2023 оны эхний хагас жилийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчил, зам тээвэр, онцгой байдлын чиглэлээрх зүйлүүдийг тодрууллаа. Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахмад зохицуулагч Б.Энхболдтой ярилцав.
-Зам тээврийн осол гэмтлийн талаар мэдээллийг өгөөч?
-2023 оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 49560 бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар өссөн үзүүлэлт. Бүртгэгдсэн зам тээврийн 11342. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар буурсан. Ослын улмаас 224 нас барсан. 1428 хүн гэмтсэн. Хүүхэд өртсөн осол 342 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар буурсан. 26 хүүхэд нас барж, 21.2 хувиар буурсан гэсэн үзүүлэлттэй. Хагас жилийн байдлаарх үзүүлэлтүүд ийм байна.
-“Нэг зам- нэг соёл” арга хэмжээ хэр үр дүнтэй байна вэ?
-“Орон нутгийн зам хөдөлгөөний соёл”, “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ”, “Ирээдүйгээ хамгаалъя”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” гэсэн арга хэмжээг жил бүр явуулж ирсэн. Энэ жилийн уриа “Нэг зам- Нэг соёл” гэсэн уриатай явагдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид нэг зам дээр соёлтой зорчиж чадах юм бол автомашины ослоос урьдчилан сэргийлж чдах юм гэдгийг харуулсан өгөгдөл бүхий уриа. Энэ аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан нөлөөлөл бүхий ажлуудыг хийсэн. Орон нутгийн замд хяналт шалгалт бүхий олон ажил хийж, хэрэгжүүлээд явж байгаа. Нөлөөллийн хүрээнд үүрэн телефоны дөрвөн оператор нийлж мессеж бичих, Төрийн банк, Хаан банк зэрэг арилжааны банкууд пос машин, аппликейшн дээрээ биднийг сурталчлан хамтран ажилласан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээр ханган хамтран ажилласанд цагдаагийн байгууллагын зүгээс талархлаа илэрхийлмээр байна. Хяналт шалгалтын ажлын хүрээнд нийт ослын 70-80 хувь нь орон нутгийн замд үйлдэгддэг. Тэгэхээр энэ байдал дээр анхааран орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн, ялангуяа аялал жуулчлалын бүс нутаг болох Архангай, Булган, Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгуудыг чиглэсэн тээврийн хэрэгслийн урсгал их байна. Мөн дээрээс нь энэ жил таван аймаг, 36 сумын 100 жилийн ой давхцаж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн замуудад тухайн аймгуудын байнгын пост дээр нэмэгдээд төвөөс 100 гаруй алба хаагчийг хөдөлгөөнт хэлбэрээр 100-200 км тутамд байршуулж, хяналт шалгалт хийн, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллагаас хийж байна.
-Зам тээврийн ослын шалтгааны дийлэнхийг буруу рультэй автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ гаргадаг гэсэн. Энэ үнэн юм болов уу?
-Энэ жилийн аяны хүрээнд дөрвөн үндсэн чиглэл рүү зорьж ажиллаж байна. Нэгдүгээрт, орон нутгийн замд гарч буй нийт осол гэмтлийн 70-80 хувийг хурд хэтрүүлсний улмаас автомашин онхолддог. Үүнээс сэргийлсэн хурд хэмжигчүүд ажиллаж байгаа. Хоёрдугаарт, согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддог байдал дээр анхаарч байна. Гуравдугаарт, хамгаалах бүсний хэрэглээн дээр анхаарч байгаа. Дөрөвдүгээрт, гэрэл гэрэлтүүлэх хэрэгсэл. Энэ шалтгаануудаас болж орон нутгийн замд осол гэмтэл нэлээд гардаг учраас анхааран ажиллаж байна.
Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэрэг болон ЦЕГ-т газар эхний хагас жилд бүртгэгдсэн дуудлага мэдээллийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяраас тодрууллаа.
-Нийт улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл эхний хагас жилийн байдлаар 313957 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 147405 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13432 буюу 8.4 хувиар буурсан. Гэмт хэргийн шинжтэй 47905, зөрчлийн шинжтэй 93084 гомдол мэдээллийг шалгасан байна. Эхний зургаан сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 19122 үүнээс Улаанбаатар хотод 13551, орон нутагт 5559, хилийн чанадад үйлдэгдсэн 12 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг улсын хэмжээнд аваад үзвэл 5 хувиар буурсан үзүүлэлт юм. Тодорхой төрлөөр нь авч үзвэл өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 12754 гэмт хэрэг 2022 онд бүртгэгдэж байсан бол энэ онд 12081 гэмт хэрэг бүртгэгдэж 5.3 хувиар буурчээ. Нийт гэмт хэргийн 63 хувийг энэхүү төрлийн гэмт хэрэг эзэлж байна.
-Хулгайн гэмт хэргийн хувьд үзүүлэлт ямар байгаа бол?
-Хулгайн гэмт хэрэг өмнөх онд 3881 бүртгэгдэж байсан бол энэ онд 3286 болж 15 хувиар буурсан. Залилан мэхлэх гэмт хэрэг 6848 бүртгэгдэж байсан бол 6862 бүртгэгдэн 0.2 хувиар өссөн сөрөг үзүүлэлттэй байна. Бусад төрлийн гэмт хэргийн гаралт буурч байхад залилах гэмт хэргийн хувьд өссөөр байгаа. Залилах гэмт хэрэг нийт гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлж байна. Залилах гэмт хэрэг дотроо цахимаар залилах гэмт хэрэг өссөөр байна. Иргэддээ сэрэмжлүүлэхэд цахим орчинд нийтлэгдэж байгаа ташаа мэдээлэлд хэт автахгүй байх, мөнгө зээлнэ, хүүгүй зээл олгоно гэх мэт хуурамч мэдээлэлд автаж цахим хаягаа хакердуулах үзэгдэл их байгаа тул эдгээр үйлдлээс болгоомжилохыг анхааруулж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг НОБГ-ын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа Р.Мөнхбатаас тодруулав.
-Үер усны аюулаас сэрэмжлэхийн тулд Нийслэлийн Онцгой байдлын газар хэрхэн ажиллаж байна вэ?
-Манайх байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Үер усны аюул их байгаа учраас ангийнхаа бэлтгэл бэлэн байдлыг байнга хангуулж чиг үүрэг өгсөн.
-Ямар нэгэн байдлаар үер усны аюулын үед далан сэтэрсэн тохиолдолд элс хайрга, шуудай зэргийн нөөц бэлэн байгаа юу?
-Одоогийн байдлаар далан сэтэрсэн асуудал байхгүй. Шуудай элс хайрганы хувьд нөөц бэлэн байгаа. Түүнийг үүссэн нөхцөл байдлын дагуу хариу арга хэмжээ авахаар тооцоолол гаргачихсан.
-Үер, усны ослын улмаас амь насаа алдах тохиолдлууд гарч байгаа гэсэн танд тоо баримт байна уу?
-Өнөөдрийн байдлаар 31 усны осол тохиолдож, 35 иргэн осолдсон. Үүнээс 11 хүүхэд нас барсан. Сүүлийн гурав хоногт гурван хүн усанд осолдож эндсэн. Усны ослын эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Үүнээс гурван аймгийн гурван суманд гурван хүн эрэн хайж байгаа. Үүний хоёр нь хүүхэд.
-Усархаг бороо, үерийн аюулын үед хэрхэн сэрэмжлэх вэ?
-Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах. Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах. Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих. Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй бай. Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх. Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.