш. Бэлэг сэлтнээс авахуулаад уригдсан зочдод ч шаналгаатай байдаг хэмээн шүүмжлэл дагуулдаг.
Ийм болохоор залуус хамаатан садан, найзуудаа урьж сүртэй дайллага хийлгүй хоёулхнаа ёслоод өнгөрөхийг илүүд үзэх нь аргагүй. Зарим хосууд шашны ялгааны асуудлаас болж ийм замаар хуримлаж байгаа боловч ихэнх нь санхүүгээ хэмнэх бас хөгжилдөх, өвөрмөц дурсамж үлдээх гэсэндээ ийнхүү нууцаар гэрлэдэг аж. Байгалийн үзэсгэлэнт газар очиж ёслол хийлээ гэхэд аялаад, шинэ газар үзчих давуу талтай.
НУУЦААР ГЭРЛҮҮЛДЭГ АГЕНТЛАГ БОРООНЫ ДАРААХЬ МӨӨГ ШИГ ОЛШИРЧЭЭ
Барууны оронд Elopement үйл ажиллагаагаар дагнадаг тусгай газрууд бий болоод нэлээд хэдэн жилийн нүүрийг үзжээ. Ийм шийдвэр гаргасан хосууд эхэндээ айж түгшин самгарддаг гэнэ. Гэр бүлийнхнээсээ айхаас өгсүүлээд хамтын амьдралаа ийнхүү “бие даан” эхлүүлэх гэж байгаа залуу хүмүүст бэрхшээл гарах нь мэдээж. Эдгээр асуудал дээр сэтгэл санаагаар дэмжин туслахаас гадна очих гэж буй газрын тухай судлан, ёслолоо хэрхэн үйлдэх гээд л бүх зөвлөгөөг өгч гардан гүйцэтгэдэг гэнэ. Залуу хосууд ихэвчлэн өөр улсыг зорьдог бөгөөд хуримын зургаар мэргэшсэн чадварлаг зурагчин дагуулж явдаг юм байна. Шаардлагатай бол хөтөч, орчуулагч хөлсөлж болно. Ингээд зорьсон газраа очин зурагчин, хөтөч гэх мэт цөөхөн гэрчтэй цомхон хуримын ёслол үйлдэнэ. Ийм хуримын хамгийн чухал зүйл бол гэрэл зураг. Хамгийн өвөрмөц, хамгийн онцгой зургуудтай болох гэж чамгүй мөнгө төлдөг гэсэн. Ингэж авахуулсан зургуудаа Инстаграм хуудсанд нийтлэх нь нууцлаг хуримын бас нэгэн салшгүй хэсэг бололтой. Учир нь Инстаграмд ийм төрлийн хуримын зураг маш их хандалт авдаг юм байна.
Нууц хуримын үйл ажиллагаа явуулдаг “Events, Etc”-ийн үүсгэн байгуулагч Линдсэй Никелийн цахим хуудсаар зочлоход хосуудад дараахь зөвлөгөөг өгсөн байх юм. “Хамгийн эхлээд гэр бүлийнхэн болон найз нөхдийнхөө хариу үйлдэлд сэтгэл санаагаа бэлдэх нь чухал. Чиний хайртай, дотны хүмүүс амьдралын чинь хамгийн чухал өдрийн нэг хэсэг болж чадаагүйдээ гомдон, сэтгэл дундуур үлдэх нь нууц хуримын хамгийн хэцүү, гунигтай зүйл. Хүн бүр та хоёрын шийдвэрийг зөвөөр хүлээж авч, ойлгоно гэж найдалтгүй шүү” хэмээн Линдсэй Никел онцолжээ. Мөн “Ойр дотныхныгоо шархлуулахгүйн тулд гаргасан шийдвэрээ урьдчилж хэлээд аяллын явцдаа холбогдон, зураг явуулах ч юмуу видеогоор ярилцан хэрэг явдлыг зөөлрүүлэх хэрэгтэй. Хамтдаа гаргасан энэ шийдвэрийнхээ төлөө тэднээс уучлал гуйх албагүй ч тэд та хоёрыг төрүүлж өсгөн хүн болгосон, бас та хоёрыг хос болоход найз нөхөд чинь их бага хэмжээгээр хувь нэмрээ оруулсан гэдгийг мартаж болохгүй” гэж зөвлөсөн байна. Гэрлэх гэж буй хосууд хууль, эрх зүйн мэдлэг цуглуулах нь чухал. Энэ нь мэдээж тухайн очих гэж буй газрынхаа гэр бүлийн тухай хуулийг судлахаас эхэлнэ. Мөн мартаж болохгүй нэг зүйл нь дээр хэлсэнчлэн зурагчин, хөтөч болон орон нутгийн хурим зохион байгуулагчийг хөлслөх. Ингэвэл төгс хурим болох магадлал өсдөг. Яагаад гэрэл зургийг чухалчлаад байна гэвэл гэр бүлийнхэн чинь та хоёрын хуриманд гэрэл зургаар дамжуулан оролцох боломжтой болно, өөр арга байхгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд хосууд л сэтгэл хангалуун, сайхан дурсамжаар дүүрэн үлдэх нь чухал гэж Линдсэй Никель сануулжээ.
СҮЙТ БҮСГҮЙЧҮҮДИЙН ОРГОДОГ ШАЛТГААН ЮУ ВЭ
Зарим орнуудын нууц хуримын уламжлалаас түүвэрлэн бэлтгэсэн юм. Их Британид л гэхэд хуримын заншил хатуу дэгтэй. Хуримлах хосууд ёслолоос өмнө сүмдээ нэрсээ бүртгүүлдэг. Товлосон өдрийн өмнөх ням гаригийн мөргөлөөр хосуудын нэрсийг залбирал үйлдэхээр ирсэн олны өмнө чангаар дуудан уншдаг байна. Үүний зорилго нь гэрлэлтийг эсэргүүцэх хууль ёсны эрхтэй хэн нэгэнд шударгаар сэрэмжлүүлэг өгөх. Ингэснээр хууль бус гэрлэлтээс болгоомжилж байна хэмээн англичууд үздэг аж. Шашны дэг жаягийн дагуу, уламжлалт ёсоор хуримаа хийхийн тулд сүмийн тэргүүн хамбаас зөвшөөрөл хүсдэг бөгөөд хосууд олны нүдэн дээр гэрлэлтээ батлуулахгүй байх шалтгаантай бол өөр хууль үйлчилдэг газар луу зугтан хуримлах тохиолдол байдаг гэнэ.
Харин Филиппин улсад нууцаар хуримлах заншлыг “tanan” хэмээдэг. Энэ үйл Филиппинд олон жилийн турш уламжлагдан ирсэн бөгөөд эмэгтэй хүн эцэг, эх нь зөвшөөрөөгүй тохиолдолд найз залуутайгаа хамтран амьдрахаар төрсөн гэрээ орхиж явахыг хэлдэг ажээ. Хамтрагчид ихэвчлэн шөнөөр оргон зайлдаг ба өглөө нь эцэг, эх нь охиноо байхгүйг мэдээд бөөн дуулиан дэгдээдэг нь ойлгомжтой.
Маш хатуу шашны жаягтай Индонез улсад хүртэл нууц гэрлэлтийн “соёл” байдаг. Эндхийнхэн эцэг, эх юм уу ойр дотныхоо хүний зөвшөөрөлгүй гэрлэнэ гэдэг бараг л байж боломгүй зүйл. Тиймээс оргон зайлж хуримлана гэдэг маш хэцүү. Эсэргүүцэлтэй тулгарсан хосууд ихэнх тохиолдолд салж хагацдаг бөгөөд цөөн хэд нь гэрлэлтээ батлуулахгүйгээр зүгээр л хамтран амьдрах замыг сонгодог байна. Дэлхийн хаа сайгүй нууцаар гэрлэх уламжлал байдаг байх нь. Манай улсад ч бүр эртнээс л ийм зүйл байсан. Эцэг, эхийн шахалт заавраар (гэвч энэ нь цаанаа нэгэн амбан захирагч, ноёны тушаал байдаг) хайргүй хүнтэйгээ гэрлэн, богтлуулдаг эмгэнэлт хувь заяаны тухай бишгүйдээ л уншиж сонссон биз ээ. Богтлуулж буй бүсгүйг хайрт залуу нь шөнө дөлөөр үүрч дүүрэн, мориндоо сундлан оргуулж зугтдаг. Тэр үед гэр бүлийн баталгаа энэ тэр гэж юм байгаагүй тул хошуу алгасан оргон зайлж, төвхнөдөг эсвэл балар шугуйд нуугдан амь зогоодог байсан болов уу. Ингэж зугтсан амрагууд хөөрхий бүсгүйг хүчээр эхнэрээ болгох гэж байсан эрхтэн дархтаны зуултанд орсноор гэмт хэрэгтнүүд, оргодлууд болон хувирч, аймаг хошуу даяар эрэн сурвалжлагдана. Ингээд амьдрах аргагүйд хүрдэг байсан гэдэг. Одоо үед богтлох гэдэг харгислал, хүчирхийлэл арилсан биз. Харин ч залуу хосууд аав, ээжийнхээ үгнээс зөрж хамтын амьдрал үүсгэсэн болоод удалгүй салж сарнин хүүхэд өнчрүүлэх явдал газар аваад байгаа. Энэ нь нэг талаар эрх чөлөөгөө эдэлж байна гэсэн хэт туйлшрал болов уу гэж анзаарагддаг.
А.МӨНХЗУЛ