Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлсэн. Боловсролын үнэлгээний төвөөс энэ оны ЭЕШ-ын шинээр гарсан дүрэм, өөрчлөлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэв. Бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хугацаа сунгахгүй гэнэ шүү.
Бүртгэлийн үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат ийнхүү мэдээллээ.
Бүртгэлийн системийг энэ жил хүүхдүүдэд хялбар болгохын тулд хэд, хэдэн өөрчлөлт орсон. Үүний нэг нь БСШУЯ-ны мэдээллийн нэгдсэн системийн сервертэй бүртгэлийг холбосон. Тухайн шалгуулагч регистрийн дугаараа оруулахад өөрийнх нь хувийн мэдээллээс гадна шалгалттай холбоотой бүх шаардлагатай мэдээллүүд яамны мэдээллийн нэгдсэн цэгээс автоматаар гарч ирнэ. Үүний дагуу хүүхдүүд өөрсдийнхөө хувийн мэдээллийг зөв буруу эсэхийг шалган бүртгэлээ баталгаажуулна. Хувийн мэдээлэл буруу байвал заавал БҮТ-д очих шаардлагагүйгээр сургуулийнхаа сургалтын менежер эсвэл ангийн багшдаа хандан мэдээллийг засах боломжтой. Мөн шалгуулагчид бүртгүүлснийхээ дараа дахин шинэ хичээл нэмэх бол манай цахим хуудасны шалгуулагч гэсэн буланд орж хүссэн үедээ, хэдэн ч удаа өөрсдөө нэмж болно. Бүртгэлийн хураамж өмнөх жилтэй адил нэг хичээл 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Энэ жил Монгол хэлний шалгалтад босго оноо байхгүй. Гэхдээ заавал Монгол хэлний шалгалтаа өгч байж ерөнхий шалгалт өгөх, их дээд сургуульд орох боломж нээгдэнэ. Монгол хэлний шалгалтын дүн оноо долдугаар сарын 1-нд ерөнхий шалгалтын адил есөн цаг гэхэд гарна. Ерөнхий шалгалтын батламж хуудас, Монгол хэлний шалгалтын батламж хуудсыг тус тусад нь олгоно. Эдгээр батламж нь дээд сургуульд ороход бүрдүүлэх гол бичиг баримтын нэг юм. Сүүлийн хоёр жилд туршилтын журмаар авч байсан монгол, англи, орос хэлний хичээлийн шалгалтын сонсголын даалгаврыг энэ жил үндсэн дүн оноонд оруулж өгч байгаа.Энэ нь хүүхдүүдийн чадварыг шалгахад олон улсын стандартад дөхөж буй хэрэг юм. Улсын хэмжээнд нийт шалгалтын 50 байр бий. Эдгээр байруудыг шаардлагын дагуу тоног төхөөрөмжөөр тоноглох ажил ид өрнөж байна. Шалгалт авах байранд хяналтын камер, сүлжээ сарниулагч, металл илрүүлэгч багаж, сонсох төхөөрөмж зэргийг байршуулна. Нэг и-мэйл хаяг дээрээс олон хүүхэд бүртгэж болдог байсныг өөрчлөн нэг хүн нэг л хаягаар бүртгүүлэхээр болсон. Ингэснээр мэдээлэл буруу очдог явдал зогсоно. Сүүлийн үед интернетээр тарааж байгаа их, дээд сургуулийн мэдээллүүд нь албан ёсны биш байгааг анхаарах хэрэгтэй” гэв.
Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг 75779498 гэсэн лавлах утаснаас 24 цагийн турш аваарай.