Монгол Улсын Засгийн газар, төр, хувийн хэвшил, ТББ, олон улсын байгууллага хамтран “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэнг энэ сарын 15-16-нд зохион байгуулна.
Олон улсын цахим платформ бүхий www.exportmongolia.org экспортын нэгдсэн сүлжээгээр дамжуулан ААН, компаниудад хүндрэл учруулахгүйн тулд үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа.
Мөн Үндэсний брэнд бүтээгдэхүүний 3D, 2D цахим үзэсгэлэн анх удаа цахимаар зохион байгуулж байна. Цахим форумаар төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, экспортлогч, хөрөнгө оруулагчид харилцан мэдээлэл солилцож, үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын бэрхшээл, боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлох юм.
Сарын хугацаанд 156 аж ахуйн нэгж, иргэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бүртгүүлснээс 43 павильонд 43 байгууллага, аж ахуйн нэгжийн 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим платформд байршуулжээ.
Үзэсгэлэнд ноос, ноолуур, арьс шир, мод модон эдлэл, гоёл чимэглэл, мах, сүүн бүтээгдэхүүн, гоо сайхан, хүнс, тээвэр ложистик, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ оролцож байна.
Энд үзэсгэлэнгийн мэдээлэл 14 хоног байрших бөгөөд цаашид уул уурхайн бус салбараа ангилан бүтээгдэхүүн үйлчилгээг нь платформоор сар бүр дэлхийд танилцуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн, үзэсгэлэнд оролцогчийн үйл ажиллагаа, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний мэдээллийг 3D, 2D павильоноос авч, худалдан авагч үзэсгэлэнд оролцогчтой цахимаар холбоо тогтоох, гэрээ хэлэлцээр хийх боломжтой.