“Монголын эдийн засгийн форум-2016” энэ сарын 30, 31-нд болох гэж байна. Форумын талаар “Монголын эдийн засгийн форум” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Лакшмитай ярилцлаа.
Дэлхийн томоохон компаниудад ажиллаж байгаа монголчуудаас “Эдийн засгийн форум”-ын тусгай салбар хуралдаанд оролцоно гэж сонслоо. Ямар улсаас, ямар ямар компаниудад ажилладаг хүмүүс ирэх гэж байгаа юм бол?
-АНУ-д ажилладаг монголчуудыг оролцуулах талаар АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамныхантай хамтарч ажиллаж байна. Тэд нийлээд нэг салбар хуралдаан хийх юм. Ихэнх нь мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг хүмүүс байгаа. “Google”, “Facebook”, “Yahoo”-д ажилладаг залуус. Биотехнологийн чиглэлийн хүмүүсийг ч урьсан. Монголчууд гадаадын том лабораториуд, генетикийн салбарт бас олноороо ажилладаг. Гадаадын том компаниудад ажиллах боломжтой гэдэг талыг нь чухалчлах гээгүй юм. Монгол хүний оюуны чадамж дэлхийд өрсөлдөхөөр шүү, зарим салбараа дэлхийн хэмжээнд хөгжүүлэх хүний нөөц нь бидэнд бий гэдгийг харуулахыг зорьж байна. Гадаадад ажилладаг монголчуудын салбар хуралдаанд оролцох хүмүүсийн дийлэнх нь мэдээллийн технологи чигийнх учраас энэ салбарыг Монголд хэрхэн хөгжүүлэх боломж, гарцыг хайна. Дэлхийн мэдээллийн технологийн том компаниудад монголчууд ажилладаг нь энэ салбарыг Монголдоо хөгжүүлэх том боломж гэж харж байгаа. Мэдээллийн технологийн салбараа зөв дэмжээд хөгжүүлээд явчихвал алсдаа экспортоос их мөнгө олох боломж ч бий. Импортыг орлох бүтээгдэхүүн гэсэн яриатай би хувьдаа санал нийлдэггүй. Манайх шиг гуравхан сая хүнтэй зах зээлд импортыг орлоод байх шаардлагагүй. Экспорт л хэрэгтэй. Гадаадад хямд үйлдвэрлэж байгаа юмыг дотооддоо үйлдвэрлэх гэж зүтгээд ашиг өгөхгүй. Тэгэхээр Монголдоо нэмүү өртөг шингэсэн, дэлхийд илүү эрэлттэй зүйл үйлдвэрлэх хэрэгтэй. Ингэж байж уул уурхайгаас хараат байдлаас гарч чадна. Мэдээллийн технологи бол өөр. Элдэв хөрөнгө оруулалт шаардлагагүй. Зөв дэд бүтцийг, хөшүүргийг нь бий болгоод өгчихөд л цаашаа хөгжөөд явчих боломжтой салбар.
-“Google”, “Facebook”-т ажилладаг монголчууддаа боломжийн цалин өгөөд ажиллуулбал IT-гийн салбарыг дэлхийд гэж яригдахаар хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа байх нь ээ?
-Гадаадад мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг монголчууд байна гэдэг хүний нөөц талаасаа том боломж. Авдаг цалинг чинь өгье, эх орондоо ажиллаач гэхэд хэн нь ч үгүй гэхгүй. Мэдээллийн технологийн чиглэлээр гадны том компаниудад ажилладаг зочдоороо энэ чигийн сургуулиудад лекц уншуулахаар төлөвлөж байна. Мэдээллийн технологийн чиглэлээр сурах ямар хэрэгтэй, боломжтой гэдгийг нь ойлгуулъя. Эдийн засгийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудал бол мэргэшсэн боловсон хүчин. Хэт алсын зүйл ярихаас илүү цаг алдахгүй ашгаа өгөхөөр бодитой боломжтой зүйлд анхаарах цаг болсон. Сүүлийн үед үйлдвэрлэлийн бүх салбар ухаалаг горимд шилжиж байгаа. Ийм үед мэдээллийн технологи чиглэлээр сураад бүх л салбарт ажиллах боломж бий гэдгийг бас харуулахыг зорьж байна.
-Гаднаас ямар хүмүүс оролцох вэ, томоохон экспертүүд ирнэ гэсэн сураг байсан…?
-Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн дарга форумд үг хэлж оролцоно. Дэлхийн төрийн өмчит компаниудын засаглалыг харьцуулж гаргадаг судалгаа хийдэг Байгалийн баялгийн засаглалын институт гэж байгууллага бий. Энэ байгууллагын ерөнхийлөгч форумд оролцож үг хэлэхээс гадна олон нийтэд нээлттэй лекц уншина. Хувь хүн нь их сонирхолтой. Дэлхийн банкинд өмнө нь ажиллаж байсан хүн л дээ. Ажиллаж байхдаа засаглалын үзүүлэлтүүдийг нь боловсруулж гаргасан юм. Монголын хувьд засаглалын асуудал, индикаторууд нь сонирхолтой санагдаад байгаа юм. Сүүлийн үед энэ хүн авлигын талаар их ярьж байгаа. Бас ОУСК-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал оролцоно. Бусад зочдын хувьд одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга байна.
-Төр компаниудын бизнес рүү орж, хувийн хэвшлийнхнээ хүнд байдалд оруулаад байна гэсэн шүүмжлэл хүчтэй сонсогддог. “Эдийн засгийн форум” энэ сэдвийг хөндөнө гэсэн, бизнесүүд төр засгийнхантай хамт оролцох уу?
-Төр засаг, бизнесийн зааг нь ямар байх талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн. Мэдээж төр засгийн төлөөлөл, бизнесийнхэн хамт суугаад энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Төр засаг бизнесийнхэнтэй өрсөлдөөд байгаа нь бодит үнэн болчихоод байна. Зүй нь төр хувийн хэвшлийнхэнд бизнесийн өрсөлдөх орчныг нь бий болгож өгөөд зах зээлийн жамд нь даатгаад орхих ёстой юм. Тэр зааг нь хаана байх вэ, хэн тогтоох юм гэдгийг онцолж ярихаар төлөвлөсөн. Төр компаниудтайгаа өрсөлдөөд байгаагийн наад захын жишээ гэхэд л ТОСК байна. Үнэгүй газар дээр, төрөөс өгсөн мөнгөөр дэд бүтэц татуулаад барилга бариулаад худалдан авагч буюу төрийн албан хаагчдад онцгой нөхцөлөөр зарахаар хувийн компаниуд хэцүү байдалд орох нь ойлгомжтой. Хувийн хэвшлийнхэн газраа үнэтэй авна, дэд бүтцээ их мөнгөөр татна, барилгаа зардал ихтэй босгоно. Байр барьсан мөнгө нь банкны чамгүй хүүтэй зээл. Ийм өндөр зардлаар боссон барилгаа ТОСК шиг хямдхан зарвал дампуурч таарна. Зах зээлийн эдийн засгийн зарчимд үл нийцэх байдлыг бий болгож байгаа гаж тогтолцоо. Бизнесийнхэн энэ мэт тулгараад байгаа асуудлаа форумын үеэр ярих боломжтой.
-Энэ жилийн форумаар өөр ямар асуудлуудыг хөндөх вэ?
-Энэ жилийн форум “Сургамж, сорилт шийдэл” гэсэн уриан дор болох юм. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжээд 25 жил болж байна. Ерээд онд эдийн засаг хүнд байсан. 2000 оноос л эдийн засаг өсч эхэлсэн. Эдийн засаг өссөн сүүлийн 15 жилд бид их юм үзсэн. Уул уурхай өсч, буурахыг харж мэдэрлээ. Энэ хугацаанд ямар алдаа хийв, оноо нь юу байв, одоо ямар асуудал тулгарч байна, асуудлаа яаж шийдэх вэ гэдэг дээр төвлөрч хэлэлцүүлэг өрнүүлье гэж зорьж байна. “Монголын эдийн засгийн форум” сүүлийн хоёр, гурван жилд хууль эрх зүйн орчны талаар их ярьж байгаа. Өнгөрсөн жил гэхэд л Арбитрын асуудлыг онцолсон. Бас зээлжих зэрэглэлийг хөндсөн. Энэ жилийн хувьд “Хуульчдын өрсөлдөх чадвар” гэсэн сонирхолтой сэдэв орж ирж байна. Хуульчид гэхээр зөвхөн өмгөөлөгч биш, шүүгч прокурор гээд шүүхийн бүх байгууллагынхан хамрагдаад явчихаж байгаа юм. Энэ хүмүүс эдийн засгийн хөгжлөөсөө хоцрогдчихоод байна. Олон улсын нэр томьёо, олон улсад хэрэглэдэг аргачлалуудаа мэддэг хүн тун цөөхөн гэхэд хийлсдэхгүй байх. Уг нь даяарчлагдаж байгаа ийм үед дэлхийтэйгээ хөл нийлж алхах ёстой. Өнөөдөр хуульчдын тун цөөхөн нь л олон улсын түвшинд ажиллаж байна. Гэрээ байгуулах асуудал дээр гэхэд л ямар байгааг нь Оюу толгойн жишээ харуулдаг. Энэ гэрээг зөв, буруу хийсэн гэх маргаан өнөөдөр ч тасраагүй байгаа. Гадаадынхан манайд ажиллахдаа гэрээ хэлцэл хийхдээ олон улсын хуулийн компаниудтай хамтардаг. Тэдэнд мөнгө төлж үйлчлүүлдэг. Тэгэхээр олон улсад өрсөлдөхийн тулд, тэдэнтэй харилцан ашигтай харилцахын тулд хуульчдаа чадваржуулах хэрэгцээ бий.
-Ер нь өнгөрсөн жилүүдэд “Эдийн засгийн форум” монголчуудад юу өгсөн гэж та боддог вэ?
-Монголын эдийн засгийн форум энэ оны хувьд долоо дахь жилдээ болох гэж байна. Анх зохион байгуулсан шалтгаан нь их энгийн. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэр л дээ. Төр засаг, иргэний нийгэм, бизнес, олон улсын байгууллага гээд олон талын оролцоо хангасан индэр бий болгоё, энэ индэр нь форум байя гэсэн зорилгоор эхлүүлсэн арга хэмжээ. Эдийн засгийн форумын үеэр хэлэлцүүлэг өрнөдөг. Манайхан хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдгээ сайн ойлгохгүй байна л даа. Энд тэндэхийн арга хэмжээнд очихоор тулгамдсан асуудлуудаа ярьдаг ч шийдэл нь сонсогддоггүй. Шийдэл, гарц нь юу вэ гэдгийг хэлчих хэрэгтэй байгаа юм. Форумын гол онцлог ерөөсөө энэ. Асуудлаа хэлэлцдэг, шийдэл, гарцыг нь бас гаргадаг. Нөгөө талаас “Эдийн засгийн форум” бол төрийн бус байгууллага. Тэр утгаараа шийдвэр гаргах түвшний эрх бүхий байгууллага биш. Нэг төрийн бус байгууллагаас юу хийв гэж асуух биш, УИХ-аас, эрх мэдэлтэй, шийдвэр гаргадаг хүмүүсээс ингэж асуувал илүү үр дүнтэй л дээ. УИХ-аас сонгуульт жилдээ юу хийв гэвэл тодорхой хариу сонсоно. Жишээ нь “Эдийн засгийн форум дээр та энэ асуудлыг ингэж шийднэ гэж амласан, тэр юу болсон бэ” гэж шийдвэр гаргагчдаас асуувал илүү бодитой хандлага болно.