“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл элэг” хөтөлбөрийг “Оном сан” Элэгний эмч нарийн нийгэмлэгтэй хамтран элэгний хатуурал, хорт хавдар болон B, С вирусийг устгах зорилгоор элэгний вирус тоолох шинэ технологийг эх орондоо нэвтрүүлж байна. Мөн блокчейн технологийг ашиглан иргэдийн эрүүл мэндийн түүхийг цахим санд бүртгэх ажлыг хийхээр болсон тухайгаа өнөөдөр танилцууллаа.
Энэ талаар “Оном сан”-гийн захирал Д.Наранжаргал “Дэлхийн бүх оронд элэгний вирус тоолоход хэрэглэж байгаа Cepheid GeneXpert төхөөрөмжийг Америкийн нэгдсэн улсын Сейпхейд корпорац, Элэгний төв болон “Оном са”н хамтран Засгийн газраас нэг ч төгрөгийн зардал гаргалгүйгээр 2.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг аппаратыг эх орондоо оруулж ирэхээр болоод байна. Ирэх есдүгээр сараас эхлэн аймгийн төвийн эмнэлэг бүрт нэгийн байрлуулна. Харин энэ найман сараас эхлүүлээд туршилтын байдлаар Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт байрлуулж, ашиглаж үзнэ. Мөн элэгний өвчлөл ихтэй алслагдсан сумдаар явуулын аппарат ажиллахаар болсон. Энэ нь 2020 он гэхэд элэгний өвчлөлийг бууруулж, үүнээс үүдэх нас баралтыг тэглэх зорилгыг хангахад үнэтэй хувь нэмэр болж байна” хэмээсэн юм.
Уг аппаратыг аймгийн төвүүдэд байрлуулж эхэлснээр иргэдийн вирус тоолох сорьцийн дээжийг Улаанбаатар хот руу тээвэрлэж, мэргэжлийн эмч нар таван цаг гаруй лаброторт ажиллаж байж шинжилгээний хариуг гаргадаг байсан. Удаан ажиллагаа бүхий уг асуудалыг бүрэн зогсож, өвчтөн тухайн харьяаны эмнэлгээсээ 90 минутын дотор шинжилгээний хариугаа гаргуулан авах боломжийг энэхүү аппарат бий болгож байгаа аж.
Сорьцийг хол замд удаан тээвэрлэх нь вирусийн идэвхжлийг бууруулж, хариуг зөрүүтэй гаргах эрсдэлийг үүсгэдэг хэмээн тэрбээр хэлж байв.
Төхөөрөмжийг санаачлагч Мартив Коло хэлэхдээ “Бид дэлхийн хүн бүр өөрсдийн хаа байгаа газраасаа элэгний вирусээс урьдчилан сэргийлж байгаасай гэж хүссэн. Тиймээс хүмүүсийн нөхцөл байдалд таарсан системийг бий болгож, өвчтөнийг илааршуулж, эрүүл болгох ажлыг эрчимтэй хийсэн” гэлээ. Харин Монгол Улсад анхлан элэгний B вирусийг илрүүлж, тэмцэх арга замыг эхлүүлсэн эрдэмтэн судлаач, доктор Р.Арслан “1960-аад оны үед манай улсад элэгний B вирусээр хүмүүс өвчилж, хүүхдүүд эндэж байхад энэ талаар иргэдийн ойлголт дулимаг, хэрхэн сэргийлэхээ мэддэггүй байсан. Тариурын хэрэглээт эм бэлдмэлийг замбараагүй хэрэглэдэг байлаа. Тиймээс 1991 онд B вирусийн эсрэг тарилгыг шинээр төрсөн хүүхэд болгонд хийх санаачлага дэвшүүлж байсан маань дэмжигдэж, одоог хэрнэ хэрэгжсээр байна. Тухайн үеийн хүмүүсийн эрүүл мэндийн соёлгүй хэрэглээнээс болж олон ч хүн халдвар авсан. Харин одоо эдгээр хүмүүсийг эмчлэхээр дэлхийн хэмжээний ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаад баяртай байна” гэж хэллээ.
Тус аппарат нь дан ганц элэгний вирус тоолохоос гадна, сүрье, умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ болон ХДХВ үүсгэгддэг өвчлөлийг илрүүлэх чадвартай юм. Мөн блокчейн технологид суурилсан өвчтөний түүхийн мэдээллийг устгах боломжгүй бөгөөд зөвхөн эмчилгээ хэрхэн, хаанах хийлгэсэн зэргийг нэмэх л боломжтой аж.
З.СУВД