Categories
мэдээ нийгэм

ЕБС-уудад байгалийн ухааны хичээлийн лаборатори нийлүүллээ

Япон Улсын Засгийн газраас Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны хичээлд хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүлээлгэн өглөө. Лабораторид бага, дунд ангийн байгалийн ухааны хичээлд зориулагдсан тус бүр 10 нэр төрөл бүхий 2 багц, нийт 700 гаруй сая төгрөгийн өртөг бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд багтсан юм. Өнгөрсөн хичээлийн жилд Шинэчлэлийн Засгийн газраас “Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд ерөнхий боловсролын 100 сургуульд дэлхийн жишигт нийцсэн физик, химийн лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн. Цаашид БШУЯ-аас бүх сургуулийг хамгийн сүүлийн үеийн лабораторитой болгох зорилт тавин ажиллаж байна.

Япон Улсын Засгийн газар 200 сая иенийн буюу 2 сая гаруй ам.долларын Төслийн бус буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэж, манай тал энэхүү тусламжаар эмнэлгийн тоног төхөөрөмж, сургалтын тоног төхөөрөмж  авахаар Японы талтай тохиролцон Ноот бичигт гарын үсэг зурсан билээ. Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламж нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг дэмжих, гадаад төлбөрийн балансын алдагдлыг багасгах, нэн яаралтай импортлох шаардлагатай бараа материалыг худалдан авахад нь зориулж олгодог буцалтгүй тусламжийн хэлбэр юм.

Энэхүү тусламжийг Монгол Улс 1991 оноос хойш нийт 10 гаруй удаа хүлээн аваад байгаа, эдгээр тусламж нь Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжихэд учирсан хүндрэл бэрхшээлийг даван туулах, манай орны эдийн засгийн бүтцийг сайжруулах, гадаад худалдааны алдагдлыг бууруулахад чухал дэмжлэг болж ирсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *