Энэ сарын 12-нд Замын-Үүд боомтоор хар тамхи нэвтрүүлсэн иргэдийг саатуулжээ. Тодруулбал, Эрээнээс орж ирсэн иргэн Б нь 70 гр нунтаг цагаан бодис авчирчээ. Түүнийг нь хүү Н нь А, Д нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дахь нэгэн цэнгээний газарт борлуулж байгаад тагнуул, цагдаагийнханд баригджээ.
Одоогоор ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд ээж, хүү хоёрыг найзуудтай нь хамт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр тэд ашиг олох зорилгоор дээрх хэмжээний мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болохыг тогтоосон гэнэ.
Сэжигтэн Н нь ШШГЕГ-ын харьяа Хонхор дахь Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангид хоригдож байхдаа мансууруулах бодис хууль бусаар олж авч, хэрэглээд баривчлагдсан хүмүүстэй танилцаж, тэднээс хар тамхи хилээр оруулж ирэн борлуулбал ашигтай гэсэн ойлголттой болсон аж. Улмаар ээжийгээ явуулж авчруулсан гэх мэдээлэл бий. ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн дангаараа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцээд хүчрэхгүй байгаа. Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь Гаалийн газрынхан өнгөрсөн сарын 23-нд хамтарсан шалгалт явуулж, Бээжингээс “мөс” оруулан ирж байсан, Улаанбаатар хотын харьяат А, Д нарыг илрүүлэн шалгаж байна. Өдгөө А, Д нарын бүлэг, Б, Н, А, Д нарыг Эрүүгийн хуулийн 188.2, 192.2-т зааснаар сэжигтэн, яллагдагчаар тооцоод байгаа юм.