Categories
гадаад мэдээ

ЕАБХАБ-ын гишүүн, түнш улсууд Базельд чуулав

Швейцарийн Холбооны Улсын Базель хотноо болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Сайд нарын зөвлөлийн 21 дүгээр уулзалтад Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцов.

Тус байгууллагын гишүүн 57 улс, хамтын ажиллагааны түнш 11 улсаас гадна НҮБ, Европын Холбоо, НАТО зэрэг олон улсын болон бүс нутгийн 10 гаруй байгууллага чуулж буй энэхүү уулзалтын бүгд хуралдаанд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг үг хэлж, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниер, ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал Михаэл Георг Линк, Серби, Австрийн төлөөлөгчдийн тэргүүнтэй уулзаж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаас гадна хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Евроазийн бүс нутгийн тогтвортой байдалд занал учруулж буй уламжлалт бус аюул хийгээд олон улсын терроризмын асуудлыг тусгайлан хэлэлцэж байгаа энэ удаагийн уулзалтаар зэвсэг хураах, хүнийг тарчлааж, хүнлэг бусаар залхаахыг хориглох, гамшгийн эрсдэлийг бууруулах, авилгатай тэмцэх, Хельсинки+40 үйл явцыг үргэлжлүүлэх, Украйныг тойрсон хямралыг шийдвэрлэх, жендерийн тэгш байдлыг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ЕАБХАБ-ын үйл ажиллагааны 2004 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах зэрэг олон асуудлыг хэлэлцэн төгсгөлийн баримт бичгүүдийг батлахаар төлөвлөж байна.

ЕАБХАБ-ыг 2014 онд даргалж буй Швейцарийн Холбооны Улсын халааг 2015 онд Бүгд Найрамдах Серби Улс, 2016 онд ХБНГУ, 2017 онд Бүгд Найрамдах Австри Улс авах аж.

Монгол Улс ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны түнш улсаар 2004 онд, 2012 онд 57 дахь гишүүн буюу оролцогч орноор нэгдэн орсон болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *