Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леон улсад дэгдсэн эбола вирусээр амиа алдсан иргэдийн тоо 5100-д хүрсэн гэж ДЭМБ-аас мэдээллээ. Өнгөрсөн баасан гаригт амиа алдсан иргэдийн тоо 4902 байсан юм. Ийнхүү дөрөв хоногийн дотор тус вирусээр 200 орчим хүн амиа алдсан гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
ДЭМБ-ын захирал Маргарет Чан “Халдвар авсан хүмүүсийн 87 хувь нь амиа алдсан. Вирусын халдвар авсан хүмүүсийн 250 орчим нь эмч, сувилагчид. Тиймээс халдварын бүсэд ажиллаж буй эмч, сувилагчдын тоо эрс багассан нь халдвар хүрээгээ тэлж буйн гол шалтгааны нэг. Өнгөрсөн долоо хоногт Либерид халдвар авсан хүмүүст эмчилгээ хийж байсан таван эмч эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. 400 өвчтөнд 2-3 эмч, 7-9 сувилагч ажиллаж байна” гэж хэлжээ. Өнөөдрийн байдлаар эболагаар 10121 хүн халдвар аваад байна.
ДЭМБ-ын шинжээчид эболагийн анхны тохиолдол бүртгэгдсэн Мали улсад очиж, нисэх болон гал тэрэгний буудал, автобус зэрэг олон хүнтэй нэгэн зэрэг харьцдаг үйлчилгээний ажилчдаас шинжилгээ авч эхэлсэн байна.