2024 оны эхний есөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллар буюу 13 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 3.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Экспортод 11.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өслөө.
Экспортын барааны нийт дүнд
- эрдэс бүтээгдэхүүн 10.3 тэрбум ам.доллар буюу 87.4 хувь
- сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 679.2 сая ам.доллар буюу 5.8 хувь
- нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 356.4 сая ам.доллар буюу 3 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлжээ.
Статистик мэдээллээс харахад энэ оны эхний есөн сард үхрийн мах 27.3 мянган тонн, ямааны мах 4.7 мянган тонныг экспортолсон нь 3.3-7.2 хувиар тус тус буурсан үзүүлэлт болов. Харин нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 дахин, төмрийн хүдрийнх 28.8 хувиар өсжээ.