Categories
мэдээ эдийн-засаг

​Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар валютын ханш, шатахууны үнийг тогтвортой барих чиглэл өглөө

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн, Бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус сонссон юм. Үүнтэй холбогдуулан “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Дамба-очир танилцууллаа. Шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар ажиллажээ. Ажлын хэсэг 2 удаа хуралдан шийдвэрийн төслийг заалт нэг бүрээр хэлэлцэн, боловсруулсан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Сангийн яамны зүгээс татваруудыг тэглээд дуусч байна. Шатахууны өсөлтөд өөр авах арга хэмжээ байхгүй гэж хэлдэг. Монголбанк шатахууны үнийг тогтворжуулах тал дээр юу хийж байгаа вэ. Үнийг тогтворжуулахын тулд шатахуун импортлогч компаниудад нь мөнгийг нь өгөлгүйгээр Орос руу төлбөр тооцоог нь хийж шатахууны үнийг барих боломж бололцоо хэр байна вэ. Уул уурхайн яамны зүгээс шатахууны үнийг барьж чадахгүй гэдгээ хэлсэн байдаг. Гэтэл Оросын талаас үнээ нэмнэ гээд зарлачихсан. Энэ асуудалд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариулт өгнө үү.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “2012-2016 онд Монголбанк Үнэ тогтворжуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд Дэлхийн банкны захиалгаар гаднын аудитын компани шалгалт хийгээд дуусч байгаа. Тайлан мэдээ энэ долоо хоногт бэлэн болсны дараа байнгын хороонд танилцуулах болно. ОУВС-гаас бидэнд тавигдаж байгаа үндсэн шаардлага нь Монголбанк төсвийн шинжтэй аливаа үйл ажиллагаа явуулахаа зогсоох ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Нэгэнт бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихсан байгаа учраас хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Нөхцөл байдал ийм байгаа. Хэрэв УИХ, Засгийн газраас чиглэл өгөх юм бол бид аливаа үйл ажиллагаанд оролцохгүй гээд хойш суухгүй. Төвбанкны тухай хуулиар Монголбанк Засгийн газар болон банкуудтай харилцах учиртай. Бид хоёр үндсэн харилцагчтай. Засгийн газар аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн хэрэгцээ шаардлагатай байгаа бол асуудлаа тавиад Төвбанкнаас өрийн бичиг гаргаад эх үүсвэр авах бололцоотой. Энэ бол хуулиараа нээлттэй. Мөн арилжааны банкуудаар дамжуулж авах боломжтой. Тийм учраас Засгийн газар тодорхой чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Валютын ханшийн өсөлтийг Монголбанк барьж чадахгүй. Тийм учраас шатахууны үнэ савалгаатай байгаа юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “УИХ-аас Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг жил бүр батална гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ дагуу л баталдаг. Бид энэ тогтоолыг хэрэгжүүлэх гэж Монголбанкны 500 гаруй ажилчид өдөр, шөнөгүй зүтгэж байгаа. Бид тайлангаа Эдийн засгийн байнгын хороонд тогтмол ирүүлдэг. Монгол төрийн төлөө бид зүтгэж байна. УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхийн төлөө бид зүтгэж байгаа. Тиймээс гишүүдийг энэ талаас нь бүү яриасай гэж хүсч байна. Ханшийн өсөлтийн асуудал дан ганц манай улсын асуудал биш болсон. Дэлхий даяар ханш өсөж байгаа. 174 оронд судалгаа хийж үзэхэд 142 улсад ханшийн өсөлт гарсан. Бид оны эхнээс 5.7 хувийн ханшийн сулралттай байна. Бид боломжоороо ажиллаж байгаа. Мөн том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаан ам.долларын өсөлтөд нөлөөлж байна. Энэ бол богино хугацааны үйл явц биш шүү гэдгийг Хятадын ардын банкны Ерөнхийлөгчийн амнаас сонслоо. Бид үүнд бэлтгэлтэй байж валютын нөөцтэй байх ёстой. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа 5.5 тэрбум ам.долларыг манай улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж өгч байгаа мөнгө болохоос биш үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг барих мөнгө биш шүү гэдгийг ОУВС бидэнд сануулсан. Бид боломжоороо интервенци хийж байгаа. Оноос хойш өнөөг хүртэл 750 сая ам.долларын интервенци хийгээд байна. Он дуустал үлдсэн хугацаанд нийтдээ тэрбум ам.доллар орчим интервенци хийгдэхээр байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан сүүлийн үед валютын ханшийн өсөлтийг дэлхийн бусад улс орнуудтай харьцуулж өөрийгөө өмөөрөх болсон. Тэгж болохгүй л дээ. Бид дэлхийн ихэнх оронтой чөлөөтэй худалдаа хийж байгаа. Гэвч худалдааны тэнцэл нь эерэг бараг гараагүй.

Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Уг тогтоолоор валютын ханшийг тогтворжуулах асуудлаар

– Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах төлөвлөгөө гаргах,

– Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн ерөнхий төлөв, тэдгээрийн уялдааг тогтмол судалж, дүгнэлт гаргаж Байнгын хороонд танилцуулах,

– Гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн асуудал хариуцсан Засгийн газрын одоогийн бүтцийг илүү үр дүнтэй ажиллуулах,

– Гадаад, дотоод худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох,

– Дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох ажлыг эхлүүлэхийг Засгийн газар, Монголбанкинд чиглэл болгожээ.

Шатахууны хангамж, чанар, стандарт, үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Дорноговь аймгийн нутагт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Байнгын хороонд товлосон хугацаанд танилцуулах, газрын тосны зарим төрлийн бэлэн болон завсрын бүтээгдэхүүнийг татвартай болгох, шатахууны экологийн ангилал, импортолж байгаа боомтоос хамааруулан татварыг ялгавартай тогтоох, шатахууны үнийн огцом хэлбэлзлийг ОАТ-ын хувь хэмжээгээр тухай бүр шуурхай зохицуулах зэрэг асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар чиглэл болгожээ. Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, экологийн өндөр ангилал бүхий санар, стандартын шаардлагад нийсэн шгатахууны үнийн хөнгөлөлт үзүүлэх асуудлаах хэлэлцэх, шатахуун импортын олон талт эх үүсвэртэй байх бодлого баримтлах зэргийг Байнгын хорооны дээрх тогтоолд тусгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *