Монгол улс ОХУ-аас хамааралтай эрчим хүчний салбараа бие даалгахын тулд Эгийн голын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах төслийг санаачилж, энэ хавраас дэд бүтэц, талбай чөлөөлөх ажлуудаа эрчимтэй эхлүүлээд байсан. Гэвч геополитикийн хувьд хоёр их гүрний дунд оршдог Монгол улс “хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг нөхцөл байдалд оров бололтой. Учир нь монголчуудын байгуулахаар төлөвлөж байгаа усан цахилгаан станц нь Сэлэнгэ мөрний нэг цутгал болох Эгийн гол дээр баригдах бөгөөд Сэлэнгэ нь Байгаль нуурын гол усан хангамжид тооцогддог тул ОХУ-аас бидэнд хориг тавиад байгаа юм. Үүнээс болоод Монголд байгуулах Эгийн голын усан цахилгаан станцын нэг тэрбумын зээлийг Хятадын тал түдгэлзүүлж байгаа тухай мэдээллийг өнөөдөр Блүүмберг суваг мэдээлжээ. Блүүмбергийн мэдээлж байгаагаар Монгол улс хэрвээ Хятадаас зээл авч чадахгүй бол Япон, Өмнөд Солонгосоос санхүүжилт хайж магадгүй гэжээ.
Харин Москвагийн талаас Улаанбаатартай тохиролцоо хийх арга замыг хайж байгаа. Хэрвээ Монголын тал уг төслийг орхивол Орос улс хямдралтай үнээр эрчим хүч нийлүүлэх санал тавих боломжтой гэж Оросын Байгалийн Нөөц, Хүрээлэн байгаа Орчны яамны эх сурвалж мэдээлсэн байна.
Б.НАРАН