Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” аяны хүрээнд тус аймгийн 15 сумын 21 ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч нартай “Зангиагүй уулзалт” ярилцлагыг зохион байгууллаа. Тус уулзалт ярилцлаганд холбогдох төрийн байгууллагын дарга, мэргэжилтнүүд оролцож ерөнхий боловсролын сургуулиудад тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар харилцан санал бодлоо солилцов.
Үерийн улмаас сургуулийн эдэлбэр газрын хөрс бохирдсон, сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол болон үдийн цайны нэг хүүхдэд ногдож буй төсөв нь хүүхдийн хоногт хоол хүнснээс авах илчлэг, нормыг хангахад хүрэлцдэггүй, гал тогоо, дотуур байранд тоног төхөөрөмж дутагдалтай, дотуур байрны мэргэжлийн багш, эмч, үйлчилгээний ажилтны орон тоо хүрэлцээгүй зэрэг асуудлууд хөндөгдөж, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцжээ.
Улмаар санал хүсэлтийг холбогдох газруудад хүргүүлэх, гарч буй асуудлыг шат дараалан шийдвэрлүүлэх, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.